Jump to content

Занзибар Султант улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Занзибар Султант улс (араб. سلطنة زنجبار‎, англи. Sultanate of Zanzibar, свахили. Usultani wa Zanzibar) — 19-р зуунаас 1964 оны 1-р сарын 12 хүртэл оршин тогтнож байсан улс. 1964 оноос нааш Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улсын нэг хэсэг болсон юм.

Оманы султан Бу Саиди өөрийн угсааны залуу гишүүдэд Занзибарыг хуваарилан өгсөн байдаг юм. Занзибарын Султаны эрх мэдэл өмнө нь Зүүн Африкийн эрэг дагуу, Ози голын эрэг дээрх Далгадо хошуу болон Кипини хооронд, мөн Унгужа (Занзибар арал), Пемба болон бусад арлууд хүртэл тархсан байв. Боолын худалдаа, халуун ногоо, зааны яс болон бусад бараа бүтээгдэхүүний худалдаа эрчимтэй эрхэлдэг байжээ. Занзибарт өргөн хүрээтэй бүтээн байгуулалт өрнөж байсан юм.

Оманы султануудын хамгийн хүчирхэг нь болох Саид ибн Султан 1853 онд нийслэлээ Мускатаас Занзибар руу нүүлгэн шилжүүлж, Зүүн Африкийн эзлэгдсэн нутаг дэвсгэрийг хянах зорилготой байжээ. Гэвч 1861 онд Хафис (засаг дарга) Мажид ибн Саидын (1861-1870) хаанчлалын үед Занзибар Султант улс нь 19-р зууны эхэн үеэс хойш Зүүн Африкийг идэвхтэй колоничилж байсан Британичуудын дэмжлэгийг авч, Оманы Султант улсаас салсан юм.

1880-аад оны дунд үе гэхэд Занзибар улс нь Их Британийн эзэнт гүрний нөлөөний хүрээнд багтаж байсан боловч албан ёсны эзэмшил тогтоогдоогүй байв. Герман Зүүн Африкийг эзэмшихдээ Занзибарын Султантай эргийн дагуу газар нутгийг түрээслэх гэрээ байгуулжээ. 1888 оноос хойш Рувума голоос Жуба гол хүртэлх зурвасыг Германы Зүүн Африкийн компани хариуцаж байсан бол Жубагийн хойд хэсэг, мөн Танагийн хойд хэсэгт орших боомт, арлуудыг Их Британийн Зүүн Африкийн компани хариуцаж байжээ. 1890 онд Занзибарын гэрээ гэгчийг байгуулав: Их Британи Занзибарын Султант улсад эзэмшил тогтоож, Герман өмнө нь түрээсэлсэн эргийн шугамын эрхийг Султаны 4 сая маркаар худалдаж авчээ.

20-р зууны эхний хагаст Занзибар султант улс Их Британийн өүрэн хяналтад байсан хүүхэлдэйн султант дэглэм тогтсон боловч Занзибар нь хагас тусгаар тогтносон улс хэвээр байв.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Занзибарт Их Британийн болон султан ноёрхлын эсрэг тэмцэл эрчимжсэн байна.

1963 оны 12-р сарын 10-нд Занзибар улс тусгаар тогтнолоо зарлаад 12-р сарын 16-нд НҮБ-д элссэн юм. Гэвч 1964 оны 1-р сарын 12-нд Занзибарт феодалын эсрэг Занзибарын хувьсгал болж улмаар Занзибар, Танганьика улсуудыг нэгдмэл улс буюу Танганьика, Занзибарын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс болгон нэгтгэх үйл явцыг хурдасгасан (1964 оны 11-р сарын 1-нээс Танзанийн Нэгдсэн Бүгд Найрамдах Улс) түүхтэй юм.