Жорж Помпиду төв

Жорж Помпидугийн нэрэмжит Урлаг, соёлын үндэсний төв (франц: Centre national d’art et de culture Georges-Pompidou) буюу Жорж-Помпиду төв (франц. Centre Georges-Pompidou), ярианы хэлэнд Помпидугийн төв буюу Бобур гэгддэг Парис хот дахь алдартай соёлын төв юм. Төвийн үйл ажиллагаа нь орчин үеийн болон 20-р зууны урлагийг янз бүрийн хэлбэрээр (дүрслэх урлаг, бүжиг, хөгжим гэх мэт) судлах, дэмжихэд зориулагдсан байна.

Түүх
[засварлах | кодоор засварлах]1969 онд Францын Тавдугаар Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Жорж Помпиду Парис хотын Бобур өндөрлөгийн хоосон газрыг олон салбарыг хамарсан соёлын төв барихад ашиглахаар шийдвэр гаргажээ. Уг төвийн барилга барих төслийн зургийн уралдаанд 49 орны архитектор 681 төсөл ирүүлсэн. Архитектор, инженер Жан Проувегийн даргалсан олон улсын шүүгчид Британийн архитектор Ричард Рожерс болон хоёр итали хүн болох Ренцо Пиано, Жанфранко Франчини нарын гурван хүний төслийг шалгаруулсан байна.
Тус соёлын төв нь 1977 оны 1-р сарын 31-нд нээгдэж, 2-р сарын 2-нд олон нийтэд үүд хаалгаа нээжээ. Анхны өндөр технологийн архитектурын загвар нь орчин үеийнхний дунд янз бүрийн үнэлгээ авчээ. Шүүмжлэгчид энэхүү тансаг барилгыг газрын тосны хоолойтой төстэй гэж үздэг байв. Гэсэн хэдий ч Жорж Помпиду төв удалгүй Парисын гол дурсгалт газруудын нэг бөгөөд Франц болон дэлхий даяар хамгийн их зочилдог газруудын нэг болжээ.
1970-аад оны сүүл ба 1980-аад онуудад Помпиду төвийн танхимд «Paris-New York», «Paris-Berlin», «Paris-Moscow», «Paris-Paris», «Vienna: Birth of a Century» (англи. Вена: Зууны эхлэл), «The Immaterials», «Memories of the Future» (англи. Ирээдүйн тухай дурсамж), «Maps and Figures of the Earth», «Magicians of the Earth» зэрэг алдартай үзэсгэлэнгүүд тавигдсан. Төвийн захирал Понтус Хултен, Доменик Бозо нарын удирдлага дор музейн цуглуулга мэдэгдэхүйц өсөж, дэлхийн орчин үеийн урлагийн тэргүүлэгч болсон.
20 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж, 150 сая гаруй зочин хүлээн авсны дараа Помпиду төв нь Францын Соёлын сайд Жан-Жак Айяагоны тушаалын дагуу 1997 оны 10-р сараас 1999 оны 12-р сар хүртэл засвар хийгдсэн. Засгийн газар байнгын цуглуулгыг байрлуулсан галерейн орон зайг өргөтгөх, амьд тоглолтын байгууламжийг сайжруулахад хөрөнгө хуваарилсан. Эцэст нь төв нь ойролцоогоор 100,000 хавтгай дөрвөлжин метр талбайтай болсон.
Помпиду төв нь 2000 оны 1-р сарын 1-нд дахин нээгдэж, маш их магтаал хүртсэн. Одоогийн байдлаар Помпиду төв нь жилд 3.5-3.8 сая зочин хүлээн авдаг байна.
2010 онд Помпиду төвийн салбар Мец хотод, 2015 онд Малага хотод, 2019 онд Шанхай хотод нээгдээд байгаа юм.
Помпиду төвд Парис хотын Улсын Орчин үеийн урлагийн музей, номын сан, Аж үйлдвэрийн дизайны төв, Акустик ба хөгжмийн судалгаа, зохицуулалтын хүрээлэн, концерт, үзэсгэлэнгийн танхимууд, хэд хэдэн кино театр байрладаг. Ажиглалтын тавцан үнэтэй боловч номын сан олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилдэг ажээ.
2025 оны 10-р сард Помпиду төв 5 жилийн засварын ажил хийхээр хаагдсан юм.