Jump to content

Жалайр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жалайр (Монгол бичиг:ᠵᠠᠯᠠᠢᠢᠷ) бол Дарлигин монголчуудад хамаарагддаг, язгуурын монгол аймгуудын нэг юм. Чингис хааны дээд өвөг Хайду ханы үед монголчуудын захиргаанд оржээ. Монголын эзэнт гүрний үед жалайрууд Монголын эзэнт гүрний нутаг даяар тархжээ.

Гадны зарим эрдэмтэд Уйгурын хаант улсын ноёлох овгийн нэг Яклакартай төстэй нэртэй учир уйгар гаралтай гэж үздэг. Гэхдээ Жалайрын гарал үүсэл хүннү нартай холбогдож болох сэжим бий. МНТ-д тэмдэглэгдсэн жалайр аймгийн хүмүүсийн нэр бүгд монгол байдаг. Жишээ нь Гүн гуа, Сэцэ-Домог, Архай Хасар, Бала, Мухули г.м (120-р зүйл).

Жалайр аймгийг Судрын чуулганд 10 салбар овгоос бүрдсэн гэжээ.

Үүнд:

  1. Жат: энэ овгоос Мухулай, Жочи Дармала, Мөнхсар заргач зэрэг түмт, мянгатын ноёд энэ овгоос гаралтай[1]
  2. Тукараун: энэ овгоос Архай Хасар, Бала, Есүр, Ил хаант улсын мянгатын ноён Тайжи, Балту, Иса, Бартас зэрэг ноёд гаралтай[2]
  3. Кунсаут
  4. Уят
  5. Нилкан
  6. Куркин
  7. Тулангит
  8. Тури
  9. Шанкут[3] зэрэг есөн овгийг багтаажээ.

X-XIII зуунд Жалайр нь дотроо 10 гаруй овгийг багтаасан томоохон аймаг хэлбэрээр, Монгол ханлигийн Хиад Боржигин аймгийн онгу боолд тооцогдон багтаж байсан. X-XI зуунд Хянганы нуруу, Хэрлэн голын дагуу нутаглаж байгаад Кидан Улсад шахагдснаар, XI-XIII зууны хооронд хойшилж Хэнтийн нуруу, Онон, Хэрлэн голуудын сав газраар нутаглаж байсан бололтой. Улмаар Монголын байлдан дагуулалтаар нэг хэсэг нь Ил хаант улс, Цагадайн улс, Юань улсын нутагт тус тус очиж суусан бол үлдсэн хэсэг нь монгол нутагт аж төрөх болсон.

Монголын эзэнт гүрний үед Цагаадайн Улс, Ил Хаант Улсад очсон байдаг. Ил Хаант улсад 1335 оноос дотоодын дайн самуун гарч эхлэх үеэс Багдад хотоор төвлөрсөн Жалайрын Жочи Дармала ноёны удам Хасан Кучук эмир тэргүүтэй ноёдоор удирдуулсан хэсэг нь төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэлд идэвхтэй оролцож, 1357 онд Тебриз, Султание хотоор төвлөрсөн сүлдүсийн Чобаны улсыг ялж, тухайн бүс нутагтаа Жалайрын улсыг байгуулж 1432 он хүртэл оршихдоо их, бага хэмжээгээр нөлөө үзүүлсээр тэндээ уусан шингэжээ. Цагадайн улсаас үлдсэн цөөн тооны хэсэг жалайрууд нь Казахстан улсад Жалайыр нэрийн дор үлдсэн байдаг.

XIV-XVIII зууны үед Монголд үлдсэн жалайр аймгийн ихэнх нь Даян хааны хүү Гэрсэнз жалайр хунтайжд захирагдсан ар халхын 12 отгийн нэг болж байгаад түүний дараа ахмад хүү Ашихай дархан хунтайжийн харьяаны отог болсноор, Монгол Улсын Халх ястан бүрэлдэхэд голлон оролцсон байдаг. Харин Хасарын угсааны ноёдын захирсан цөөн тооны жалайрууд нь Чин гүрний үед 1648 онд Хасарын 18 дахь үеийн ач Сэрэн ноёныг засаг, хошууны бэйс өргөмжлөн, Жиримийн чуулганы Жалайд хошууг захируулсан нь 1949 он хүртэл үргэлжлсэн. Одоо Өвөр Монголын Өөртөө Засах Оронд Тунляо, Хянган аймагт тархсан.

  1. ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. pp. 60–63.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  2. ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. pp. 63–64.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  3. ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. p. 60.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)