Jump to content

Жэймс Дэвид Вэнс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жеймс Дэвид Вэнс, 2024 он

Жеймс Дэвид Вэнс (англи. James David Vance; мөн Жей Ди Вэнс (англи. JD Vance) гэж товчилж нэрэлдэг; төрөхдөө — Жеймс Дональд Боумен (англи. James Donald Bowman) нэртэй байсан; 1984 оны 8-р сарын 2-нд Охайо мужийн Мидлтаун хотод төрсөн) — Америкийн улс төрийн зүтгэлтэн бөгөөд ажил хэрэгч хүн. АНУ-ын Бүгд Найрамдах намын гишүүн. 2025 оны 1-р сарын 20-нд тангараг өргөж АНУ-ын Дэд Ерөнхийлөгч болсон.

2023 оны 1-р сарын 3-наас 2025 оны 1-р сарын 20-ны өдрийн хооронд Охайо мужаас сонгогдсон АНУ-ын Сенатын гишүүн буюу сенатор байсан.

2024 оны 7-р сарын 15-нд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Доналд Трамп Бүгд найрамдах намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчээр Жеймс Вэнсийг сонгосон тухайгаа зарласан бөгөөд 2024 оны 11-р сард Д.Трамп сонгуульд ялалт байгуулснаар Жеймс Вэнс Ричард Никсоноос хойш сонгогдсон 3 дахь хамгийн залуу дэд ерөнхийлөгч болжээ.

Ж.Вэнс үндэсний консерватив, барууны популист улс төрийн үзэл бодолтой гэж тодорхойлж болно. Тэрээр үр хөндөлт, ижил хүйстнүүдийн гэрлэлтийн эсрэг, галт зэвсгийн хатуу хяналттай байх ёстой гэж үздэг байна. Тэрээр мөн хүүхэдгүй байдлыг шүүмжилж, нийгэм-улс төрийн байр сууринд католик шашны нөлөө их байна гэж ил тод хэлдэг. 2025 оны 2-р сарын 14-нд Мюнхены аюулгүй байдлын бага хурал дээр хэлсэн үгэндээ тэрээр Европын холбооны удирдлагуудыг ардчилал, үг хэлэх эрх чөлөөний үнэт зүйлээс ухарч байна гэж шүүмжилсэн.

Тэрээр ХАМАС бүлэглэлийн мөргөлдөөнд Израилийг дэмжиж байгаа ч Америкийн Украинд цэргийн тусламж үзүүлэхийг эсэргүүцэж, энхийн хэлэлцээг илүүд үзэж байгаа ажээ.

Түүнийг төрөхөд нь Жеймс Дональд Боумен (англи. James Donald Bowman) гэж нэрлэсэн эх нь эцгээс нь салсаны дараа Жеймс Дэвид Хэймел (англи. James David Hamel) гэж шинэ нөхрийнхөө овогийг түүнд өгсөн бөгөөд сүүлд тэрээр өвөг эцэг Жеймс Ли Вэнс (англи. James Lee Vance)-ийн овогийг авсан байна.

Жеймс Вэнс 2003 онд ахлах сургуулиа төгсөөд Тэнгисийн явган цэргийн ангид элсэж, Иракийн дайны үеэр тус корпуст олон нийттэй харилцах ажилтнаар ажиллаж байгаад 2007 онд цэргийн албаа хааж дуусгасан байна. Улмаар тэр 2009 онд Охайогийн Их сургуулийг улс төр судлал, философийн чиглэлээр сурч дуусгаад 2013 онд Йелийн хуулийн сургуулийг төгссөн байна. Тэрээр Иллиной мужийн Сидли Остин хуулийн фирмд өмгөөлөгчөөр ажиллаж байгаад Цахиурын хөндийд карьераа үргэлжлүүлсэн.