Загалмайтны найм дахь аян

Загалмайтны найм дахь аян дайн анх зөвхөн Францын аян байсан бөгөөд 1270 оны зун францын IX Луи хааны удирдлага дор эхэлсэн.
Язгууртнууд алс холын цөл рүү аялахын тулд өмч хөрөнгөө зарахыг хүсээгүй учраас Загалмайтны аян дайныг удирдсан Луи хаан анх удаа бүх зардлыг хариуцаж, рыцариудын цалинг төлөх ёстой болсон юм.
IX Луи Ариун газар руу дайлахаа тангараглаж, 1267 онд Ромын Пап лам IV Клементаас загалмайг хүлээн авчээ. Луи хааны 3 хүү мөн адил зан үйл хийжээ. IV Клемент Палестины Христэд итгэгчдэд шинэ загалмайтны аян дайн зарласан тухай мэдэгджээ. Гэсэн хэдий ч дайны зөвлөлөөр Хафсидын гүрний мэдэлд байсан Тунис руу явахаар шийджээ.
1270 оны 7-р сарын 14-нд Францын хөлөг онгоцууд эртний Карфагены эрэгт хүрчээ. Газар буусны дараа загалмайтнууд Мавруудын хамгаалдаг цамхагийг эзлэн авч, ойролцоо буудаллаж, Тунисыг бүслэхэд бэлтгэж эхлэв. Францчууд давсалсан мах идэж, өлсгөлөн, цангаанаас болж зовж шаналж байв. Хуаранд халууралт, цусан суулга өвчин дэгдэж эхлэв. Залуу хунтайж Жон Тристан нас баржээ. Удалгүй IX Луи өөрөө өвчинд автав. Тэрээр өөрийнхөө төлөө залбирал үйлдэхийг өв залгамжлагч Филипдээ зааварчилсан боловч хэсэг хугацааны дараа IX Луи нас барсан байна.
Удалгүй Провансын гүн, Сицилийн хаан Анжугийн I Чарльз Африкт ирэв. Тэрээр загалмайтны олон тооны армиа дагуулан иржээ. Франц, Сицилийн хамтарсан цэргүүд Мооруудыг түлхэн ухрааж, хот руу ойртов. Тунисын захирагч сандарч, Загалмайтны хуаранд элч илгээж 10-р сарын 31-нд эвлэрлийн гэрээ байгуулав. Тунис Сицилийн хаанд хүндэтгэл үзүүлэхээ амлаж Христийн шашны лам нар тэнд суурьшиж, орон нутгийн сүмүүдэд номлохыг зөвшөөрсөн байна. Буцах замдаа загалмайтныхан далайд шуургатай тулгарч Хааны ах болон 4 мянган цэрэг амь үрэгдсэн түүхтэй. III Филипп Франц руу харих замда залуу хатан хаан ч мөн бас нас баржээ. Гашуудаж буй хаан аав, ах, эхнэрийнхээ шарилыг гэрт нь авч иржээ.