Jump to content

Жян Чин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Зян Цин-с чиглүүлэгдэв)
Жян Чин, 1976 он

Жян Чин (хятад. 江青, төрөхдөө Ли Шүмэн 李淑蒙, англи. Jiang Qing, 1914 оны 3-р сарын 14-нд төрж, 1991 оны 5-р сарын 14-нд Бээжин хотод нас барсан) мөн тайзны Лань Пин (хятад. 蓝苹) нэрээр алдаршсан Хятадын эмэгтэй жүжигчин. 1938 онд Мао Зэдунгийн 4 дэх эхнэр болж БНХАУ-д ихээхэн эрх мэдэлтэй болсон. Тэрээр Хятадын Соёлын хувьсгалыг удирдахад гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Залуу Жян Чин, Мао нар. 1940 он.

Ли Шүмэн 1914 онд Хятадын Шаньдун мужийн Жүчэн хотод мужаан хүний гэр бүлд төрсөн байна. 16 настайдаа тэрээр аялан тоглодог жүжигчдийн багт нэгдэн оржээ. 1930-аад онд тэрээр Шанхай хотын театрт тоглож эхлээд кинонд тоглож, концертын бригадтай хамт улс орон нутгаар аялан тоглолт хийдэг байсан.

1933 онд тэрээр Хятадын Коммунист Намд элсэээд 2 сарын дараа анхны нөхрөө баривчлагдан шоронд ороход Шанхай руу зугтсан ажээ. 1934 оны намар түүнийг баривчилсан боловч гурван сарын дараа ямар ч тайлбаргүйгээр сулласан байдаг. Удалгүй тэрээр Лань Пин хэмээх нууц нэрээр Шанхайн театрын тайзнаа тоглож, кинонд тоглож эхлэв. Ялангуяа Хенрик Ибсений “Хүүхэлдэйн байшин” жүжгээс сэдэвлэсэн жүжгийн Норагийн дүрийг бүтээж, амжилтад хүрсэн юм. Лань Пин мужийн хэмжээний алдартай жүжигчин болж, цөөн хэдэн кинонд тоглосон байна.

1936 онд Тан На (唐纳) хэмээх жүжигчинтэй гэрлэж байгаад түүнийг орхиод Яньин дахь коммунистууд руу оргон зугтжээ. Тэндээ Мао Зэдунтай танилцаж 1938 онд гэрлэж 4 дэх эхнэр нь болжээ.

1940 онд тэд нар сүүлд 2003 онд Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүнээр томилогдсон Ли На (李讷) хэмээх ганц охинтой болжээ.

1950-аад оны сүүлээр тэрээр БНХАУ-ын Соёлын сайдын албан тушаалд очжээ. Зян Цин гэх нэр нь Хятадын уламжлалт соёлын үнэт зүйлсийг устгах үйл явц, бүтээлч сэхээтнүүдийг хавчлагатай холбоотой байсан юм. Түүний санаачилгаар хувьсгалт дуурь, хувьсгалт балетууд хаа сайгүй тавигдаж эхэлсэн нь "шинэ урлаг"-ын үзэгдлийг гол титэм болгосон юм.

Анхны туршилтыг 1964 онд Соёлын хувьсгалаас өмнөхөн хийж байжээ. Бээжин дуурийн уламжлалт загвараар шинэ агуулгатай хувьсгалт дуурь бий болсон. Бээжингийн театрын уран бүтээлчид Жян Чингийн уг туршилтыг сөргөөр хүлээж авсан байдаг юм.

БНХАУ-ын удирдагч Мао Зэдунг нас барсны дараа 1976 оны 10-р сард 62 настай бэлэвсэн эхнэр Жян Чин "Дөрвөн бүлэг"-ийн гишүүнээр тодорч, түүнийг Соёлын хувьсгалын гэмт хэрэг болон Маогийн засаглалын үеийн бусад "алдаа"-нд хариуцлага тохож буруутгасан шүүх 6 жил үргэлжилсэн байна. Хуа Гофэн түүнийг болон Линь Бяо нарыг хувьсгалын эсэргүү үйл ажиллагаанд мөн буруутгасан юм. Тэрээр: "Би Мао удирдагчийн нохой байсан. Түүний хаз гэсэн хүнийг хаздаг байсан" гэж мэдүүлсэн байдаг.

Жян Чинд цаазаар авах ял оноож, дараа нь бүх насаар нь хорих ялаар сольсон бөгөөд сүүлд эрүүл мэндийн шалтгаанаар (хоолойн хорт хавдар) суллажээ. Зян Цин суллагдаад удалгүй эмнэлэгт 1991 оны 5-р сарын 14-нд өөрийгөө дүүжилж егүүтгэсэн юм.

Зян Циний хэрэглэж байсан нэрс

[засварлах | кодоор засварлах]
  1. Төрөхөд нь өгсөн нэр: Ли Шүмэн (хятад. 李淑蒙, пиньинь Lǐ Shūméng)
  2. Нэмж авсан нэр: Ли Жиньхай (хятад. 李进孩, пиньинь Lǐ Jìnhái)
  3. Сурагч байхад хэрэглэсэн нэр: Ли Юньхэ (хятад. 李云鹤, пиньинь Lǐ Yúnhè) — «Үүлэн тогоруу»
  4. Товч нэр: Ли Хэ (хятад. 李鹤, пиньинь Lǐ Hè) — «тогоруу»
  5. Тайзны нэр: Лань Пин (хятад. 蓝苹, пиньинь Lán Píng) — «цэнхэр алим»
  6. Хувьсгалт хоч: Жян Чин (хятад. 江青, пиньинь Jiāng Qīng) — «голын цэнхэр туяа»
  7. Зохиолчийн нууц нэр: Ли Жинь (хятад. 李进, пиньинь Lǐ Jìn)
  8. Сүүлд хэргэлж байсан нэр: Ли Руньчин (хятад. 李润青, пиньинь Lǐ Rùnqīng)