Зохиогчийн эрх

Зохиогчийн эрх  гэдэг нь өвөрмөц шинж бүхий оюуны бүтээл туурвисан бүтээгч буюу зохиогчид хууль ёсны дагуу тухайн бүтээлийг цаашид хэрэглэж, түгээхээр олгож буй онцгой эрхийг хэлдэг. Онцгой эрхийг зөвхөн тодорхой цаг хугацааны туршид эзэмших боломжтой. Тухайн эрх нь бүрэн төгс биш бөгөөд зарим нэг тодорхой хязгаарлалтууд болон үл тооцогдох нөхцөлөөр хязгаарлагддаг, жишээ нь зохиогчийн эрхийн хуулийн хүрээнд шударга хэрэглээ гэсэн зарчмын дагуу бусад хүмүүс зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг ашиглаж болдог. Зохиогчийн эрхийн нэг том сул тал гэвэл уг эрх зүйн хамгаалалт нь зөвхөн зохиогчийн бүтээлээ илэрхийлж буй арга замыг хамгаалдаг бөгөөд түүний гаргаж буй санааг хамгаалдаггүй юм. Өөрөөр хэлбэл зохиогчийн эрх нь хэн нэгний санааг бус, тухайн санааг илэрхийлж буй арга замыг хамгаалдаг гэсэн үг. 

Зохиогчийн эрх нь оюуны өмчийн нэг төрөл бөгөөд зарим нэг төрлийн бүтээлч ажилд хамааралтай. Ихэнх улс орнууд зохиогчийн эрхийн хамгаалалттай ажлуудыг заавал биет хэлбэрт "оруулж, буулгасан" байхыг шаарддаг. Зохиогчийн эрхийг дийлэнх тохиолдолд хэд хэдэн зохиогчид хамтран эзэмшдэг бөгөөд тэдгээр хүмүүс тус бүртээ тодорхой хэсэг эрхийг эзэмшиж, цаашид хэрэглэж аль эсхүл тухайн эрхийг бусдад лицензлэх боломжтой. Зохиогчийн эрх эзэмшиж буй хүмүүсийг эрх эзэмшигчид гэдэг. Дээр дурдсан хэсэг бүлэг эрхэд голдуу дараах эрхүүд багтдаг. Үүнд: олшруулах эрх, үүсмэл бүтээл туурвих эрх, зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг цаашид түгээх эрх, олон нийтийн өмнө тоглолт зохион байгуулах эрх болон ёсны эрх гэх зэрэг эрхүүд багтана.

Зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн жагсаалт[засварлах | кодоор засварлах]

Бернийн конвенцийн дагуу "утга зохиол ба урлагийн бүтээл" гэсэн нэр томъёонд бүтээсэн арга, хэлбэрийг үл харгалзан дараах бүтээлүүдийг хамруулдаг. Үүнд:

  • Утга зохиол, шинжлэх ухаан, урлагийн бүх бүтээл, тухайлбал ном товхимол болон бусад бичмэл зохиол;
  • Лекц, хэлсэн үг, номлол болон ийм төрлийн бусад бүтээл;
  • Жүжгийн ба хөгжимт-жүжгийн зохиол
  • Жүжгийн бүтээл болон үггүй жүжиг
  • Үгтэй ба үггүй хөгжмийн бүтээл
  • Кино зураг болон түүнтэй ижил аргаар бүтээсэн бүтээл
  • Зураг, уран зургийн, уран барилгын, уран баримлын зураасан зургийн болон гарын бүтээл
  • Гэрэл зургийн ба түүнтэй ижил аргаар бүтээсэн бүтээл
  • Хавсарга урлагийн бүтээл
  • Номын зураг, газрын зураг, төлөвлөгөө
  • Үлгэрчилсэн зураг
  • Газар зүй, байр зүй, уран барилгын болон шинжлэх ухаанд холбогдох гурван хэмжээст бүтээл
  • Мэдээллийн сан
  • Компьютерийн програм хангамж
Оюуны өмчийн эрх зүй
Патент
Шинэ бүтээл, Ашигтай загвар, Аж үйлдвэрийн загвар
Зохиогчийн эрх
Ёсны эрх, Эдийн засгийн эрх
Барааны тэмдэг
Уламжлалт тэмдэг, Уламжлалт бус тэмдэг
Газарзүйн заалт
Гэрчлэх тэмдэг, Хамтын тэмдэг
Худалдааны нууц
Нууж жор, Нууцлалын гэрээ

Зохиогчийн эрхийн хамгаалалт[засварлах | кодоор засварлах]

1886 онд байгуулагдсан Утга зохиол болон урлагийн ажлыг хамгаалах тухай Бернийн конвенц нь олон улсын түвшинд зохиогчийн эрхийг хамгаалах эрх зүйн суурь үндсийг тавьж өгсөн байдаг. Тухайн цаг үед улс орнууд зохиогчийн эрхийг голдуу хоёр талын гэрээ байгуулан хамгаалдаг байжээ. Монгол Улсын хувьд 1993 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өөрсдийн Зохиогчийн эрхийн тухай хуулийг хамгийн анх баталж[1], улмаар Бернийн конвенцид 1997 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр нэгдэн орсон байна.[2]

Зохиогчийн эрх нь патентын эрхийн адил эрх эзэмшигчид хэд хэдэн онцгой эрхийг олгодог. Энэ онцгой эрх нь дийлэнх улс орнуудад зохиогчийн амьдралын туршид болон түүнийг нас барснаас хойш 50 жилийн туршид хүчин төгөлдөр үйлчилсээр байдаг. Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд[3] энэ зарчмын дагуу эрхийн хугацааг нас барснаас хойш 50 жилийн туршид үйлчилнэ гэж заажээ. Зохиогчийн эрх нь дотроо хоёр төрөлд хуваагддаг. Энэ нь ёсны эрх болон эдийн засгийн эрхийг хэлдэг. Тухайн хоёр төрлийн эрх нь цаашид задран хэд хэдэн үйл ажиллагааг хориглож, таслан зогсоох боломжийг олгодог. Тухайлбал зохиогчийн ёсны эрх (буюу эдийн бус баялгийн эрх) нь цаашид задран:

  • бүтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх;
  • зохиомол, нууц нэрийг түүний зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, задруулахыг хориглох;
  • бүтээлээ нийтлэх эсхүл бүтээлийг ашиглах тухай бүр нэрээ дурдуулах;
  • бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох[4] боломжийг олгодог.

Харин эдийн засгийн эрх нь цаашид задран:

  • бүтээлийг хуулбарлах;
  • бүтээлийг нийтлэх;
  • бүтээлийг нийтэд түгээх;
  • үүсмэл бүтээл болгон өөрчлөх;
  • түрээсээр ашиглуулах [5] боломжийг олгодог байна.

Шинэ бүтээл туурвисан зохиогч өөрийн эрхийг баталгаажуулахын тулд зохиогчийн эрхийг хариуцсан албан ёсны байгууллагад өөрийн бүтээлийг бүртгүүлэх ямар нэгэн шаардлага байхгүй. Гэхдээ хэрвээ тэр хүсвэл зохиогчийн эрхээ албан ёсоор тухайн байгууллагад бүртгүүлэн гэрчилгээ авах боломжтой. Монгол Улсын хэмжээнд Оюуны өмчийн газар нь энэ ажлыг хариуцан гэрчилгээ олгодог. Үүнээс гадна зохиогчийн эрх нь патентын адил нутаг дэвсгэрийн шинжтэй байдаг тул зарчмын хувьд Монгол Улсад туурвисан бүтээл зөвхөн Монгол Улсад л хүчинтэй байх ёстой. Гэтэл орчин цаг үед дэлхий ертөнц даяаршиж, интернет цахим орчинд хэрэглэгч бүр өөрийн дуртай мэдээллээ оруулж, түгээх боломжтой болсон учраас зохиогчийн эрхийг компьютерын эрин үед хамгаалах асуудал уран зохиолчид, уран бүтээлчид, бодлого боловсруулагчид болон бизнес эрхлэгчдэд томоохон хүндрэл учруулсаар байна. Дэлхийн улс орнууд оюуны хулгайтай тэмцэхээр янз бүрийн арга хэмжээ авч байгаа боловч уг асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй өнөөдрийг хүртэлх замыг туулжээ. Оюуны хулгайг мөн бүтээлийн хулгай гэж нэрлэдэг.

Ашигласан материал[засварлах | кодоор засварлах]

  1. "Archive copy". Archived from the original on 2023-07-02. Retrieved 2018-01-22.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  2. "Archive copy". Archived from the original on 2018-01-16. Retrieved 2018-01-22.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  3. МУ-ын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, 13 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн хугацаа: Archive copy (Memento 21. Нэгдүгээр сар 2018 цахим архивт)
  4. МУ-ын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, 11 дүгээр зүйл. Эдийн бус баялгийн эрх: Archive copy (Memento 21. Нэгдүгээр сар 2018 цахим архивт)
  5. МУ-ын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, 12 дугаар зүйл. Бүтээл ашиглах онцгой эрх: Archive copy (Memento 21. Нэгдүгээр сар 2018 цахим архивт)