Jump to content

Дөрвөн улирал хоёр амраг (дуу)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

“Дөрвөн улирал хоёр амраг” дууны аяыг Монголын анхны поп-рок гитарчин, ТШ, МУУГЗ хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүх 1972 онд 24 насандаа зохиожээ. Энэ дуу 2019 онд Монголын анхны цахилгаан хөгжмийн “Баянмонгол” чуулга байгуулагдсны 50 жилийн ойг тохиолдуулан эстрадын урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж төр соёрхоход МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигт дурдагдсан тус чуулгын бүтээлүүдийн нэг юм.

Дуу төрсөн тухай зохиогчийн дурсамжаас

[засварлах | кодоор засварлах]

1972 он гараад Мэдээлэл Радио Телевизийн Улсын хорооны цахилгаан хөгжмийн чуулга бүрэн бүрэлдхүүнээрээ Улсын филармонид шилжиж очоод эстрадын “Баянмонгол” чуулга гэдэг нэр авсан. Нэр аваад манай чуулгынхан зүүн гурван аймагт тоглолтоор явсан. Хөдөө явахдаа манайхан хамгийн сүүлд Радиогийн гаднаас хөдлөхөд Дарамын Батсүрэн манай автобусанд орж ирж суусан. Дотроо би гайхаад “Энэ Радиогийн хүн одоо яах гэж байгаа юм бол доо” л гэж бодож байлаа. Тэгсэн харин надтай хамтарч уран бүтээл хийх гэж явсан нь тэр юм билээ. Д.Батсүрэн "Намайг хөгжмийн зохиолч" гэж байна.

Тэр үед би гитар л тоглоно, өөрт сонсогдсон аяа гитарын гоцлол болгож тоглоод явдаг, түүнээс ноот бичиж мэдэхгүй, “хөгжмийн зохиолч” гэж дуудуулахаас эмээдэг байсан. 1969 онд “Цэнхэр залаа”-г гарснаас хойш манай аав, манай багш нар (Радиогийн Т.Чимэддорж, филармонийн Ц.Намсрайжав) намайг “Хөгжмийн сургуульд яв” гэнэ, би бол гитараа л тоглоод явж байвал боллоо гэж боддог байлаа.

Батсүрэн надад нэг их урт үгтэй шүлэг өглөө. Тэр шүлэг нь эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн мөртэй харилцаа дуу гэхээр нэг бадаг нь найман мөртэй байсан. Хайртай дотно хосын харилцан яриа маягаар хийгдсэн тэр шүлэг надад хосын хайрыг, сайхан хайрыг санагдуулсан. Уншихад л ая ороод ирсэн. Ая хийгээд “Дараагийн бадгийг нь” гэхэд Д.Батсүрэн (шууд зохиосон шиг санадаг юм) дор нь бичээд өгсөн. Автобусанд цуг явсан Х.Галхүү, Л.Оюунчимэг хоёр дуулж, манайхан хөгжимдөөд дуу замд бэлэн болж эхэлж очсон аймгийнхаа тайзан дээр шууд дуулагдсан. Үзэгчид маш сайхан хүлээж авсан. Биднийг зүүн гурван аймгаар тоглоод ирэхэд биднээс түрүүлээд хот ороод ирсэн байсан дуу байгаа юм.

Энэ бол эрэгтэй эмэгтэй дуучид хоёр өөр өнгөн дээр, хоёр өөр аяар дуулдгаараа шинэлэг болсон Монголын эстрадын анхны "поп" дуэт дуу юм.  

Шүлэг: Д.Батсүрэн

Хөгжим: С.Баатарсүх

ДӨРВӨН УЛИРАЛ ХОЁР АМРАГ

Эр: Хөвөн зөөлөн цасан ширхэг

Хацар дээр чинь буулаа, хайрт минь.

Хүйтэн цасан хайрав уу гэтэл

Хайлан ууслаа, хонгор минь.

Эм: Тасын даль шиг хөмсгөн дээр чинь

Хашийн ширхэг буух гэж байсан юм

Хайртай чиний наран сэтгэлд

Хайлаа биз ээ, хонгор минь.

Эр: Харсаар суутал галзул цэцэг

Хажуу дэргэд ургалаа, хайрт минь.

Ханьхан чамдаа барьюу гэтэл

Хайран байлаа, хонгор минь.

Эм: Үндэс мөчир нэгэн амьтай

Үеийн биднүүс ялгаа нь үгүй

Ааваас ээжээс өвлөж төрсөн

Аашийн сайхан, хонгор минь

Эр: Эрсэн цэцгээ мартсан эрвээхэй

Эрхэлж чам дээр суулаа, хайрт минь.

Энхрий чамдаа хэльюү гэтэл

Эргээд нислээ, хонгор минь.

Эм: Халиун ягаан цэцгийн тоосыг

Хонгор чамд минь авчраа байлгүй

Намуун байгалийг бидэнд үлдээж

Наадан одлоо, хонгор минь

Эр: Мөнхийн дулаан алсыг зорин

Хунгийн цуваа буцлаа, хайрт минь.

Сүүдэр сунах алтан тал дээр

Шүүдэр буулаа, хонгор минь.

Эм: Сүргээс үлдсэн сүүлчийн хунгийн

Мөнгөн далиас буусан юм, хайрт минь.

Эсэн дэлхийн жамыг дагаад

Эргээд ирнэ ээ, хонгор минь.

  1. Эх бичлэг: УФ-ийн "Баянмонгол" чуулга хөгжимдөж дуучин Х.Галхүү, Л.Оюунчимэг нарын хамтран дуулсан [1]
  2. Дууны сover хувилбарууд:
    • Ж.Чингис & Э.Минжинсор [2]
    • О.Анхбаяр & Б.Халиун [3]