Жеймс Каллаген

Леонард Жеймс Каллаген , Кардиффын барон Каллаген (англи. Leonard James Callaghan, Baron Callaghan of Cardiff; 1912 оны 3-р сарын 27-нд Английн Портсмут хотод төрсөн — 2005 оны 3-р сарын 26-нд нас барсан) — Их Британийн улс төрч-лейборист намын зүтгэлтэн, 1976-1979 онд Их Британийн Ерөнхий сайдаар ажилласан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Леонард Каллаген 1912 онд Английн Портсмут хотод ирландын католик шашинтан Жеймс Каллагены хүү болж төрсөн. Эцэг Жеймс Каллаген Ирландаас зугтаж 1890-ээд онд Англид очоод Гароган овогоо Каллаген болгож сольж Эзэн хааны усан цэрэгт офицер болтол алба хааж байжээ.
Леонард Жеймс Каллаген 1930-1940-өөд оны үед Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний ажилтан байсан. Тэрээр Дэлхийн хоёрдугаар дайнд тулалдаж байсан бөгөөд 1945 онд анх Их Британийн парламентад сонгогдсон байна. Тэрээр 1947-1950 онд Тээврийн яамны Парламентын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1950-1951 онд Усан цэргийн асуудал эрхэлсэн парламентын нарийн бичгийн дарга байсан. 1951-1964 онд Их Британийн Лейборист намын сүүдрийн кабинетуудад янз бүрийн албан тушаал хашиж байсан юм. Мөн Харолд Вилсоны танхимд Сангийн яамны канцлер (1964–1967), Дотоод хэргийн сайд (1967–1970) зэрэг албан тушаалуудыг хашиж байжээ.
1973 онд Леборист намын даргаар сонгогдоод 1974-1976 онд Их Британийн Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаад 1976-1979 онд Их Британийн Ерөнхий сайдын алба хашсан байна.
Тэрээр Их Британи Европын Эдийн засгийн нийгэмлэгт оролцохыг идэвхтэй дэмжигч байсан. 1978/1979 оны өвлийн эдийн засгийн хямрал, ажил хаялтын дараа буюу 1979 оны 3-р сарын 28-нд парламент Жеймс Каллагены танхимд итгэл үзүүлэхгүй байх санал хураалт явуулж, 5-р сард болсон бүх нийтийн сонгуульд Маргарет Тэтчер тэргүүтэй Консерватив нам шийдвэрлэх ялалт байгуулсан юм. 1980 онд тэрээр мөн намын удирдлагаа алджээ.
1983-1987 онд тэрээр Британийн парламентын Нийтийн танхимын "эцэг" байсан (парламентын хамгийн ахмад гишүүн; түүний бүрэн эрх 1945 оноос эхэлдэг). Нийтийн танхимаас гарсны дараа 75 насныхаа төрсөн өдрөөр тэрээр Хатан хаанаас Гартийн одонгоор шагнуулж, Барон Кардифф цол хүртсэн нь түүнд парламентын Лордуудын танхимд суух боломжийг олгосон юм.
Жеймс Каллаген Их Британийн түүхэнд Ерөнхий сайд, Сангийн яамны канцлер, Дотоод хэргийн сайд, Гадаад хэргийн сайд гэсэн дөрвөн том албыг (англи. Great offices of State) бүгдийг нь хашиж байсан цорын ганц улстөрч юм.