Жан Кокто
Жан Мори́с Өже́н Клема́н Кокто́ (франц. Jean Maurice Eugène Clément Cocteau; [ʒɑ̃ moʁis øʒɛn klemɑ̃ kɔkto]; 1889 оны 7-р сарын 5-нд Парис орчмын Мэйзон-Лаффит хотод төрсөн—1963 оны 10-р сарын 11-нд Францын Мий-ла-Форе хотод нас барсан) — францын алдартай зохиолч, яруу найрагч, жүжгийн зохиолч, уран зураач, кино зохиолч бөгөөд кино найруулагч. Францын соёл урлагийн ХХ зууны томоохон төлөөлөгч.

Намтар
[засварлах | кодоор засварлах]Жан Кокто 1889 оны 7-р сарын 5-нд Францын Мэйзон-Лаффит (франц. Maisons-Laffitte) хотод төрсөн.
Жан хүүг 9 настай байхад өмгөөлөгч, сонирхогч зураач эцэг Жорж Кокто амиа хорлож нас барсан тул Коктогийн өвөг эцэг түүнийг асран хамгаалж өсгөн хүмүүжүүлжээ. Тэдний гэрт сонирхогчдын концерт зохион байгуулж, хөгжимд дуртай, цуглуулагч, тэр дундаа хөгжмийн зэмсгийн цуглуул байдаг байжээ. Гэр бүлийн цуглуулгад Ингрес, Делакруа нарын уран зураг болон Грек барималууд байдаг байжээ. Жан Коктогийн хэлснээр тэрээр өөрийн хүмүүжил, боловсролыг өвөө нь суулгаж өгсөн гэж дурссан байна.
Тэрээр Парисын шилдэг лицейүүдийн нэг болох Кондорсэ Лицейд суралцжээ.
1910-1920-иод онд тэрээр яруу найрагчийн хувьд хөгжиж, "Шүлэг" түүвэрт Дадаизмыг, "Дуурь" яруу найргийн түүвэрт сюрреализмыг дагадаг байжээ. Тэрээр график зураач гэдгээрээ онцгой алдартай болж, кубизм баримталж байв. Жан Коктогийн уран сайхны ойлголт, сэтгэлгээ нь Эрик Сати, түүнчлэн Сергей Дягилевын орос балет, Игорь Стравинскийн хөгжим, Пабло Пикассогийн уран бүтээл, Гийом Аполлинерийн яруу найраг зэргээс гоо зүй, үзэл бодол бүрдсэн байна.
1914 онд түүнийг Дэлхийн нэгдүгээр дайны үеэр цэрэгт татаж фронт руу явжээ, сувилагчаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар халагдсан байна.
Тэрээр Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистын шилдэг суртал ухуулагч Арно Брекер, Лени Рифеншталь нартай найрсаг харилцаатай байв. Францын эзлэгдсэн жилүүдэд түүний таван шинэ жүжгийг Парисын театруудад тавьжээ. Өдрийн тэмдэглэлд Коктогийн эв найрамдал, энхтайванч хандлага тодорхой харагддаг. Гэсэн хэдий ч тэрээр Францыг чөлөөлсний дараа зэмлэлээс зайлсхийж чадсан боловч Германчуудыг өрөвдөх сэтгэлдээ хэзээ ч харамсаж байгаагүй, ялангуяа Брекер, Рифеншталь нартай найзын холбоотой байсныгаа нуугаагүй үнэнч байжээ.
Түүнийг 1949 онд Хүндэт Легионы одонгоор шагнажээ. 1950, 1960-аад онд тэрээр цэргийн алба хаахаас ухамсрын шалтгаанаар татгалзах хүний эрхийг тууштай хамгаалж, тэр дундаа Анри Мартэныг өмөөрч үг хэлж байв.
Тэрээр 1963 оны 10-р сарын 11-нд гэртээ зүрхний шигдээсээр нас баржээ: нөгөө хувилбараар түүний өвчтэй зүрх Эдит Пиафын үхлийн тухай мэдээг тэсвэрлэж чадаагүй гэдэг юм.
Жан Кокто ижил хүйстэн байсан бөгөөд тэр үүнийг хэзээ ч үгүйсгэж нуудаггүй байжээ. 1937 оноос 1963 онд нас барах хүртлээ Коктогийн амьдралын хамтрагч нь жүжигчин Жан Марэ байсан бөгөөд тэрээр Коктогийн кинонд дүр бүтээж байжээ.