Загастайн даваа

Загастайн даваа нь Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй баг дахь, Монгол орны баруун нутгийн Тарвагатайн нуруунд байрлах хамгийн хүнд, бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох хүндрэлтэй даваа юм

Завхан аймгийн төвийг нийслэл Улаанбаатар хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын 40 км орчим нь Загастайн даваагаар дайран өнгөрдөг. Энэ даваагаар олон мянган жил морь, үхэр тэрэг, тэмээн жингээр бараа зөөдөг байсан түүхтэй. 1960 онд анх удаа зөвлөлтийн УАЗ-469 машинаар давж байсан гэдэг. 1964 онд засвар хийж сайжруулсан зам болсон байна. 2012 оны үед "Мянаны зам"-ын төслийн дагуу хатуу хучилттай автозам тавих асуудал хөндөгдөж ирсэн боловч зөвхөн 2019 онын зун Загастайн давааны замын өргөтгөл, хадны тэсэлгээ, газар шорооны ажил эхэлж хатуу хучилттай замын ажлыг эрчимтэй хийж 2021 оны 10-р сард ашиглалтанд оруулжээ.

Загастайн давааны авто зам хатуу хучилттай болсноор Завхан аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож, иргэд тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж бөгөөд цаг зав, шатахуун тос хэмнэж, техникийн эвдрэл багасах гээд олон сайхан нөхцөл бүрдэж байна. Мөн тус аймгийг зорин очих гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, цаашлаад тухайн орон нутгийн хөгжил, бараа товарын үнэ буурах зэрэг үр өгөөжөө өгөх юм.

Нэрний угшил[засварлах | кодоор засварлах]

1950-ад оноос өмнө Загастайн даваан дээр олон жижиг булаг шандтай байсан бөгөөд тэнд нь загас жараахай олноор байдаг байснаас "Загастайн даваа" гэгдэх болсон байна.

Засагтайн давааны хүн чулуу[засварлах | кодоор засварлах]

Эрт урьд цагт Монголчууд хятадад ноёрхож байхад юм гэнэ. Хятадууд бослого гарган Монгол хааны аминд хүрээд зогсохгүй үр удмаар нь хүйс тэмтрэх хорон санаа өвөрлөжээ. Хааны эхнэр нэгэн ламын туслалцаатайгаар Чингис хааны хойчийг залгамжлах бяцхан нуган үрээ аван санд мэнд зугтаж амжиж гэнэ. Босуул гурав тэмээ унан говь цөлийг туулан эх Монгол нутгаа тэмцжээ. Хятад түшмэд тэднийг барьсан хүнд их хэмжээний шагнал амлан 300 морьтон цэрэг илгээн тэдний араас мөрдүүлж гэнэ.

Хөөн ирсэн дайсанд гүйцэгддэгийн даваан дээр лам тэнгэр бурханд залбиран хур гуйсанд их цас орж морь унасан хятад цэрэг урагшилж үл чадан ард хоцорчээ. Ийнхүү тэд явсаар Загастайн даваанд дөхөж байтал мөрдөн хөөгчид дахин ойртож иржээ. Оргодол гурван Монголын толгойг тасдан аваачиж өндөр шан хүртэхийг горьдсон хятадуудын баясан хашгирах дуу араас нь улам ойртсоор л. Гэтэл давааны оройд гараад тамир нь барагдсан ламтан үхэдхийн унаж бурхны оронд оджээ.

Яахаа мэдэхээ байсан залуу хатан бяцхан хүүгээ дээш өргөн “Монгол газрын этүгэн эх дэлхий, бурхад минь ээ! Монгол хэмээх нэрийг даян дэлхийд цууриатуулсан агуу их хүний удмыг энэрэн соёрхож хайрла! Чингис хааны яс махны тасархайг үхлээс хэлтрүүлж соёрхооч! гэж гуйн хашгирсан байна. Тэгтэл түүний хажууд нэгэн бяцхан цагаан хулгана гарч ирээд хүний хэлээр намуухан дуу гарган: “Чамайг авруулахаар намайг илгээсэн болой. Айж тэвдэлгуй аян замаа үргэлжлүүлсүгэй. Хүүг чинь гайхамшигтай суу алдар, харин мөрдөн хөөгч нарыг үхэл хясал хүлээж буйг мэдтүгэй! хэмээжээ.

Хатан хулгана руу үл итгэсэн харцаар харж “300 морьтон дайчныг өчүүхэн жижиг хулгана дийлнэ гэж үү” хэмээн асууужээ. Гэнэт тэнгэр нижигнэж аянга цахилан асар том хадан цохио хагаран нурж доороос өгсөн ирж байсан морьтон эрсийг бяц даран хаман оджээ. Тэгээд өнөө бяцхан хулгана хадан дээр үсрэн гараад:

- Би бол Загастайн эзэн савдаг байна. Би бурхадын ивээлд байдаг хүчирхэг нэгэн билээ, харин чи ид шидэт хулгана миний хүч чадалд эргэлзсэний чинь төлөө Загастайн даваа энэ өдрөөс зөвхөн нүгэлт хүмүүст ч бус, басхүү буянт хүмүүн нарт саад тотгор учруулах болмуй” гэжээ.

Энэ цагаас хойш үүгээр явагсад Загастайн даваанаас аюун сүрдэх болсон түүхтэй байна.