Дээлтэй Монгол Наадам 2025
2025 оны 7-р сарын 8-нд 19 дэх удаагийн Дээлтэй Монгол Наадам зохион байгуулагдаж үндэсний соёл уламжлалын баярыг тэмдэглэлээ.
“Дээлтэй Монгол” наадмын үеэр шилдэг дүүрэг, аж ахуйн нэгж байгууллага, дээл урлаач, хамгийн сайхан дээлтэй гэр бүл, оролцогч, Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч, хамгийн сайхан дээлтэй хүүхдийг тус тус шалгаруулсан. Мөн энэ үеэр үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болохоос гадна хүүхэд, залуучуудад зориулсан орчин үеийн хамтлаг дуучдын тоглолтыг зохион байгуулжээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, Монголын Аялал жуулчлалын холбоо болон “Монгол костюмс” төв хамтран “Дээлтэй Монгол” наадмыг зохион байгуулсан байна.
Энэ баярт Монголын олон ястны төлөөлөл хувцастай иргэдээс гадна АНУ, Австрали, Герман, Өвөр Монголын иргэд монгол хувцсаар гоёж оролцлоо.