Jump to content

Жарэд Кушнер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жарэд Кори Кушнер (англи. Jared Corey Kushner; 1981 оны 1-р сарын 10-нд Нью-Жерси мужийн жижиг Ливингстон хотод төрсөн) — Америкийн бизнесмен, "New York Observer" сонин болон хөгжүүлэлтийн компанийн эзэн. Ж.Кушнер Америкийн "Kushner Companies" хэмээх хөгжлийн компанийг удирдаж байсан бөгөөд хөгжүүлэгч Чарльз Кушнерийн ууган хүү юм. Тэрээр 2009 онд Иванка Трамптай гэрлэж, АНУ-ын 45, 47 дахь ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн болсон юм.

2017 оны 1-р сарын 20-ноос 2021 оны 1-р сарын 20 хүртэл тэрээр АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын ахлах зөвлөхөөр ажилласан. Олон ажиглагчдын үзэж байгаагаар тэрээр 2015 оноос хойш Трампын сонгуулийн кампанит ажлын менежер, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байжээ.

Тэрээр Нью-Жерси мужийн Ливингстон хотод Чарльз Кушнер, Серил Кушнер нарын 4 хүүхэдтэй еврей гэр бүлд ууган хүүхэд болж төрсөн.

1999 -2003 онд Харвардын Их Сургуульд сурч Төрийн удирдлагын бакалаврын зэрэгтэй төгссөн. Мөн 2007 онд Нью-Йоркийн Их Сургуулийг Хууль зүйн бакалаврын зэрэг, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн байна.

Харвардын оюутан байхдаа тэрээр үл хөдлөх хөрөнгийн наймаанаас 20 сая долларын орлого олсон гэдэг. 2004 онд түүний эцгийг хэд хэдэн хэрэгт (татвараас зайлсхийх зэрэг) баривчилж, хоёр жилийн хорих ял оноож байсан.

2006 онд тэрээр 26 настайдаа "New York Observer" сониныг 10 сая доллараар худалдаж авсан. "Vanity Fair" сэтгүүлийн мэдээлснээр тус сонины вэбсайтын хандалт (2013-2016 онуудад) сард 1.3 саяас 6 сая хүртэл өссөн байна.

2008 онд тэрээр "Kushner Properties" хөгжлийн компанийн гүйцэтгэх захирал болжээ. Тэрээр оффис болон орон сууцны барилгатай холбоотой хэд хэдэн томоохон гүйлгээг хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнд Манхэттэн дэх Тавдугаар өргөн чөлөөнд байрлах байрлах 41 давхар оффисын №666 барилгыг 1.8 тэрбум доллараар худалдаж авсан зэрэг юм.