Жамъяндоржийн Сүрэнхүү
Жамъяндоржийн Сүрэнхүү нь Монгол Улсын геологийн салбараас ажил хөдөлмөрөөрөө шалгаран БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан. Ж.Сүрэнхүү 1949 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн. Дорнод аймгийн Геологийн удирдах газрын өрмийн ахлах мастер байхдаа 1981 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Чойрын геологийн ТМС-ийг 1967 онд төгсөөд Дорнод аймаг дахь Геологийн удирдах газарт өрмийн мастер, ахлах мастераар ажиллажээ. Хатуу чулуулагтай газар өрөмдөх улсын дээд амжилтыг 1971 онд ахиулан хагас жилд 600 гаруй тууш метрт хүргэж, өрөмдлөгийн сарын дээд амжилтыг 952 метрээр тогтоосон, 1974 онд алмазат өрөмдлөгийн аргыг манай орны нөхцөлд анх амжилттай туршин хэрэглэж цаашид ашиглах боломжтойг үзүүлсэн зэргээр хөдөлмөрийн гарамгай амжилт гаргажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН, МХЗЭ-ийн их хурал, ДЗО-ны Берлиний их наадамд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.