Jump to content

Емельян Пугачёв

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Емельян Пугачёв (орос. Емелья́н Ива́нович Пугачёв, 1742 онд Хаант Оросын Воронеж мужид төрж, 1775 оны 1-р сарын 21-нд Москва хотод цаазлуулж нас барсан) — Оросын доны казак, Пугачёвын бослого буюу Хаант Орос дахь "1773-1775 оны Тариачдын дайн"-ы удирдагч.

Емельян бол Доны казак Иван Михайлович Пугачёв, түүний эхнэр Анна Михайловна нарын отгон хүү байв. Пугачёвын гэр бүл Зимовей сууринд удаан хугацаагаар амьдарч байсан бөгөөд овог нь Емельяны эцгийн өвөө Михаил Пугачийн хочоос өвлөгдсөн гэдэг. Том хүү Дементий цэргийн алба хаахаар гэр бүлээсээ эрт явсан. Түүний эгч нар болох Ульяна, Федося нар гэрлэсний дараа гэрээсээ мөн явжээ.

Тэрээр гэрлээд удалгүй цэрэгт явж "1756-1763 оны Долоон жилийн дайн"-д оролцож, граф З.Г.Чернышевын дивизийн бүрэлдэхүүнд алба хааж байжээ. Донын дэглэмийн хээрийн атаман, хурандаа Илья Денисов Пугачёвыг цэргээр авчээ. Емельян Пруссад гурван жил алба хааж байхдаа Торун, Познань, Кобылинд очиж, хэд хэдэн тулалдаанд оролцож, азаар ямар ч гэмтэл бэртлээс зайлсхийж чаджээ.

Оросын III Пётр хаан нас барсны дараа цэргүүд Орос руу буцаж ирэв. 1763-1767 онуудад Пугачёв төрсөн сууриндаа алба хааж байх үед 1764 онд хүү Трофим, 1768 онд охин Аграфена нар төрсөн бөгөөд дараа нь Польш руу алба хаахаар илгээгджээ. 1772 онд өвчний улмаас Дон руу буцаж очоод Оросын эзэнт гүрний өргөн уудам нутгаар тэнүүчилжээ. Түүнийг хэд хэдэн удаа баривчилсан ч тэр болгонд зугтаж чадсан. Ийнхүү 1773 онд Казанийн шоронгоос оргож Яик голд хүрч, алуурчдынхаа гараас мултарч, амьд үлдсэн гэж өөрийгөө нас барсан эзэн хаан Петр Федорович хэмээн зарлав. Ийнхүү Емельян Пугачёвын намтарт нэгэн шинэ бүлэг эхэлжээ. Есдүгээр сард хуурамч эзэн хааны нэрэмжит тунхагийг Яик голын эрэг дээр амьдардаг казакуудын дунд уншиж, ард түмний бослого эхэлснийг зарлав. Босогчдын гол цөм нь хуучин итгэгч казакууд байсан бөгөөд хожим нь Башкирууд, Уралын ажилчид, тариачдын ангиуд нэгдсэн бөгөөд хожим нь Емельян Пугачёвын армийн дийлэнх хэсгийг бүрдүүлжээ.

Үүний дараа босогчдын хүчнүүд Уралын нуруунаас Ижил мөрөн хүртэлх өргөн уудам нутаг дэвсгэрт тулалдаж эхлэв. Оренбургийг бүсэлсэн ч ялагдал хүлээсний дараа Пугачёв Урал руу ухарчээ. Уралаас Емельян цэргүүдээ Ижил мөрөн рүү чиглүүлж, Казань хотыг эзлэн авч шатааж, тэнд амьдарч байсан бүх эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүдийг хэрцгийгээр хөнөөсөн.

Пугачёвын бослого гэнэт өргөн цар хүрээтэй болсны улмаас хатан хаан II Екатерина туркуудтай энхийн хэлэлцээг хийж, Александр Суворовын удирдлага дор суллагдсан цэргүүдийг Ижил мөрөн рүү шилжүүлэхээс өөр аргагүй болжээ. 1774 онд босогчдыг Царицын орчимд засгийн цэргүүд бут цохиж, 9-р сард Пугачёвыг хуучин нөхөд нь эрх баригчдад шилжүүлэн өгчээ. Төмөр торонд Москвад хүргэгдсэн Пугачёвыг мөрдөн байцаах комисс 1775 оны 1-р сарын 10-нд цаазаар авах ял оноож, Болотная талбайд хэд хэдэн нөхдийнх нь хамт толгойг нь авч хороожээ.