Jump to content

Жэймс Кертис Хэпберн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жэймс Кертис Хэпберн
Төрсөн1815 оны 3 сарын 13 (1815-03-13)
Нас барсан1911 оны 9 сарын 21
(96 насалсан)
ХарьяалалАмерикчууд
Алма матерПринстон Их сургууль
Пеннсильванийн Их Сургууль
Known forХятад, Япон улсуудад хийсэн эмнэлгийн номлолууд
Хэпберн галигийн систем

Жэймс Кертис Хэпберн (1815 оны 3 сарын 13-аас 1911 оны 9 сарын 21) бол Америк улсын эмч, боловсролын зүтгэлтэн, орчуулагч, Христийн шашны номлогч байжээ. Япон хэлнээс латин үсэг рүү галиглах Хэпберний галигийн системийг зохиож, япон-англи толь бичгээр дамжуулан олон нийтэд түгээснээрээ алдартай.

Мэйжи Гакүин Их сургууль дахь Хэпберний хөшөө

Хэпберн 1815 оны 3 дугаар сарын 13-нд Пеннсилвани мужийн Милтонд төрсөн. Принстон Их сургуульд сурч, магистрын зэрэг хамгаалсан бөгөөд дараа нь Пеннсилванийн Их сургуульд орж, 1836 онд эмнэлгийн магистр зэрэг авсан[1] бөгөөд эмч мэргэжилтэй болсон. Өрнийн анагаах ухааныг дэлгэрүүлэхээр Хятадад явах шийдвэр гаргасан ч, Хар тамхины нэгдүгээр дайн болж, Хятадын боомтууд гадаадын иргэдэд хаалттай байсан тул Сингапурт хоёр жил саатажээ. 5 жил ажилласны дараа 1845 онд АНУ-д эргэн ирж Нью-Йорк хотод эмнэлгийн үйлчилгээ нээв.[2]

1859 онд Хэпберн Америкийн Пресвитерианы номлогчдын байгууллагын харьяанд Японд эмчийн үүрэгтэй номлогчоор очжээ.[1] 1859 оны аравдугаар сард Нагасакид анх ирснийхээ дараа удалгүй шинэчлэн нээгдсэн гэрээний боомт Ёкохама руу нүүж, 1861 оны дөрөвдүгээр сард Сокоожи сүмд анхны эмнэлгээ байгуулсан байна. Хэпберн анх Канагавад орших Жобүцүжи хэмээх хуучин, эвдэрхий сүмд амьдарч байв. Энэ сүм урьд нь Голландын консулын байр байжээ. Тэрээр гэрээний шинэ боомтод оршин суусан анхны христийн номлогч болсон юм. Хэпберний гэр бүл Жобүцүжид Голландын шинэчлэгдсэн сүмийн номлогч Сэмюэл Роббинс Брауны гэр бүлтэй хамт амьдарч байв. Тэд хурдан хугацаанд орон нутгийн гадаад иргэдийн хамт олонд уусан шингэсэн бөгөөд Хэпберн АНУ-ын консул Таунсэнд Харрисын хүндэт эмчээр томилогдсон юм.

1867 оны тавдугаар сард, олон жилийн турш туслахаар нь ажилласан Кишида Гинкоотой хамт Хэпберн япон–англи толь бичгийг хэвлүүлжээ. Уг толь бичиг нь Япон хэл сурах хүсэлтэй хүмүүст зориулсан стандарт гарын авлага болсон.[3] 1886 онд гарсан толь бичгийн гурав дахь хэвлэлд,[4] Хэпберн Япон үсгийг латин үсгээр бичих шинэ системийг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь “Япон үсгийг латин үсгээр бичих нийгэмлэг” (ローマ字会, роомажикай)-ээс боловсруулсан байв. Энэхүү системийг Хэпберний толь бичиг олон нийтэд түгээсэн учраас өнөөдөр “Хэпберний галигийн систем” гэдгээр хүмүүс мэддэг. Хэпберн бас Библийг япон хэл рүү орчуулахад хувь нэмэр оруулсан.[5]

Ёкохама хотын Их сургуулийн Хэпберний танхим — Япон улсын Ёкохама хот
1880 оны 4-р сарын 29-нд Японд буй Хэпберн болон түүний гэр бүл

Хэпберн 1892 онд АНУ руу буцжээ. 1905 оны 3-р сарын 14-нд, Японы “Нар мандах одон”-гийн гуравдугаар зэргийн шагналаар шагнагдсан. Хэпберн уг хүндэт шагналыг хүртсэн хоёр дахь гадаад хүн болжээ. 1911 оны 9 дүгээр сарын 21-нд Нью-Жерси мужийн Ист Орэнж хотод 96 насандаа нас баржээ. Түүний шарилыг Орэнж хотын Роздейл оршуулгын газарт оршуулав.

  1. 1.0 1.1 "James Curtis Hepburn: H: By Person: Stories: Biographical Dictionary of Chinese Christianity". www.bdcconline.net. Эх хувилбараас архивласан: October 25, 2016. Татаж авсан: September 24, 2010.
  2. "James Curtis Hepburn". Эх сурвалжаас архивласан огноо July 7, 2002. Татаж авсан: September 27, 2024.{{cite web}}: CS1 maint: bot: original URL status unknown (link) - famousamericans.net
  3. Ion, Hamish, A. (2009). American Missionaries, Christian oyatoi, and Japan, 1859-73. Vancouver, BC: UBC Press. х. 80. ISBN 978-0-7748-1647-2.{{cite book}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  4. Hepburn, James Curtis (1886). A Japanese–English and English–Japanese Dictionary (3rd хэвлэл). Tokyo: Z. P. Maruya. Татаж авсан: July 25, 2009.
  5. "Giving You Holy Bibles the Way They Were Originally Printed".