Jump to content

Жигжидсүрэнгийн Нэргүй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жигжидсүрэнгийн Нэргүй
Төрсөн: 1956.09.18
Хэнтий аймгийн Норовлин сум
Улс орон Монгол Улс
Төрөл Орчуулга, яруу найраг, нийтлэл
Шагнал “Алтан гадас” одон. (2012) Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол. (2015)

Жигжидсүрэнгийн Нэргүй (1956 оны есдүгээр сарын 18-нд төрсөн. Хэнтий аймгийн Норовлин сум) нь Монголын орчуулагч, яруу найрагч, сэтгүүлч. Орос, Америк, Польш, Итали, Герман, Францын зохиолч, яруу найрагч, нийтлэлч, сэтгэгчдийн 30 гаруй бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлжээ. Тэр дундаа Польшийн Фердинанд Оссендовски, АНУ-ын Айн Рэнд, Оросын Эдуард Тополь, Владимир Высоцкий, Михаил Веллер, Владимир Войнович нар болоод Иракийн ерөнхийлөгч агсан Саддам Хусейний бүтээлийг монгол хэлэнд анх удаа орчуулсан. Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн.

Эцэг Баатад Баламын Жигжидсүрэн (1914-1969) нь Дорнод аймгийн Түмэндэлгэр (Одоогийн Хэнтий аймгийн Норовлин) сумын харъяат. Бага наснаасаа Сэцэн хан аймгийн Эрдэнэ гүний хошууны Саруулын хийдэд шавилж байгаад 21 насандаа хар болж цэрэгт татагдан Монгол Ардын Хувьсгалт Цэргийн V дивизийн 13 дугаар морьт хорооны бүрэлдэхүүнд 1939 оны Халх голын дайнд оролцож, “Халхын гол-1939” медалиар шагнагдсан. Дайны дараа Түмэндэлгэр сумын гар артельд (“Лам нарын” гэгдэх) мужаан, мастер, артелийн дарга, Түмэндэлгэр, Норовлин суманд багийн дарга, бригадын дарга, бригадын намын хэсгийн зохион байгуулагч зэрэг ажил хийж явжээ. Эх Дарьганга Уламбаярын Чулуун (1935-2013) Сүхбаатар аймгийн Наран сумын харъяат. Төрсөн эцэг “Лантуу” хочит Үржин-Ядамын Дагва нь Дарьгангын Молцогийн хийдэд лам байгаад 1937 онд хэлмэгдэн егүүтгэгдсэн. Нялх багадаа Буриадын Троицкосавскийн гаралтай Содовын Уламбаярынх хэмээх Түмэндэлгэр сумын айлд үрчлэгдэн тус сумын бага сургуулийг онц дүнтэй төгсөөд Түмэндэлгэрт малчин, Норовлинд саальчин, Дорнод аймгийн Гадаад худалдааны дамжлага баазад ноос ялгагч, ангийн арьс ялгагч, экспортын ангийн арьсны тасгийн эд шалгагчаар ажиллаж байв. Тэд Ж.Даваасүрэн, Ж.Нэргүй, Ж.Оюунбаатар, Ж.Соёлмаа, Ж.Баярмаа нарын таван хүүхэд төрүүлж өсгөжээ.

Ж.Нэргүй 1956 оны есдүгээр сарын 18-нд Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг Баянгийн хоолой гэдэг газар төржээ. 1964 онд Норовлин сумын бага сургуульд элсэж 1968 онд дөрөвдүгээр анги төгсгөсөн. Анх үсэг заасан багш нь залуу яруу найрагч Айлтгүйн Духлайбаатар байв. 1968 оны есдүгээр сараас 1969 оны дөрөвдүгээр сар хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын 8 жилийн дунд сургуулийн тавдугаар ангид (анги даасан багш нь Чулуунгарам) сурч байгаад, аав нь хүнд өвчний улмаас нас барсан учир сургуулиа орхисон. 1969 оны наймдугаар сард ээж нь төрөл төрөгсдөө татан гэр орноороо Дорнод аймгийн Чойбалсан хотод шилжин суурьшихад Чойбалсан хотын 8 жилийн Нэгдүгээр дунд сургуулийн зургадугаар ангид дэвшин суралцаж, 1972 оны хавар сургуулиа онц дүнтэй төгсгөжээ. Уг сургуульд сурч байхдаа пионерийн байгууллагын сонгуульт бүлгийн дарга, сургуулийнхаа бүлгэмийн зөвлөлийн дарга байв. Бүрэн бус дунд сургуулиа дүүргээд тухайн үеийн ЗХУ-ын техникумын хуваарь авч, 1972 оны есдүгээр сараас 1973 оны долоодугаар сар хүртэл Зөвлөлт Узбекистаны нийслэл Ташкент хотын Их сургуулийн орос хэлний бэлтгэл курсэд суралцаж онц дүнтэй төгсгөсөн. Улмаар тухайн үеийн Белоруссийн Минск хотын Барилга-уран барилгын техникумын Усан хангамж, ариутгах татуургын ангид 1977 оны дөрөвдүгээр сар хүртэл суралцаж “Усан хангамж, ариутгах татуургын техникч-технологич” мэргэжлээр дипломоо онц хамгаалжээ. Белоруссийн Политехникийн дээд сургуулийн хоёрдугаар курсэд усан хангамж, ариутгах татуургын мэргэжлээр шалгалтгүй элсэх урилгаар шагнуулсан боловч ээждээ тус болох шалтгаанаар уг сургуульд явсангүй.

1977-1980 онд Дорнод аймгийн Ус суваг ашиглалтын товчооны (УСАТ) Ариутгах татуургын ангийн Бохир усны төв станцад засварчин, шугамын бригадын дарга, мастер, Цэвэр усны ангид ахлах техникч, 1980-1990 онд УСАТ-ны ерөнхий инженерээр ажилласан[1].

1991 онд Дорнод аймгийн “Дөл” сонинд сурвалжлагч,1991-1992 онд хөдөөгийн анхны студийн телевиз “ДорТВ”-г зохиолч, сэтгүүлч Л.Хэрээгийн хамт үндэслэж тус телевизэд сурвалжлагч, оператор, найруулагч, 1993 онд Чойбалсан хотын захиргааны “Баянтүмэн” сониныг үндэслэж, хариуцлагатай нарийн бичгийн даргаар нь ажиллаж байжээ.

1993-1996 онд “Ил товчоо” сонинд сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1996 оны сүүлийн хагаст МОНЦАМЭ агентлагт сурвалжлагч, 1997-1998 онд “Засгийн газрын мэдээ”, “Зууны мэдээ” сонинд сурвалжлагч, эдийн засгийн албаны дарга, 1999-2000 онд УИХ дахь “Ардчилсан Холбоо” эвслийн бүлэгт хэвлэл мэдээллийн зөвлөх, 2000 оны сүүлийн хагаст “Өдрийн сонин”-д сурвалжлагч, 2001-2003 онд Ардчилсан намын “Сайн байна уу?” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга байв. Энэ үедээ герман хэл дээрх “Lander Spiegel” сониныг үндэслэж, монгол хэвлэлийн редактораар нь ажиллаж байжээ.

2003-2004 онд Ардчилсан намын Хэвлэлийн албаны ажилтан, 2004 онд тус албаны дарга, 2006-2007 онд Засгийн газрын шадар сайдын хэвлэлийн зөвлөх, 2008 онд Үндэсний шинэ намын хэвлэлийн төлөөлөгч, 2012-2013 онд “Дорнод НАА” ХХК-ийн Улаанбаатар дахь төлөөлөгч, 2013-2015 онд Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албаны дарга [2], 2016 оны 1-3 дугаар сард Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч, 2016 оны 4-9 дүгээр сард тус албаны ажилтнаар ажиллаж байв.

Монголд анхны өргөх бичгийг санаачилсан нь

[засварлах | кодоор засварлах]

1989 оны 11 дүгээр сарын 27-29-нд болсон Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөлгөөнд Дорнод аймгаас төлөөлөгчөөр сонгогдон оролцох үедээ Хөвсгөл далайн унаган байгалийг хамгаалах, тэнд босгохоор төлөвлөөд байсан фосфоритын үйлдвэрийн төслийг зогсоох талаар МАХН-ын Төв хороо, Сайд нарын Зөвлөлд өргөх бичиг барих санаачлагыг анх гаргаж, зохиолч П.Баярсайхантай хамтран эхийг нь зохион хэлэлцүүлэн батлуулаад МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Ц.Намсрайд гардуулснаар 1989 оны 12 дугаар сарын гурванд Төв Хорооны тогтоол гарч, Хөвсгөлийн фосфоритын үйлдвэрийн төслийг зогсоожээ. (Эх сурвалж: “Үнэн” сонины №291, 1989.12.06. Д.Галбаатар, “Уран зохиолын онолын ойлголт, нэр томъёоны тайлбар толь”, Токио-2002 )

Монголын зохиолчдын эвлэлийн шагнал (Яруу найргийн “Сэтгэл хазгар биш бол...” түүвэр-2005), МЗЭ-ийн оны уран сайхны шилдэг орчуулгын төрлийн “Алтан Өд” шагнал (В.Высоцкийн “Бухимдал”-аар тусгай -2006, С.Есениний “Сонгомол шүлгүүд”-ээр тусгай-2009, “Ромео, Жульетта тэргүүтэн тууриуд”-аар тэргүүн-2010), Монголын сэтгүүлчдийн эвлэлийн “Ган үзэгтэн” шагнал (1995), тус эвлэлийн нэрэмжит шагнал (2014), Монголын орчуулагчдын эвлэлийн “Дуун хөрвүүлэгч” цол (2013) хүртсэн. Ц.Балдоржийн нэрэмжит сэтгүүл зүйн анхны шагналт 10 сэтгүүлчийн нэг (2009). “Ил товчоо”, “Засгийн газрын мэдээ”, “Зууны мэдээ” сонинуудын оны тэргүүн бичлэгийн шагналыг удаа дараа хүртэж байв. Монголын ардчилсан холбооны “Эрх чөлөөний одон” (2005), “Тусгаар тогтнолын одон” (2011), “Алтан гадас” одон (2012), Монгол Улсын “Соёлын гавъяат зүтгэлтэн” цол (2015) хүртсэн.

Монголын зохиолчдын эвлэл (1989), Монголын сэтгүүлчдийн эвлэл (1992), Монголын орчуулагчдын эвлэлийн (2010) гишүүн.

Анхны шүлэг нь “Үнэн” сонины 1972 оны наймдугаар сарын 19-ний №200 дугаарт хэвлэгджээ. 1987 оны “Цог” сэтгүүлийн №4-ийн “Оч” буланд шүлгүүд нь нийтлэгдсэн. 1984 онд “Гүн ногоон ой”, 1989 онд “Нарны орон” хамтын түүвэрт шүлгүүд нь багтсан.

  • “Ялалтын симфони” ном (1984)
  • “Сэтгэл хазгар биш бол…” ном (2005)

Үргэлжилсэн үг, нийтлэл

[засварлах | кодоор засварлах]
  • Улс төр, эдийн засгийн нийтлэлийн “Хөшүүрэг”. (2004)
  • Уран сайхны хөрөг нийтлэлийн “Хүмүүсийн тухай роман”. Тэргүүн дэвтэр. (2008)
  • Эсээ нийтлэлийн “Ясан хуягт мэлхий их далайг зоримой”. (“Задгай голдуу нийтлэлүүд”) (2013)
  • Орчуулга-судалгааны “Осол сүйрлийн бага нэвтэрхий толь”. (“Үхэл дагуулсан сүйрлүүд” дэлхийг болон Монголыг донсолгосон аймшигт сүйрлүүдийн тухай) (2006)
  • Барон Унгерны тухай “Од шингэдэггүй” кино зохиол. (2010)
  • Судалгаа-орчуулгын “Нууц товчооны Палладий Кафаров(ru)”. (2015)
  • Уран сайхны хөрөг нийтлэлийн “Хүмүүсийн тухай роман”. Дэд дэвтэр. (2019)
  • Оросын зохиолч Михаил Веллерийн “Авсанд хэвтээ хүн” өгүүллэг. (1999)
  • Польшийн зохиолч Фердинанд Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” аян замын бодрол, тэмдэглэл. (2000 оноос хойш зургаан удаа хэвлэгдсэн)
  • Мөн Ф.Оссендовскийн “Ленин” баримтат уран сайхны роман[3]. (2012)
  • Оросын улс төрийн зүтгэлтэн Георгий Плехановын “Социализм хэрхэн сөнөх вэ?” улс төрийн гэрээслэл. (2000)
  • Оросын зохиолч Эдуард Тополийн “Кремлийн эзэгтэй” Лариса Горбачевагийн тухай баримтат, улс төрийн адал явдалт уран сайхны роман. (1998, 2012)
  • Мөн Э.Тополийн “Ор хөнжлийн Орос орон” сэтгэлзүйн эротик роман. (2005, 2011)
  • Америкийн түүхч Моррис Славины “Илдэн дорхи эберчүүд” Францын Анхдугаар хувьсгалын бүтэц зүйн адал явдалт роман. (2005)
  • Америкийн философич, зохиолч Айн Рэндийн “Капитализмыг өмөөрөх нь” философийн туурвилууд. (2006)
  • Мөн А.Рэндийн “Атлантын нуруу тэнийв” роман. (2010)
  • Иракийн ерөнхийлөгч агсан Саддам Хусейний “Забиба, хаан хоёр” улс төр, хайр сэтгэлийн роман[4]. (2006)
  • Оросын яруу найрагч, дуучин Владимир Высоцкийн “Бухимдал” дууны шүлгийн түүвэр. (2006)
  • Оросын яруу найрагч Сергей Есениний “Сонгомол шүлгүүд” түүвэр[5]. (2009, 2012)
  • Азийн морин дивизийн штабын дарга, хурандаа Михаил Торновскийн “Монголчуудтайгаа бол би Лиссабон ч хүрнэ. Барон Унгерн” дурдатгал. (2009 оноос хойш гурван удаа хэвлэгдсэн)
  • Азийн морин дивизийн комендантын дэслэгч Николай Князевийн “Домогт Барон” дурдатгал. (2010)
  • “Ромео, Жульетта тэргүүтэн тууриуд” Италийн Сэргэн мандалтын үеийн сонгодог тууриуд. (2010)
  • Оросын зураач, соён гэгээрүүлэгч Николай Рерихийн “Азийн зүрх” аян замын тэмдэглэл. (2010)
  • Оросын монгол судлаач Инесса Ломакинагийн “Агуу их Босуул”. (XIII Далай ламын 1904-1906 онд Монголд байсан тухай түүх бичлэг. 2011)
  • Оросын аялагч, газар зүйч Николай Пржевальскийн “Монгол, Тангад нутгаар” аян замын тэмдэглэл. (2011, 2012)
  • “Алтан Ордоны улсын яруу найраг”[6]. (2013)
  • Францын Хоёрдугаар хувьсгалын (1830) үеийн сэтгүүлч, улстөрч Фредерик Бастиагийн “Ил харагдах, үл харагдах хоёр” дэлхийн анхны эдийн засгийн нийтлэлийн түүвэр[7]. (2014)
  • “Притчи о Халхынголе”. (“Халхголын цадиг хууч”. Монгол найрагчдын шүлгийн түүвэр, орос хэл рүү, О.Чинбаяр, Ш.Дугар нарын хамт, 2014)
  • Германы жүжгийн зохиолч Бертольд Брехтийн жүжгүүд. (Хамтын бүтээл, 2015)
  • Оросын зохиолч Владимир Войновичийн “Цэрэг Чонкины адал явдал” роман-хоржоон[8]. (2016)
  • Хаант Орос улсын дипломатч, зохиолч Егор Тимковскийн "1820-21 оны Монгол". (2019)

Эхнэр Намжилын Пүрэвсүрэн багш мэргэжилтэй. Тэд хоёр хүүхэдтэй.

  1. http://www.shudarga.mn/news/7157.html[permanent dead link]
  2. http://www.polit.mn/content/20012.htm;jsessionid=BF32816AC74B0802CAD154B6AE34C3E6
  3. "Archive copy". Archived from the original on 2012-11-11. Татаж авсан: 2016-10-20.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  4. "Archive copy". Archived from the original on 2014-07-27. Татаж авсан: 2016-10-20.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  5. http://soronzon.blogspot.com/2009/12/blog-post_04.html
  6. http://www.shuud.mn/content/read/221619.htm[permanent dead link]
  7. http://eshop.mirnom.mn/b/13611[permanent dead link]
  8. "Archive copy". Archived from the original on 2016-06-06. Татаж авсан: 2016-10-20.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)