Жавзандамба хутагт

(Живзундамба хутагт-с чиглүүлэгдэв)
VIII Жавзундамба хутагт залуудаа

Халхын Жавзандамба хутагт (Төвд: རྗེ་བཙུན་དམ་པ་ Jetsun Dampa; "Ариун гэгээн дээд") нь Монгол дахь Төвөдийн Буддын шашны Гэлэгба урсгалын удирдагч юм. Тэднийг мөн Богд гэгээн гэдэг байсан бөгөөд Монгол дахь хамгийн дээд цолтой лам байсан. Өндөр гэгээн гэж бас нэрлэдэг.

Анхдугаар Жавзандамба Занабазар (1635–1723) нь Төвдийн Буддизмын Жонанг сургуулийн Таранатагийн хувилгаан болон тодорчээ. Занабазар бол Төв Халхын удирдагч, Түшээт хан Гомбодоржийн хүү байсан бөгөөд Халх монголчуудын оюун санааны удирдагч болж чаджээ.

Хоёрдугаар Жавзандамба хутагт ч Занабазарын мөн адил Чингис хааны удмын язгууртан гэр бүлээс гаралтай хүн байв. Харин Чингүнжавын бослогод хоёрдугаар Жавзандамба хутагт туслалцаа үзүүлж байсан тул Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хаан 1758 онд Жавзандамба хутагтын бүх хойд дүрийг Төвөдөөс тодруулж байхаар зарлигдсан гэдэг[баримт хэрэгтэй].

Монгол улс 1911 онд тусгаар тогтнолоо зарлахад наймдугаар Жавзандамба хутагт (1869–1924) Богд хаанд өргөмжлөгдөж байв. Тэрээр 1924 онд насан эцэслэтлээ тус улсын хаан ширээнд суужээ. Түүнийг нас нөгчсөний дараа коммунист засгийн газар байгуулагдаж, хойд дүрийг нь тодруулахыг хориглосон.

Харин Далай лам 1932 онд төрсөн Жамбал Намдол Чойжи Жанцанг 9-р Жавзандамба хутагтаар тодруулсан юм.

Жавзандамба хутагтуудын жагсаалт[1][засварлах | кодоор засварлах]

Богд Жавзандамба хутагт I Занабазар буюу Лувсандамбийжалцан[засварлах | кодоор засварлах]

Өндөр гэгээн Занабазар (1635.10.04-д төрж, 1723.02.18-д нас барсан) бол Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, анхдугаар Богд Жавзандамба хутагт байв. Тэрээр 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн анхдугаар хөвгүүн болж, Түшээт ханы ойрад хатан Ханджамцаас одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөн зүйл гэдэг газар Ишдорж нэртэйгээр төржээ. 1640 онд Далай лам , Банчин Богдоос Жавзундарнатын хувилгаанаар тодруулан Занабазарыг 5 настай байхад нь анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ.

Тэрээр бага наснаасаа Бурханы шашны тунгаамал шижир алт мэт шарын шашны судар хийгээд тарнийн сургаал, номлол, зан үйлд суралцаж улмаар 1649 онд Цастын орныг зорин Банчин Чойжилжанцан Богдод бараалхан шавь орж шашны таван их ухааныг заалган эш онолын эрдмийг төгс эзэмшээд эх нутагтаа буцан ирж номын хүрээ хийд, сургуулийг олноор байгуулсан. Түүний өргөсөн Занабазар гэдэг нэр нь 'цэцэн билэг - (жнана), аянгат - (важра) ' гэсэн утгатай Санскрит гаралтай үг. Занабазар 1723 онд Бээжингийн Шар Сүмд нас баржээ.

Богд Жавзандамба хутагт II Лувсандамбийдоми[засварлах | кодоор засварлах]

Халхын шарын шашны тэргүүн II Лувсандамбийдоми (1724.01.27-д төрж, 1757.01.05-д нас барсан). Халхын Түшээт хан аймгийн эфү, чин ван Дондовдоржийн хөвүүн. Эх нь хотгойдын Баярт хатан. Чин улс халхын I Богд Жавзандамба хутагтыг жанч халсны дараа 1729 онд түүний хойт дүрийг тодруулах ажлыг шууд удирдан зохион байгуулжээ. Манжийн хаан түүнд Өндөр гэгээн-д оллгосон бүх шагнал, эрх ямбыг хэвээр шилжүүлж олгосон. II Богд Жавзандамба, Өндөр гэгээнтний нэгэн адил Халх монголд их нөлөөтэй нэгэн байв. Тиймээс Манжийн эзэн хаан Жавзандамба хутагт нарт зориулж сангийн зардлаар 1727-36 онд Амарбаясгалант хийдийг байгуулсан ба түүнийг 1736 онд Бээжинд очиход нь өөрийн биеэр бараалхаж, хүзүүн дэх эрдэнийн эрхээ түүнд зүүн өгч, буцах зардалд нь 100,000 лан мөнгө олгох зэргээр ихэд хүндлэл үзүүлж байжээ. Үүний сацуу Манжийн төр Жавзандамба хутагтын шашин төрийн болон эдийн засгийн эрх мэдэл, сүр хүчин өсөн нэмэгдэхээс сэрэмжилж байв. Тиймээс ч хутагтын төрийн эрх мэдлийг хязгаарлах, шашин төрийн үйл хэрэгт нь хяналт тавих болж, 1754 оноос түүний төр захиргааны хэргийг шанзудбн яамны эрдэнэ шанзудбад хариуцуулан эрхлүүлэх болсон ба 1755-58 оны Амарсанаа-Чингүнжавын бослогын үеэс бодлогоо улам чангатгав. 1756 оны дөрөвдүгээр сард ойр төрлийн ван Ринчиндоржийг цаазлуулсанд ихэд дургүйцэж, “дөрвөн аймаг хэлэлцээд их түйвээн өднө” хэмээн мэдэгджээ. Манж нар халхууд II Богдыг тойрон нягтарч нэр нөлөөг нь тэмцэлдээ ашиглахаас ихэд болгоомжилж Долнуурт хүчээр аваачин цагдах болжээ. Тэрээр эрүүл чийрэг, ид залуу 34 насандаа учир битүүлэг байдлаар нас эцэслэсэн бөгөөд үүнд Манжийн төрийн оролцоо байсан хэмээн үздэг. Түүний шарилыг Дамбадаржаа хийдэд алтан суваргад залжээ.

Богд Жавзандамба хутагт III Ишдамбийням[засварлах | кодоор засварлах]

Халхын шарын шашны тэргүүн III Ишдамбийням (1758.11.12-д Төвөд, Литанд төрж, 1773.11.05-д нас барсан). Эцэг нь Данзангомбо, эх нь Норзинванмо. Манж нар II Богдоос хойш Жавзандамба хутагтын хойт дүрийг Монголоос бус Түвдээс тодруулж байх бодлогод шилжсэн байна. Тиймээс Манжийн хаан Тэнгэр тэтгэгч, Далай ламд нууц зарлиг хүргүүлжээ. Түүндээ III Богд Түвд газар төрөх учиртай гэсэн лүндэн буулгахыг заажээ. Улмаар Далай ламын нэр нэр нөлөөг ашиглан монголчуудад итгүүлсний хойно тусгай зарлиг буулгаж монголчуудад албан ёсоор зарлажээ. Түүний энэ шийдвэрийг халх монголчууд, түүний дотор Их хүрээний лам нар ихэд эсэргүүцсэн ба Түшээт ханы зүгээс Жанжаа хутагтад хандан III Богдыг Монголоос тодруулахын чухлыг мэдэгдэж тусгай бичиг хүргэсэн байна. Монголчууд Богдын хойд дүрийг тодруулахыг оролдон долоон хүүхдийг гаргаж ирсэн байдаг. Манж нар монголчуудын эсэргүүцлийг үл ойшоон III Богд Жавзандамба хутагтаар Түвдийн Литан газрын амбан Данзангомбын хөвүүнийг тодруулан өргөмжилжээ. Энэ үйл явдар өмнөх дүрийн хутагтыг жанч халснаас хойш есөн сарын дараа болсон бөгөөд 1763 онд Монголд залж ширээнд суулгажээ. Түүнийг Далай лам , Банчин эрлэнэ нартай адил шашны эрхэм дээд хувилгаан хэмээн өргөмжилж, гавьяа эрдмийг илэрхийлэн гэрэлт хөшөө босгож байв. Тэрээр монголд ирээд цөөнгүй хүрээ хийд байгуулсан гэдэг ч 15 нас хүрээл таалал болжээ. Түүний шарилыг Дамбадаржайлин хийдэд алтан суварганд залжээ.

Богд Жавзандамба хутагт IV Лувсантүвдэнванчүг[засварлах | кодоор засварлах]

Халхын шарын шашны тэргүүн IV Лувсантүвдэнванчүг (1775.03.28-д Түвд, Лхаст төрж, 1813.01.07-д нас барсан). Түвдийн VII Далай ламын авга ах Содномдашийн хөвүүн. Эх нь Янжинбалмо. III Богд Жавзандамба хутагтын хойд дүрийг мөн л монголоос тодруулах оролдлогыг Халхын зарим ноёд хийсний учир буруудан шийтгүүлжээ. Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хаан, Лувсантүвдэнванчүгийг, Халхын шарын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтаар тодруулан өргөмжилж, 1781 онд ширээнд залжээ. Энэ үеэс эхлэн Жавзандамба хутагтын хувилгааныг тодруулах хэргийг Манжийн хааны зарлигаар томилогдсон амбан сайд эрхлэх ба баруун Зуу (Лхас)-д тодруулж байхаар тогтжээ. 1778 онд IV Богд Их хүрээг Хүй Мандалаас нүүлгэж Дамбадаржаа хийдийн өмнө, Туул голын хойд этгээдэд шилжүүлж, олон сүм дацан байгуулжээ. Түүний шарилыг Амарбаясгалан хийдийн алтан суваргад залсан ажээ.

Богд Жавзандамба хутагт V Лувсанцүлтимжигмэд[засварлах | кодоор засварлах]

Халхын шарын шашны тэргүүн V Лувсанцүлтимжигмэд (1815.06.14-д Түвд, Гэдинхансорт төрж, 1841.11.18-д нас барсан). Эцэг Гомбодондүв, эх Ригзинбүтэд. 1817 онд IV Богдын хойд дүрээр тодорч 1820 онд Их хүрээнд залагдан ирсэн. Түүний үед Амарбаясгалант хийдэд IV Богдын шарилын суврага, 1833 онд Их хүрээнд Майдарын сүм байгуулагджээ. 1838 онд Хүрээний сум дуганыг өргөтгөн, Гандантэгчэнлин гэж нэрлэх болжээ. Түүний шарилыг Гандантэгчэнлин хийд-эд алтан суваргад залжээ. 1841 онд нас барсан.

Богд Жавзандамба хутагт VI Лувсантүвдэнчойжижалцан[засварлах | кодоор засварлах]

Халхын шарын шашны тэргүүн VI-р хутагт Лувсантүвдэнчойжижалцан (1843.02.21-д Түвд, Лхасын ойролцоо төрж, 1848.11.20-д нас баржээ). Эцэг Соном, эх Ачог. 1848 онд VI Богдоор тодорсон. Халхын Их хүрээнд хутагтаар залагдан ирээд удалгүй 59 өдрийн дараа өвчний учир таалал төгсөжээ. Түүний шарилыг Дамбадаржайлин хийдэд алтан суваргад залжээ.

Богд Жавзандамба хутагт VII Агваанчойжинванчүгпэрэнлэйжамц[засварлах | кодоор засварлах]

Халхын шарын шашны тэргүүн VII-р хутагт Агваанчойжинванчүгпэрэнлэйжамц (Ngag-dbang-chos-kyi-dbang-phyug-'phrin-las-rgya-mtsho) (1850 онд Түвд, Лхасын ойролцоо төрж, 1868.12.26-д нас баржээ). Эцэг нь Мягмар. 1855 онд VII Богдын хойд дүрээр тодруулан, Их хүрээнд залж номын ширээнд суулгажээ. 12 нас хүртлээ бурхны сургаалийг сурсан боловч ихэс дээдэс, эгэл олонд итгэл алдсан гэдэг. VII Богдын үед олон сүм, дуган байгуулагдсан. 19 насандаа жанч халсан. 1869 онд Манжийн хаан зарлигаар VII Богд Жавзандамба хутагтын шарилыг Гандантэгчэнлин хийдийн газар шинэ алтан суваргад шилжүүлэн залсан ажгуу.

Богд Жавзандамба хутагт VIII Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсын эзэн хаан, шашин төрийг хослон баригч хаан (1911-19, 1921). Хэмжээт цаазат хаан (1921-24), Халхын шарын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагт Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу (Ngag-dbang-blo-bzang-chos-rje-nyi-ma-bstan-'dzin-dbang-phyug) (1869.10.13-д Түвд, Лхасын ойролцоо төрж, 1924.05.20-д Монгол, Нийслэл Хүрээнд нас барсан). Эцэг нь Гончигцэрэн, эх нь Ойдүвдулам. Таван настайдаа Жавзандамба хутагтын хойд дүрээр тодорч Их хүрээнд иржээ. Түүнийг халхууд “монголд элэгтэй” болгон хүмүүжүүлжээ. Тиймээс тэр өөрийгөө Чингис хааны угсаа, Халхын Түшээт хаан Гомбодоржийн хөвүүн I Жавзандамбын хойд дүр тул Монголын төрийн хэрэг, хувь заяа өөрт нь хамаатай гэж үздэг байв. Манжаас тусгаарлан салах хэмээсэн Халхын ноёдын санаачилгыг эхнээс нь дэмжиж эл хэргээр хаант Орост элч зарж байв. Манжийн шинэ засгийн бодлогыг эсэргүүцсэн Халхын ноёд түүнийг тойрон хүрээлсэн бөгөөд Богд гэгээн монголчуудын дунд үлэмж нэр хүндтэй байснаа ашиглаж, “монгол овогтон бүгдээр нийлж нэгэн улс болон тогтнох” лүндэн буулгажээ. Халхын ноёд, лам нар Манжаас тусгаарлан улсын хаанд Богд гэгээнийг өргөн зөвлөхөөр хэлэлцэн тохирсон бөгөөд 1911.12.29-д Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын хаан, шашин, төрийг хослон баригч түмэн наст богд хаанаар өргөмжилсөн.

Хятадад нийлэхийг ятгаж байсан Хятадын ерөнхийлөгч Юань Шикай-н ятгалга, сүрдүүлгийг Богд хаан эс зөвшөөрч, бүх монголчуудыг нэгтгэж нэгдмэл Их Монгол Улсыг сэргээн мандуулахыг зорьж байв. Түүний засгийн газрын сайдууд төрийн тусгаар тогтнолоо хүчирхэг улсуудаар хүлээн зөвшөөрүүлэхийг оролдож байсан боловч энэ оролдлого Хиагтын гурван улсын хэлэлцээрээр таслагдсан билээ. 1919 онд хятадууд цэргийг хүчээр монголын автономыг цуцлахад Богд хаан гарын үсэг зураагүй юм. Харин ч төрийн тусгаар тогтнолоо сэргээхийг эрмэлзэн АНУ, ЗОУ, Япон болон Колчакийн засгийн газраас тусламж дэмжлэг эрэлхийлж байсан хүмүүсийг дэмжиж байв. Тиймээс хятадууд дээрх хэрэгт сэжиглэн түүнийг баривчлан хорьжээ. 1921 оны хоёрдугаар сард Хүрээг эзлэн авсан Барон Унгерн монголын автономыг сэргээн мандуулснаа тунхаглаж Богд гэгээнийг Монголын хаан ширээнд залсан бол таван сарын дараа ардын намынхан Нийслэл Хүрээнд орж ирээд мөн л VIII Богдыг хаанаар өргөмжилжээ. 1921.11.01-д Ардын засгийн газраас Богд хаантай “тангаргийн гэрээ” байгуулж хааны улс төрийн эрх мэдлийг хасч хэмжээт эрхтэй хаан болгожээ.

Зарим судлаач нар Богд хааныг хорлогдож өөд болсон гэж дүгнэдэг. Түүнийг жанч халснаас хойш 21 хоног гашуудал зарласан бөгөөд Хүрээний лам нар түүний хойд дүрийг тодруулахыг оролдож байв. 1925 онд МАХН-ын IV их хурлаас Богдын хөрөнгийг улсын санд хураах, түүнийг ардын боловсрол, эрүүлийг хамгаалах, соёлын хэрэгцээнд зарцуулахаар шийдвэрлэжээ.

Богдын лүндэн[засварлах | кодоор засварлах]

Монголчууд Богдын лүндэн зарлигийг гараас гар дамжуулан уншиж, хуулбарлан түгээж, сүслэн биширсээр иржээ. Лүндэн гэдэг нь эш онол, сургаал гэсэн түвд үг юм. Богд хаан лүндэн сургаалаа монголчууддаа зориулан талбидаг байсан бөгөөд тэрхүү суу билигт эрхэм хүний айлдвар үг эдүгээ ч хүн бүхний анхаарлыг татсаар байна. Богд хаан Живзундамба өөрийн Богдын лүндэндээ: "Миний сургаалийг уншсан, уншуулсан, сонссон олон хүмүүс төрөл бүртээ сайн төрлийг олоод эх болсон зургаан зүйлийн хамаг амьтныг түргэн тэтгэх болтугай" гэж айлджээ.

Ар халх та нар минь !!! Одоо энэ цөвүүн цагт энэ сургааль номонд эс орж явбаас тэнгэрийн дуун, аянга хийгээд галын аюул, үер усны аюул эрхбиш ирнэ. . .
Миний  сургаалийг нэг гэрийн дотор нэгэн удаа уншваас тэр гэрийн барцад магад арилна. Хоёр удаа уншваас гадны барцад магад арилна. Гурав дуудваас гурван муу заяанд унахгүй, гурван төрөлдөө бурханы оронд надтай учирч төрөх байна. Миний энэ сургаалийг дагаж явсан лам хувраг хүмүүнийг багш мэт саная...
Миний энэ сургаалийг буулгасан судар номыг олон даяараа айл алгасалгүй, айл бүр уншуулж явбаас аливаа муу хортон дайсан лугаа уулзалгүй сайн явнаа. Жаран жилийн жаргал ирнээ. Арван хуруу тэгш жарганаа. Миний энэ сургаалийг дагаж явбаас шавь нар минь надтай хамт төгс баясгалант төгс баясгалант тэнгэрийн орон ба энхжингийн оронд дахин дахин учирч төрнө биш үү...
Би өдөр шөнийн хамт зургаан цагт эргэдэг билээ. Өглөө эрт бостугай. Үдэш орой унттугай. Нүглийг тэвчиж, орой бүр ерөөл тавьтугай. Өлзий хутаг орших болтугай. Ум ма ни бад мэ хум.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]