Jump to content

Жорж Хили

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жорж Хили

Жорж Хили (англи. George Peter Alexander Healy; 1813 оны 7-р сарын 15-нд Бостон хотод төрсөн—1894 оны 6-р сарын 24-нд Иллиной мужийн Эванстон хотод нас барсан) — америкийн хөрөг зургийн уран зураач. Өөрийн үеийн алдартнуудын олон хөрөг зураг зурсанаараа өргөн олонд танигдсан зураач. АНУ-ын Массачусеттс мужийн Бостон хотод төрсөн тэрээр Европт суралцсан бөгөөд амьдралынхаа туршид Парис, Чикаго хотуудад өөрийн урлантай байжээ.

Багадаа эцэггүй хоцорсон Жорж Хили эхдээ тусалж амьдарсан байна. 16 настайдаа тэрээр зурж эхлээд зураач болох хүсэл эрмэлзэлтэй болжээ. Тэрээр 18 настайдаа хөрөг зураг зурж эхэлсэн бөгөөд удалгүй маш амжилттай болсон. 1834 онд тэрээр Европ руу явж, эхийгээ хөрөнгө мөнгөөр сайн хангаж байсан бөгөөд 16 жил гадаадад амьдарч Парис, Ромд францын зураач Антуан-Жан Гро-оос суралцаж, Томас Кутюрын нөлөөнд орж, шаргуу зурж байжээ. Тэрээр 1840 онд Парисын салонд гуравдугаар зэргийн медаль хүртэж, 1843 онд Үндэсний дизайны академийн хүндэт академичаар сонгогдсон байна.

1855 онд тэрээр АНУ-д буцаж ирээд Иллиной мужийн Чикаго хотод өөрийн гэр-урлан байгуулж, 1869 он хүртэл дараагийн 14 жил тэндээ уран бүтээлээ тууривсан юм.

Тэрээр нэр хүндтэй хүмүүс болох Даниел Вебстер, Генри Клэй, Жон Калхаун, Ромын Пап лам IX Пиус, Арнольд Генри Гуйо, Уильям Х.Сьюард, Луис Филипп, маршал Соулт, Хоторн, Прескотт, Лонгфелло, Лист, Гамбетта, Тиерс, Лорд Лионс, Притсесс Романиан нарын хөрөг зургууд зуржээ. Тэрээр Жон Куинси Адамсаас Улисс Грант хүртэлх АНУ-ын бүх ерөнхийлөгчийн хөргийг зурсан бөгөөд энэ цувралыг Вашингтон дахь Коркоран галерейд зориулан зурсан байна. Жорж Хили мөн 1868 онд "Энхийг сахиулагчид" болон 1869 онд Абрахам Линкольныг зурсан. Нэг том түүхэн бүтээл болох "Вэбстерийн Хэйнд хариулахуй"-д 130 хөрөг зураг багтдаг юм.