ЖоЖогийн хачирхалтай адал явдал

ЖоЖогийн хачирхалтай адал явдал нь Японы манга зураач Хирохико Аракигийн бүтээсэн бүтээл юм. Өдгөө энэ алдартай манга одоогийн байдлаар 9 хэсэг 134 боть 971 бүлэгтэй байна.

Анх 1986 оны 12 сарын 2-нээс эхлэн хэвлэгдэж одоог хүртэл дуусаагүй энэ манга өдрөөс өдөрт үнэнч фэнүүдийнхээ тоог нэмсээр л байна. Дээрээс нь уг манга 2021 оны 12 сарын байдлаар дэлхийн даяар нийт 120 сая гаруй хувь борлуулагдсанаараа хамгийн их орлого орсон мангагуудын нэг болсон.

Энэ манга одоогоор 9 гол дүртэй бөгөөд бүгд ЖоЖо гэсэн хочтой Жоестар гэр бүлийн гишүүд юм. Жоестар гэр бүлийнхэн бол үнэнч шударга, эр зоригтой, авхаалж самбаатай, ирээдүйдээ итгэлтэй мөн хамгийн гол нь харанхуй дунд үргэлж гэрэл байдаг гэдэгт итгэдэг хүмүүс юм. Тэд өөрсдийн амь насаа хайхрахгүй бусдын эрх ашгийг хамгаалахын төлөө хорон муу санаатнуудтай тэмцдэг.

2012 оноос David Production ЖоЖогийн хачирхалтай адал явдал аниме-ийг хийж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар уг аниме 5 улирал 190 ангитай байна.

1-р хэсэг Цуст Тэмцэл

"Цуст Тэмцэл" нь ЖоЖогийн хачирхалтай адал явдлын 1-р хэсэг бөгөөд мангагийн 1-5 дугаар боть 1-44 дүгээр бүлгийг аниме-ийн 1-9 дүгээр ангиудыг тус тус хамрана. " 19 дүгээр зуунд Английн язгууртан Жорж Жоестар талийгаач Дарио Брандогийн өрийг төлөхийн тулд түүний өнчин хүү Дио Брандог өргөж авна. Гэтэл Дио Жоестар гэр бүлийн бүх эд хөрөнгийг өөрийн болгохоор санаархаж эхлэв. Тиймээс Дио Жоестар гэр бүлийн залгамжлагч Жоржийн хүү Жонатан Жоестартай эд баялагийн төлөө өрсөлдөж эхлэнэ. Энэ түүх нь Жонатан Жоестар буюу ЖоЖо болоод түүний өрсөлдөгч Дио хоёр эртний нууцлаг чулуун маскны чадварийг олж нээснээр тэдний хувь тавилан хэрхэн өөрчлөгдөж буйг өгүүлэх ажгуу..."

2-р хэсэг Тулалдах Эрмэлзэл

"Тулалдах Эрмэлзэл" нь ЖоЖогийн хачирхалтай адал явдлын 2-р хэсэг бөгөөд мангагийн 5-12 дугаар боть 45-113 дугаар бүлгийг аниме-ийн 10-26 дугаар ангиудыг тус тус хамрана. " 1938 онд Германы судалгааны баг Мексикээс нойрсож буй баганан эр Сантанаг олно. Баганан эрчүүд бол эртний хүн дүрст амьдралын эцсийн хэлбэрүүд бөгөөд тэд 2000 жилийн нойрноосоо сэрж эхлэв. Тэдний удирдагч мөн чулуун маскыг зохион бүтээгч Карс чулуун масканд байрлуулж зүүвэл үхэшгүй мөнх болгодог Супер Ажагийн төгс зүсэгдсэн улаан чулууг хайна. Баганан эрчүүдээс дэлхийг аврахын төлөө Жонатаны ач хүү Жозеф Жоестар буюу ЖоЖо болоод Зеппелигийн ач хүү Цезарь нар өөрсдийн Хамоны багш Лиза Лизатай хамтран тэдэнтэй тэмцэж эхэллээ..."

3-р хэсэг Ирмүүн Аянчид

"Ирмүүн Аянчид" нь ЖоЖогийн хачирхалтай адал явдлын 3-р хэсэг бөгөөд мангагийн 12-28 дугаар боть 114-265 дугаар бүлгийг аниме-ийн 27-74 дугаар ангиудыг тус тус хамрана. " 19 дүгээр зууны үеийн Английн язгууртан Жорж Жоестарт хоёр хүү байсны нэг нь түүний төрсөн хүү Жонатан Жоестар нөгөө нь түүний өргөмөл хүү Дио Брандо нар юм. Жонатан бусдад үргэлж тусалдаг бахархалт жентельмен болсон бол Дио дэлхийг эзлэх гэсэн атгаг санаандаа автаж хорон муу хүн болжээ. Удалгүй Жонатан Диог зогсоохын тулд өөрийн амь насаа золиослож түүний толгойноос бусад хэсгийг устган далай руу живүүлэв. Гэтэл 1984 онд Дио 100 жилийн нойрноосоо сэрж өөрийн толгойгоо Жонатаны биед залган далайгаас гарч ирлээ. Түүнийг эргэн ирснээс хэдэн жилийн дараа 1988 онд өөрийн өвөг дээдэс болох Жонатан Жоестарын үхлийг талаар болгохгүйн тулд Жозефын зээ хүү Жотаро Кужо буюу ЖоЖо болоод түүний холбоотнууд Жоестар гэр бүлийн 100 жилийн түүхт заналт дайсан Диог зогсоохоор Египетийг зорино..."

4-р хэсэг Алмаз Хагаршгүй

"Алмаз Хагаршгүй" нь ЖоЖогийн хачирхалтай адал явдлын 4-р хэсэг бөгөөд мангагийн 29-47 дугаар боть 266-439 дүгээр бүлгийг аниме-ийн 75-113 дугаар ангиудыг тус тус хамрана. " Жотаро Кужо Египетэд гэр бүлийнхээ 100 жилийн түүхт заналт дайсан болох Диог ялснаас хойш хэдийн арван жил өнгөрчээ. Гэвч ЖоЖогийн хачирхалтай адал явдал болоод Диогийн бузар үйл мөр энэ хүрээд дууссангүй. 1999 онд Японы энх тайван хот Мориод сүүлийн үед олон учир битүүлэг аллага, ор сураггүй алга болсон хүмүүсийн тоо ихэссэн нь Диогоос болж Станд эзэмшигч болсон хүмүүстэй холбоотой байлаа. Эдгээр аюултай хүмүүсийг таслан зогсоож Мориог аврахын төлөө Жозефын хүү Жосүке Хигашиката буюу ЖоЖо болоод түүний холбоотнууд Станд эзэмшигчидтэй тэмцэж эхэлсэн боловч Жосүке цуврал алуурчин Ёшикаге Киратай нүүр тулгарна..."

5-р хэсэг Алтан Салхи

"Алтан Салхи" нь ЖоЖогийн хачирхалтай адал явдлын 5-р хэсэг бөгөөд мангагийн 47-63 дугаар боть 440-594 дугаар бүлгийг аниме-ийн 114-152 дугаар ангиудыг тус тус хамрана. " 2001 онд Итали орон уналтанд ороод байлаа. Учир нь нийт хүн амын хагас шахам нь хар тамхи, мансууруулах бодисны хэрэглэгчид болсон байсан бөгөөд энэ бүхний ард "Passione" гэдэг нэртэй Италийн хамгийн том мафийн босс Диаволо байв. Хар тамхины наймааг зогсоож Диавологийн ноёрхолыг унагаан мафийн шинэ босс болохын төлөө судсаар нь Жонатаны цус урсах Диогийн хүү Жиорно Жиованна буюу ЖоЖо болоод түүний холбоотнууд Диаволотой тэмцэж эхэлнэ..."

6-р хэсэг Чулуун Далай

"Чулуун Далай" нь ЖоЖогийн хачирхалтай адал явдлын 6-р хэсэг бөгөөд мангагийн 64-80 дугаар боть 595-752 дугаар бүлгийг аниме-ийн 153-190 дүгээр ангиудыг тус тус хамрана. " 2011 онд Жотаро Кужогийн охин Жолин Кужо хилс хэрэгт гүтгэгдэж "Ногоон Далайн Гахайн Гудамжны Шорон"-д 15 жилийн хорих ял авна. Харин Жотаро өөрийн охиндоо эргэлтээр очин энэ гүтгэлэг цаанаасаа зохион байгуулагдсан гэдгийг хэлж өгөв. Энэ бүхний цаана Диогийн хамсаатан шоронгийн тахилч лам Энрико Пуччи байсан бөгөөд тэрээр Диогийн "Диваажин"-д хүрэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Жотарогийн ой санамжны дискийг хулгайлана. Аавийнхаа санах ойн дискийг буцаан авч Пуччиг зогсоохын тулд Жолин Кужо буюу ЖоЖо болоод түүний холбоотнууд "Ногоон Далайн Гахайн Гудамжны Шорон"-гоос оргохоор төлөвлөж эхэллээ..."

7-р хэсэг Ган Бөмбөлөгний Уралдаан

"Ган Бөмбөлөгний Уралдаан" нь ЖоЖогийн хачирхалтай адал явдлын 7-р хэсэг бөгөөд мангагийн 81-104 дугаар боть 753-847 дугаар бүлгийг тус тус хамрана. " 1890 онд Жонни Жоестар ахиж хөл дээрээ явж чаддаг болохын тулд Жайро Зеппелигээс "Спин" хэмээх чадварийг сурах хэрэгтэй болсноор түүнтэй хамт "Ган Бөмбөлөгийн Уралдаан" гэх морь унаж уралддаг тэмцээнд оролцоно. Уралдааны ялагч болсон хүнд $50000000 долларын мөнгөн шагнал олгох боловч энэ уралдааны цаад зорилго нь Америкийн Нэгдсэн улсын 23 дахь ерөнхийлөгч Фанни Валентины Есүс Христийн шарилын бутарсан хэсгүүдийг цуглуулах гэсэн хувийн хүсэл байв. Үүнийг олж мэдсэн Жонни Жоестар буюу ЖоЖо болоод түүний хамтрагч Жайро Зеппели нар Валентинаас Есүс Христийн шарилын хэсгүүдийг хамгаалахаар шийднэ..."

8-р хэсэг ЖоЖолион

"ЖоЖолион" нь ЖоЖогийн хачирхалтай адал явдлын 8-р хэсэг бөгөөд мангагийн 105-131 дүгээр боть 848-957 дугаар бүлгийг тус тус хамрана. " 2011 оны Мориод их сургуулийн оюутан Юсухо Хиросе нурангид даруулж ой санамжаа бүрэн алдсан залууг олдог бөгөөд түүнийг Жосүке гэж хочилдог. Жосүке ой санамжаа сэргээж өмнө нь яг хэн байснаа мэдэхийн тулд тэмцэж эхлэхдээ хүний ямар нэг өвчнийг эдгээж хариуд нь тухайн хүнээс ямар нэг зүйл "авах" чадвартай Локакака хэмээх жимс болон түүнийг хүмүүст өндөр үнээр зардаг TG их сургуулийн эмнэлгийг олж сонсоно. Гэтэл сүүлд нь түүний ой санамжаа алдсан нь Локакака жимстэй шууд холбоотойг олж мэдсэн Жосүке Хигашиката буюу ЖоЖо болоод түүний холбоотнууд TG их сургуулийн эмнэлгийг хяналтандаа оруулсан "Хадны хүмүүс" болон тэдний удирдагч Тоорутай тэмцэж эхлэв..."

9-р хэсэг ЖоЖоЛандс

"ЖоЖоЛандс" нь ЖоЖогийн хачирхалтай адал явдлын 9-р хэсэг бөгөөд саяхан хэвлэгдэж эхэлсэн. " Хавай арал дээр ээж Барбара Анн Жоестар болон ах Драгона Жоестар нартайгаа цуг амьдардаг Жодио Жоестар өөрийн чинээлэг бус амьдралаас залхан юу ч болж байсан баян болохоор шийдэв. Тиймээс Жодио гэмт хэргийн аюултай хар тамхи зардаг бүлэглэлд элсэх бөгөөд тун удалгүй түүний босс Мерил Мей Кю түүнд Японоос ирсэн жуулчинаас $6000000 долларын үнэтэй алмаз хулгайлахыг даалгана. Харин Жодио Жоестар буюу ЖоЖо болоод түүний холбоотнууд тушаалыг гүйцэтгэхээр явах зуураа яг юутай орооцолдсоноо огт мэдээгүй явлаа..."