Европын Сэргээн Босголт ба Хөгжлийн Банк
Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ, Англи: European Bank for Reconstruction and Development, EBRD) нь 1990 оны гэрээний үндсэн дээр байгуулагдсан. Түүнийг зохион байгуулахад Европын 40 орноос гадна АНУ, Канад, Марокко, Египет, Израйль, Япон, Шинэ Зеланд, ЗХУ, Чехсловак, ХБНЮУ зэрэг улсууд оролцсон бөгөөд ЗХУ, Чехословак, Югослав задарсны дүнд тэдгээрийн хувьцааг шинээр бий болсон улсуудад хуваарилсан. Түүний гишүүнээр Европын орнуудаас гадна ОУВСангийн гишүүн орнууд байх боломжтой. ЕСБХБанкны гол зорилго бол зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа орнуудад болон бизнес эрхлэх санаачилга, хувийн секторыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.
Захирлуудын зөвлөл 23 гишүүнээс бүрдэх ба үүний 11 захирлыг Европын холбоо, Европын хөрөнгө оруулалтын банкаас сонгоно, 4 захирлыг ЕСБХБанкнаас тусламж авах эрхтэй Төв болон Зүүн Европын орнуудаас, 4 захирлыг Европын бус орнуудаас 3 жилийн хугацаатай сонгоно. ЕСБХБанк нь дараах үүргийг гүйцэтгэнэ.
- Хувийн секторын өрсөлдөх чадварыг өргөжүүлэх, боловсрол, бага дунд бизнесийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Хувийн санаачилгыг дэмжих зорилгоор шаардагдах үйлчилгээ болон санхүүгийн хүрээнд үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх
- Төсөл бэлтгэх болон түүнийг хэрэгжүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх
- Үндэсний хөрөнгийн зах зээлийн хөгжлийг урамшуулах
- Хэд хэдэн экспортлогч орон оролцсон эдийн засгийн үр ашигтай төсөлд дэмжлэг үзүүлэх
- Тогтвортой хөгжлийг хангах болон экологийн хүрээний үйл ажиллагааг эрчимтэй явуулах
ЕСБХБанкны удирдах дээд байгууллага нь удирдах зөвлөл ба түүнд оролцогч банк бүрээс хоёр орлогч дарга орно. ЕСБХБанкны бүх эрх хэмжээ зарчмын хувьд удирдах зөвлөлийн онцгой эрх бөгөөд үйл ажиллагааны зарчмын асуудлыг шийдвэрлэнэ. Удирдах зөвлөл нь дараах асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд:
- ЕСБХБанкинд шинээр гишүүн элсүүлэх, гишүүнчлэлийг зогсоох
- ЕСБХБанкны ерөнхийлөгч, захирлууд, захирлын орлогчын шагналын хэмжээг тогтоох
- ЕСБХБанкнаас гаргах дүрмийн санг нэмэгдүүлэх багасгах
- Олон улсын бусад байгууллагатай хамтын ажиллагааны ерөнхий гэрээ байгуулах эрх олгох
- ЕСБХБанкны орлого зарлага ерөнхий тайланг батлах, нөөцийн хэмжээг тодорхойлох, орлого хуваарилах, үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргах
- ЕСБХБанк байгуулах гэрээнд өөрчлөлт оруулах, тайлбар гаргах
Захирлуудын зөвлөгөөний хурал жилд 1-ээс доошгүй удаа болно.