Зах зээлийг ангилах
Ф.Котлер нь компаниудыг зах зээлд үндсэн 4 байр суурийг эзлэх боломжтой гэж үзсэн байдаг. Зах зээлд тэргүүлэгч, тэмцэгч, дагалдагч, сиймхийлэгч, гэсэн өөр өөрийн онцлогтой стратеги баримталсан байршил байдаг. Үүнд: 1) Тэргүүлэгчийн стратеги нь зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, эзлэх байр сууриа хамгаалах, эзлэх хувиа өсгөх гэж ангилагддаг. Энд ихэвчлэн ихэнхи зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн бусдаасаа давамгай байр суурь эзлэх тэргүүлэгч компани байдаг. Жишээлбэл жижиглэнгийн худалдаанд Wal-mart, хүнд оврын машин тоног төхөөрөмжийн зах зээлд Caterpillar гэх мэт. Тэргүүлэгч компани шинэ бүтээгдэхүүн боловсруулах хуваарилалтын цар хүрээ, идэвхижүүлэлтийн үйл ажиллагаагаараа бусдаасаа давамгайлсан байдалтай байдаг. 2) Тэмцэгч нь зах зээлд тэргүүлэгчээс доогуур байр суурь эзэлж жагсдаг ч тэд тэргүүлэгчдийн адил том компаниуд байдаг. Практикаас харахад Colgate, Ford ба Pepsi Со гэх мэт байдаг ба эдгээр компаниудад хоёр сонголт байдаг. Зах зээлд тэргүүлэгч болон бусад компаниудтай үзүүр түрүү булаалдан зах зээлд эзлэх байр сууриа өсгөх. Эсвэл зах зээлд өрсөлдөх хэнийг ч хөндөхгүй өөрийн замаар урагшлан дагагчийн стратеги баримтлах. 3) Том компани болгон тэргүүлэгч болохыг хүсдэг гэвэл эндүүрэл ба тэргүүлэгчид хэзээч бусад компаниудыг анхааралгүй үлдээдэггүй. Дагалдагч нь хэд хэдэн давуу талтай ба тэргүүлэгчийн зах зээлд үзүүлэх үйлдлээс үлгэр жишээ авдаг. Ингэж үлгэр жишээ авснаар бүтээгдэхүүнийг хуулбарлан сайжруулахад хамаагүй бага зардал гарах нь ойлгомжтой юм. Иймээс тэмцэгчийн хувьд зах зээлд тэргүүлэгч болохгүй ч түүнээс дутахааргүй ашиг олох бүрэн боломжтой юм. 4) Ямар ч салбарт зах зээлийн сиймхийд төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг компаниуд байдаг байна. Ийм компаниуд зах зээлийн сиймхий буюу дэд сегментүүдийг сонгон ажилладаг талтай ч ашгийн хувь өндөр байдаг. Сиймхийч нь зорилтот зах зээлээ сайтар таньж мэдсэн байдаг учир хэрэглэгчийнхээ эрэлт хэрэгцээг бусдаас илүү хангадаг. Зах зээлийн сиймхий нь хангалттай ашиг өгөхүйц, ирээдүйд өсөх боломжтой , өрсөлдөгчийн анхаарлыг татахааргүй байх ёстой .