Европа Клипер
Европа Клипер (өмнө нь Европа олон удаагийн ойртолтын хөтөлбөр гэж нэрлэгддэг байсан) нь НАСА-гийн хөгжүүлж буй сансрын хөлөг юм. 2024 оны аравдугаар сард хөөргөхөөр төлөвлөсөн энэ сансрын хөлөг нь Бархасбадь гарагийн дагуул Европаг судлах зорилгоор олон удаагийн ойртолт хийх замаар ажиллана. Энэ нь НАСА-гийн гаригийн судалгааны даалгаврын хувьд урьд өмнө хийгдэж байсан хамгийн том сансрын хөлөг болно.
Энэхүү хөтөлбөр нь Гарагийн шинжлэх ухааны хэлтсийн төлөвлөгдсөн нислэг бөгөөд Стратегийн томоохон шинжлэх ухааны даалгавар хэмээн ангилагдаж, Гарагийн хөтөлбөрийн албаны Нарны системийг судлах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэгдэж байгаа хоёр дахь нислэг юм. Мөн Шинэ Далайн ертөнцийн хайгуулын хөтөлбөрөөс дэмжлэг авч байна. Европа Клипер нь 1995-2003 оны хооронд Бархасбадь гарагийн тойрог замд найман жил ажилласан Галилео сансрын хөлгийн хийсэн судалгааг үргэлжлүүлнэ. Галилео нь Европагийн мөсөн бүрхүүлийн доор далайн ус байгааг илтгэж байсан юм. Европагийн дагуул руу сансрын хөлөг илгээх санаачилга анх Европа Орбитер болон Бархасбадийн Мөсөн Дагуулын Орбитер зэрэг төслүүдээр гарч байсан. Гэвч Бархасбадийн соронзон орноос үүсэх цацрагийн сөрөг нөлөөгөөс болж, Европагийн тойрог замд сансрын хөлөг оруулах нь эрсдэлтэй гэж үзжээ. Тиймээс Бархасбадийн тойрог замд эллипс замаар орж, Европагийн 44 удаагийн ойртолтоор судлах шийдвэр гаргасан байна.
Энэхүү хөтөлбөрийг Jet Propulsion Laboratory (JPL) болон Applied Physics Laboratory (APL) хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд JPL, APL, Southwest Research Institute, Texas-ийн их сургууль, Аризонагийн их сургууль, Колорадогийн их сургуулиас нийлүүлсэн есөн төрлийн шинжлэх ухааны багаж төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Уг хөтөлбөр нь ESA-гийн 2023 онд хөөргөсөн Бархасбадийн мөсөн дагуул судлах хөтөлбөрийг (JUICE) нөхөх зорилготой. JUICE нь Европад хоёр удаа, Каллистод олон удаа ойртолт хийж, дараа нь Ганимед дагуулын тойрог замд орно.
Энэхүү хөтөлбөрийг 2024 оны аравдугаар сард Фалкон Хэви пуужинг ашиглан хөөргөхөөр төлөвлөж, 21 хоногийн хөөргөх цонх гаргасан. Сансрын хөлөг 2025 оны хоёрдугаар сард Ангараг гаригийн, 2026 оны арванхоёрдугаар сард Дэлхийн таталцлын тусламжийг ашиглан 2030 оны дөрөвдүгээр сард Европад хүрэхээр төлөвлөжээ.