Европын нүүрс ба гангийн нийгэмлэг
Европын Нүүрс ба Гангийн Нийгэмлэг Европын Нүүрс ба Гангийн Нийгэмлэг (European Coal and Steel Community) нь Дэлхийн II дайны дараа Европын нүүрс гангийн салбарыг нэгтгэн хэт үндэстний шинжид тулгуурласан нэгдсэн зах зээлийг бий болгох зорилгоор байгуулагдсан Европын байгууллага юм. Энэхүү нийгэмлэг нь гишүүн улсуудын томилогдсон төлөөлөгчдөөс бүрдэх дээд эрх бүхий байгууллагаар удирдуулж тэд өөрсдийн улсын ашиг сонирхлыг бус харин нийгмийн нийтлэг ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргана гэсэн зарчимд үндэслэж байв. ECSC нь 1951 онд Бельги, Франц, Итали, Люксембург, Нидерланд, Баруун Герман улсууд гарын үсэг зурсан Парисын гэрээгээр албан ёсоор байгуулагдсан бөгөөд Европ дахь Дэлхийн II дайны дараах Европын интеграцчлалын үйл явцын анхны алхам гэж үздэг. Уг байгууллага нь гишүүнчлэл болон чиг үүргээ аажмаар өргөжүүлсний үр дүнд өнөөгийн Европын Холбоо бий болоход хүргэсэн тул орчин үеийн Европын Холбооны өмнөтгөл байгууллага гэж тооцогддог.
Европын Нүүрс ба Гангийн Нийгэмлэгийг анх 1950 оны 5 дугаар сарын 9-нд Францын Гадаад хэргийн сайд Робер Ш/уманы тунхаглалаар санал болгосон бөгөөд энэ өдөр нь Европын Холбоонд Европын өдөр хэмээн тэмдэглэгддэг. Энэ нь Дэлхийн II дайн дууссаны таван жилийн ойгоос нэг хоногийн дараах өдөр байв. Шуман “нүүрс гангийн үйлдвэрлэлийг” хамтад нь нэгтгэх замаар бий болох “үйлдвэрлэлийн эв нэгдэл” нь Франц, Германы хооронд дахин дайн дэгдэхийг “зөвхөн санаанд оромгүй төдийгүй бодитойгоор боломжгүй болгоно” хэмээн мэдэгдсэн байдаг.