Jump to content

Жигжид бурхан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жигжид бурхан -Санскритаар Ямандаг, Түвдээр Жигжид, Монголоор Аюулган үйлдэгч хэмээгч утгатай Арван хангал бурхдын нэг юм. Шашныг хамгаалагч арван хангал бурханы нэг бөгөөд оюун билэгийн бурхан Манзуширын догшин дүр нь ажээ.

Шарын шашинд тахилга үйлдэхдээ эхэнд нь залж тахидаг ёс заншилтай. Хөмсөг сахалаас нь гал бадарсан, хурц соёотой, хэл нь мушгирсан, луугийн дуугаар дуугарсан, цусан дусал бүхий эрих хийж лагшиндаа өлгөсөн, хар могой болон хүний ясаар чих, бугуй, шилбээ чимэглэсэн, бадамлянхуа цэцэгт дэвсгэр дээр өөрийн юүм Доржсолонма хэмээх цэнхэр өнгөтэй баруун мутартаа гавал барьсан нүцгэн эмийг тэвэрч зогссон дүртэйгээр залардаг. Арван хангал бурхадын дотор хамгийн хүч чадалтай бурхан бөгөөд 9 тэргүүн, 34 мутар, 16 хөлтэй байдаг нь түүний хүч чадал газар бүрт зэрэг илэрч байдаг гэсэн утгатай, шашин номын дайснуудыг номхруулан дарах шидтэй.

Монголын Үндэсний музейд хадгалагдах Ямандаг бурхан нь алт шармал лагшинтай, есөн тэргүүнтэй, 34 мутартай, 16 өлмийтэй, баруун талын найман өлмийгөө гадагш жийсэн хөл доороо 4 хүн, 7 гөрөөс, зүүн талын 8 өлмийгөө гадагш жийж хөл доороо 4 хүн, 8  шувуу гишгэсэн, өмнөө өөрийн дагина Доржролонмааг тэвэрч босоо дүртэйгээр наран дэвсгэрт бадамлянхуа дэлбээ бүхий суурин дээр оршино. Доржролонмааг эцэг бурхнаас биеэр бага, догшин, нүцгэн, эм дүртэй, нэг нүүртэй, хоёр мутартай, баруун мутартаа таван үзүүрт очирт иштэй дэгүг, зүүн мутартаа цустай гавал барьж, эцэг бурхны хүзүүний баруун талаас тэвэрсэнээр дүрсэлсэн  байна. Ямандаг бурхан нь ертөнцийн ба ертөнцөөс гэтэлсэн сахиус, тэнгэрүүдийг айлган, хортныг хөнөөн тонилгох чадалтай хүчит дуугаар даргилан дуугарч гурван ертөнцийг агшин зуур туулах ба ердийн үедээ өөрийн язгуур үсэг “хум” тарнийг давтан уншдаг ажээ. Энэхүү Ямандаг бурхныг Ц.Аюушийн эрдэм шинжилгээний тодорхойлолтоор Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 124 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлийн бүртгэлд бүртгэжээ.