Зүүнгар–Чин улсын дайн
| Зүүнгар–Чин улсын дайн | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Даваачын Чин улсад бууж өгсөн нь, 1756 он. | |||||||||
| |||||||||
| Байлдагч талууд | |||||||||
|
|
| ||||||||
| Командлагч болон удирдагчид | |||||||||
|
|
| ||||||||
Зүүнгар–Чин улсын дайн (准噶尔之役) нь Зүүнгарын Хаант Улс ба Чин улс, түүний монгол хараат улсуудын эсрэг тулгасан цуврал дайнууд юм. Тулаан Өвөр Азийн өргөн хүрээг хамарсан, өнөөгийн төв болон зүүн Монголooc эхлээд одоогийн Хятадын Төвөд, Хөхнуур муж, Шинжаан зэрэг бүс нутгуудад тулалдаж байв. Чин улсын ялалт эцэстээ Ар Монгол, Төвөд, Шинжааныг Чин улсын эрхшээлд хүргэсэн бөгөөд энэ нь 1911–1912 оны гэмтний уналт хүртэл үргэлжилж, эзлэгдсэн газруудад Зүүнгарын хүн амын ихэнх хэсгийг геноцид үйлдсэн.

Өмнөтгөл
[засварлах | кодоор засварлах]
1368 онд Юань гүрэн задран унаж, Монголчууд эх нутагтаа эргэн ирж, Хятад газарт хань угсааны Мин улс байгуулагдажээ. Цаг хугацаа өнгөрөхөд, Монгол улсын задрал туйлдаа хүрч үндсэн 3 хэсэгт салсан. Эдгээр нь Баруун Монгол буюу Ойрад түмэн, Ар Халхын 7 хошуу, Говиос өмнө орших Өмнөд Монгол юм. Эдгээрээс халх долоон хошуу, өмнөд Монголыг Даян хааны удмынхан захирч байсан. Тухайн цагт их хаад үе улиран байсан ч хүч чадал нь доройтоод Чахар найман отогт эзэн сууж, өвөр Халхын таван отог, Хорчин түмэн ёс төдий захирагдаж байв.
1616 онд Жянжу Зүрчидийн Айсингиоро овгийн Нурхачи баатар, бүх Зүрчидийн аймгийг нэгтгэж дуусаад, Хэту Ала хотод хаан ширээнд залагдаж, улсын нэрээ Хожуу Алтан улс гэж нэрлэсэн. Энэ нь хожим улам хүчирхэгжсээр 1636 онд өмнөд Монголын 16 аймгийг нэгтгэж, Монголын их хаан болжээ. Харин Ар Халхын 7 хошууны ноёд, Дөрвөн Ойрадын ноёд харьцангуй биеэ даасан байдалтай оршиж байв. 1636 онд Алтан улс нэрээ сольж, Их Чин улс гэж нэрлээд, Ар Халхыг Мин улстай хийх худалдааг хориглох хууль гаргасан. Ингээд Халхын гадаад улстай хийх худалдаа боогдож эхэлсэн.
Яг энэ цагт Хошуудын Төрбайх гүүш хан, Хөхнуур, Амдог эзлэн, Төвөдийг ноёрхон, Чоросын Эрдэнэбаатар хунтайж Ойрадын зүүн гарын, Хошуудын Очирт хан Ойрадын баруун гарыг захирч байсан. Улам бүр ойртож байсан Манжийн аюулаас сэргийлэх үүднээс Эрдэнэбаатар хунтайж, Зая бандида нарын санаачилгаар Ойрад-Монголын их чуулганыг зарлаж, Эрчисийн Улаан бураа гэх газарт их бага 28 ноён оролцож, Дөчин дөрвөн хоёрын их цаазыг баталжээ. 1652 онд Сэцэн хан Шолой, 1655 онд Түшээт хан Гомбодорж нар нас барж, тэднийг улс төрийн туршлагагүй хан хөвүүд залгамжилж, Чин улсын нөлөөнд автах болсноор энэ хуулийг хэрэгжүүлэхэд Халх, Ойрадын зүгээс бэрхшээл гарч эхэлсэн. 1650-иад онд Чоросын Эрдэнэбаатар хунтайж нас барж, Ойрадын зүүн гарын эзнээр Сэнгэ тодорсон. Гэтэл 1670 онд Сэнгэ хунтайж алагдсан бөгөөд энэ үед түүний дүү Галдан лам сахилаа хаяж, Зүүнгарын эзэн болсон. Галдан хунтайж 1676 он гэхэд бүх Ойрадыг нэгтгэж дуусаад, 1688 он хүртэл нутаг дэвсгэрээ баруун, баруун өмнөш ихээхэн тэлж, Зүүнгарын хаант улс гэж нэрлэгдэх үндэс тавигдсан.
1660-1680 оны хооронд Халхын Засагт хан ба Түшээт хан нарын ноёд эрх мэдэл, албат, газар нутгийн улмаас тогтворгүй байдал гарч, тусгаар байдал нь нилээд хэврэг болжээ. Энэ үед Засагт ханыг хэн залгамжлах тухайд удаан жилийн хэрүүл тэмцэл нь Зүүнгарын хаант улс, Төвөд, Чин улсыг оролцуулсан үйл явдал болжээ. 1686 онд Далай лам, Галдан бошигт хаан нарын санаачилгаар Халх, Зүүнгарыг эвлэрүүлэхээр Заг байдрагийн Хүрэн бэлчирийн чуулган хуралдажээ. Гэвч энэ нь үр дүнд хүрээгүй юм. Галдан бошигт өөрийн ах Доржжавт цөөн тооны цэргийг өгөөд Засагт ханы дэргэд суулгасан. Харин Чахундорж хан цэргээр довтолж, Засагт хан, Доржжав нарыг хороожээ. Ингэснээр Галдан бошигт 3 түмэн цэргээр Халхад дайран орж түйвээснээр Халхын ноёд тайж нарыг хэд хэдэн удаа ялсан. Ингээд Халхын олон ноёд тайж нар албатаа авч зугтсаар Чин улсад 20,000 өрхийн хамт нүүн очиж амь хоргодсон байна.
1689 онд Халхын их, бага ноёд ялагдаад Ар Элстэй гэх газар чуулган хийж, Манж Чин улсад дагаар орохоор болжээ. Энэ үед Галдан бошигтод Оросын зүгээс үзүүлэх тусламж зогссон. Учир нь Нэрчүүгийн гэрээгээр Чин улс-Орос улс хоёр хойд талын хилээ тогтоож, хэрэв Галдан бошигт Халхад довтолбол туслахгүй байх амлалт гаргуулж авсан юм.
Галданы цэрэг Халхын цэргийг нэхсээр 1687 онд, 1690 онд Чин улсын цэргийг Ологой нуурд Ологой нуурын тулалдаанд бут цохиод, 1690 онд Улаанбудангийн газарт Халх, Манжийн цэрэгт бүслэгдэн, арга заль хэрэглэж, оргон гарч, Хэрлэн гол руу ухран очсон.
1691 онд Долооннуурын чуулганаар Ар Халхыг Манжийн захиргаанд оруулсныг баталж, 8 хошууг 35 хошуу болгож задалжээ. Энэ үеэс эхлээд Халх-Зүүнгарын дайн дуусч, Зүүнгар-Чин улсын дайн эхэлсэн.
Эхний Зүүнгар–Чин улсын дайн
[засварлах | кодоор засварлах]Уг дайн нь 1690-1697 он хүртэл үргэлжилсэн. 1690 оны Улаанбудангийн тулалдаанд Галдан бошигт ялагдаж, ухран гарсан үйл явдлаас хойш Чин улс түүний эсрэг удаан хугацааны бэлтгэл хийж, 1696 онд 100,000 цэргийн хүчээр Монгол нутаг руу дайран оржээ. Уг цэргийн хүчийг Энх амгалан хаан өөрийн биеэр удирдаж, баруун замын 30,000 цэргийг Фиянгу жанжин удирдаж, Туул голд хүрээд Галданы цэрэгтэй байлдаж ялсан. Харин Энх амгалан хаан өөрийн удирдсан цэргээ авч буцсан. Зуунмод-Тэрэлжийн тулалдаанд ялагдсан Галдан бошигт зугтаж явсаар, Ховд ба Увсын нутагт дүрвэж очсон. 1697 оны 4 сарын 4 нд Ац Амтай гэх газар Галдан бошигт хор ууж амиа егүүтгэсэн. Үүгээр нэгдүгээр дайн өндөрлөжээ.
Зүүнгар-Манж Чингийн дайны тулалдаанууд
[засварлах | кодоор засварлах]Хотон нуурын тулалдаан
[засварлах | кодоор засварлах]1731 оны 6-р сард Их Цэрэндондов, Бага Цэрэндондов, Дорждамба нар Галданцэрэн хааны байлдааны төлөвлөгөөний дагуу 30,000 цэрэг дайчлан Эрчис мөрнөөс Гэр уулыг өнгөрөн Богдын даваанд хүрч ирээд байлдааны журамд оров. Энэ цэрэг ангид уулархаг газар байлдахдаа шаламгай Урайнхайчууд болон Хиргисүүд байсан ба Шведийн цэргийн офицер зохион бүтээгч Ренатийн их буут цэрэг байв. Их Цэрэндондов 2000 цэрэг томилон Хүрээтийн давааг сахиулж, Манж цэргийг өдөөн дотогш оруулахаар тогтов. Ховдод сууж байсан Манжийн гол хүч болох Умард замын цэргийн жанжин Пүрдэн монголчуудын аргад орон их цэргээ дагуулан Хүрээтийн даваан дахь Зүүнгарын цэргийг устгахаар 3 замаар давшин хүрч ирэв. Зүүнгарын 2000 цэрэг Манжийн цэрэгтэй ширүүхэн тулалдахын зэрэгцээ хуурмаглан ухарсаар Богдийн даваан дахь их цэргийнхээ отолтын цагирагт хөтлөн оруулсанд Манжийн цэрэг Богдийн даваанд хүрээ буув. Маргааш нь үүр гэгээрэхээс өмнөхөн гэнэт цоорын дуу дуугарч, Зүүн гарын их цэрэг өндөр дээрээс доош бүлэн дайрч нум сум ба галт буу хэрэглэн Манжийн цэргийн байлдааны журмыг эвдсэнд цэргүүд нь тал бүр зам булаалдан зугтаж Хүрээтийн даваанд ирээд арай чамайг тогтоов. Зүүн гарын цэрэг Хүрээтийн давааны доорх Хотон нуурт Манжийн цэргийг ахин 4 талаас нь бүслэн авч хэсэглэн салгаж, 10 шахам өдөр байлдсанд Манжийн цэрэг маш их хохирол амсаж дэд жанжин Басай, Цэбина зэрэг олон жанжин тулалдааны талбарт амь үрэгдэж Пүрдэн дөнгө 2000 цэрэгтэйгээр бүслэлтийг нэвтлэн гарч Ховд дахь цэргийн хуарандаа амь зулбан зугтаж очжээ. Хотон нуурын тулалдаанд Манжийн Умард замын цэрэг үндсэндээ сөнөсөн ажээ. Энэ ялагдлын дараа Манжууд цэргийн хуарангаа Цагаансүүлд шилжүүлсэн байна.
Эрдэнэзуугийн байлдаан
[засварлах | кодоор засварлах]Жавзандамба хутагтийг авахаар Халхын нутагт оросн Зүүнгарын Бага Цэрэндондовын цэрэг Манжийн цэрэгтэй хэдэнтээ байлдсаар 1732 оны 7-р сарын сүүлчээр Эрдэнээзуугийн дэргэд ирэв. Гэвч Манжийн Найралт төв хаан өмнөх намар нь Жавзандамба хутагтыг Өвөрмонголын Долоннуурт шилжүүлсэн байсан тул бага Цэрэндондовын цэрэг Эрдэнэзууд хоосон газар ирснээс мэджээ. Гэтэл 8-р сарын 5-ний үүр гэгээрэхээс өмэнө Харшанч нуурын эрэгт байсан Зүүнгарын цэргийн хүрээ гэнэт Эфү Цэрэнгийн 20,000 цэргийн довтолгоонд өртөв. Бэлтгэлгүй байсан \зүүнгарын цэрэг ухран Эрдэнэзууд хүрч 2 өдөр ширүүн тулалдаан өрнөв. Бага Цэрэндондов эфү Цэрэнд манжийн туслах хүч ирэхээс болгоомжилж, удаан нүүрлэн байллахаа зогсоон цэргээ авч Хангай уулын завсраар Орхон голын дээд урсгал тийш ухрах замдаа эфү Цэрэнгийн 10 шахам удаагийн ширүүн дайралтанд өртөж 10,000 орчим цэргийн хохирол амсав. Зүүнгарын цэрэг ачаа хөсөг, адуу малаа хаяж, Манжийн цэргийг хориглоод 20000 цэргээ авч Орхон, Түй, Заг, Байдраг голуудар замжин Ойрадад буцав.
Ач голын байлдаан
[засварлах | кодоор засварлах]Манжийн баруун замын цэрэг болон Зүүнгарын хаант улсын цэрэг Ач голд байлдсан байлдаан. 1731 оны 7-р сард Манжийн Хол дахиныг амаржуулагч жанжин Яовай Зүн Чи болон нөгөө жанжин Зай Чюн Биний удирдсан 7000 гаруй цэрэг Бархөлөөс мордон Өрөмчид ирж байлдааны бэлтгэлээ чамбайруулан бэлдэв. 7-р сарын 23-ны өдөр Манжийн цэрэг давшин Ач голд ирэхэд Зүүнгарын хэдэн зуун монгол цэрэгтэй гэнэт тулгарчээ. Удалгүй Зүүнгарын цөөн цэрэг дутаахад Манжийн цэрэг тэдний нэхэн Өрлөг гол хүрээд байтал голын цаад уулнаас Зүүнгарын 4000 морьт цэрэг гарч ирэн хоёр этгээд Луу цагас Морин цаг хүртэл ширүүн тулалдаж Манжийн цэрэг ихэд сүйрч ухран зугтаажээ. Хэрсэн чулууны байлдаан Зүүнгарын хаант улс болон Манжийн хоорондын нэгэн байлдаан. Бага Цэрэндондовын цэрэг Усанзүйлд Манжийн цэргийг цохисныхоо дараа үргэлжлүүлэн урагшлаж Хангайн нурууны баруун талаар орж Цагаансүүлийн цэргийн хуарангийн хойд талд 150 газарт байгаа Хэрсэнчулуунд цэрэг буув. 1792 оны 7-р сарын сүүлээр Манжийн эфү Цэрэн болон Манж жанжин Мардай нар 10000 шахам цэрэг авч Хэрсэнчулуунд ирээд Зүүн гарын цэрэгтэй 2 өдөр ширүүн тулалджээ. Тулалдаанд Чинван Данзандорж болон жанжин Шибуу нарын туслах цэрэг ирж амжихаас өмнө Эфү Цэрэн нарын Манж, Халхын цэргийг хялбархан дарж үргэлжлүүлэн довтлов.
Хөх нуурт довтолсон тулалдаанууд
[засварлах | кодоор засварлах]Бага Цэрэндондовын хүү Цэрэннамжил болон Сэвдэн тайж нар цэрэг авч Хөх нуурын баруун хойд хязгаар дахь Гасын харуулыг бүслэн цохижээ. Хөгшин Махмуд 2 замын цэргээр Хошит болон Төгрөгийн 2 их харуулыг тус тус довтлон тэнд байсан Манжийн 4000 гаруй цэргийг ихэнхийг хядаж устгаад мал унаа, эд хөрөнгө ихээхэн хэмжээгээр олзлов. Хангир голын байлдаан.
1720 оны 6-р сард Манжийн Умард замын Алтайн цэрэг 2 хуваагдан Зүүнгарын хилийн зүг довтлов. Энэ хоёр замын цэргийн удирдагчид нь Чилиде болон Пүрдэн 2 жанжин тус бүр түм шахам цэрэгтэй байлаа. 7-р сарын 29-нд Манжийн цэрэг Дөрвөлжин хотын орчмын Хангир голд хүрчээ. Хангир голд сууж байсан Зүүнгарын зайсан Савдан бадаа саадыг ашиглан эсэргүүцэн тулалдсан боловч Манжийн цэрэгт давхар давхар бүслэгдсэнээс арга буюу 2000 гаруй цэргээ дагуулан бууж өгчээ.
Хамилын байлдаан
[засварлах | кодоор засварлах]Цэвээнравдан хаан Төвдөд аян дайн хийхээр бэлтгэж байхдаа Хамилд хийсэн байлдан тагналт. Хамил болон Бархөл бол Зүүнгараас Хөхнуур болон Төвдөд цэрэг орох зайлшгүй өнгөрөх зам байсан ч тухайн үед Манжийн эрхэнд орсон байлаа. Манжийн цэргийн хүч болон сэргийлэлтийн байдлыг ойлгохын тулд Цэвээнравдан хаан нэгэн салаа цэрэг томилон Хамилыг цохихоор тогтов. 1715 оны 3-р сарын эхээр их Цэрэндондов 2000 цэрэг дагуулан Хамилын хойт хязгаарт хүрч залгуулан 5 балгасыг эзлэн Хамилыг бүсэлсэн боловч довтлолгүйгээр Манжийн цэргийн байдлыг ажиглаж байлаа. Удалгүй Манжаас Сүжюүд сэргийлэн сууж байсан манж цэрэг болон Ногоон тугийн цэргийг томилон Хамилд туслуулахаар илгээсэн бөгөөд Энх-Амгалан хаанаас зарлиг буулган Хамил, Бархөлд сэргийлэлтийг чангатгаж, Хөхнуурт нэвтрэх боомтыг цөмийг битүүмжилсэн байна. Иймэрхүү байдлаас Цэвээнравдан хаан Хамил, Турфанаар Хөхнуурт орох төлөвлөгөөгөө хаяж өөр замаар Төвдөд аян дайн хийхээр шийдвэрлэжээ.
Үүдэн цөлийн байлдаан
[засварлах | кодоор засварлах]1731 оны 8-р сард Галданцэрэн хааны зарлигаар Их Цэрэндондов, Бага Цэрэндондов нар 30,000 цэрэг дайчлан Халхын Засагт хан аймгийн хэсэг тайж нарыг чөлөөлөн авахаар Эрчисээс мордон Алтайг давж Халхын нутагт оров. Их Цэрэндондов Манжийн цэргийн бэхлэлт Ховдыг тойрон гарч Ховдын баруун өмнөх Сорви-Ологчин гэдэг газар 4000 цэрэг үлдээн сахиулж, Ховд дахь амбан Пүрдэний дайралтаас сэргийлэв. Их цэрэг үргэлжлүүлэн урагшилж Намуудавааг давсаны дараа цэргээ хоёр хуваан Их Цэрэндондов 20,000 цэрэг авч Цагаансүүлийн өмнөх Сүх-Алдад их цэрэг буудаллаж, Бага Цэрэндондов 6000 цэрэг авч цааш яван Засагт хан аймгийн тайж нарыг дагуулж авахаар морджээ. Ховд дахь Манж жанжин Пүрдэн цэрэг гарган байлдахаас зүрхшээн бэхлэлтээ хорогдон байлаа. Цагаансүүл дэх Манж цэргийн хуаранд Зүүнгарын цэрэг орж ирснийг мэдэгдсэнд Чин Ван Шибу байлдахаас татгалзаж Туул болон Хангай уулын хавьд байсан дэд жанжин чин ван Данзандорж , жүн ван эфү Цэрэн нарт зарлигдан Зүүнгарын цэргийг цохьтугай гэж тушаав. 9-р сарын 20-нд Данзандорж болон эфү Цэрэнгийн цэрэг Үүдэнцөлд бүгэлт хийж, маргааш нь тайж Бахайд 600 цэрэг өгч Сүх-Алдад байгаа Зүүнгарын цэргийг өдөөн дагуулахаар мордуулав. Их Цэрэндондовын зарлигаар Гончогч болон Шарбаатар 3000 цэрэг авч Манжийн цэргийг нэхэмжлэн цохисоор Үүдэн цөл дахь Манж Халхын цэргийн хориглолтын байрлалд орж бүх цэргээ устгуулав. 22-д их Цэрэндондов дахин Харбаатар, Шарбаатар нараар хошууч болгон өөрийн биеэр цэрэг авч Үүдэн цөлд ирээд Манжийн цэрэгтэй ширүүхэн тулалджээ. Энэ байлдаанд Харбаатар алагдаж, Шарбаатар хүнд шархтав. Шибу цэрэг томилон туслаагүй болохоор Данзандорж шийдвэртэй хориглон байлдахаас айж, цэргээ татсанаас эфү Цэрэн ч удалгүй ялагдан, цэргээ ухраав.
Усанзүйлийн байлдаан
[засварлах | кодоор засварлах]1732 оны 7-р сард Галданцэрэн хааны зарлигаар бага Цэрэндондов 30000 цэрэг дайчлан Эрдэнэзууд Жавзандамба хутагтын зүг 2 замаар цэрэглэв. 2 замын цэрэг Цагаансүүл дэх Манжийн цэргийн хуарангийн баруун хойно орших Усанзүйлд нийлж хүрээ буусанд Цагаансүүл дэх Манж жанжин Шибуд цэрэг томилон угтан байлдуулав. 7-р сарын 14-нд Манжийн цэрэг Усанзүйлд Зүүнгарын цэрэгт бут цохиулан үлдсэн цэрэг нь Цагаансүүлийн хуарандаа зугтан ирэв.
Турфаны байлдаан
[засварлах | кодоор засварлах]Манж-Зүүн гарын 2-р дайнд Манжийн цэрэг Зүүнгарын мэдлийн Турфаныг дайран цохисон байлдаан. 1720 оны 7-р сард Манжийн цэргийн сул сайд Арнан 4000 цэргийн хүчээр Турфаныг довтлов. 7-р сарын 10-нд Арнан Турфаны зүүн дэх Пэжан хотыг эзлэв. 13-нд Турфан хотыг цохисонд хотыг сахин сууж байсан бүгдийн дарга Шагжбал хэдийгээр хориглон эсэргүүцсэн боловч хоёр этгээдийн хүчний зөрүү хэтэрхий их байсанаас удалгүй бууж өгчээ.
Өрөмчийн байлдаан
[засварлах | кодоор засварлах]Манж-Зүүн гарын 2-р дайнд 1720 оны 7-р сард Баруун хойд дахь Манжийн 2 замын цэрэг Төвдөд орсон их цэрэгтэй алс холоос хамжилцаж Зүүнгар зүгт довтолжээ. Пу Нин Ан 7000 цэрэгтэйгээр Өрөмчийг довтолсонд хотыг хамгаалан сууж байсан Цээрэд тайж цөөнөөр олныг дийлэхгүй тул харьяат олоноо авч ухарчээ.
Бух голын байлдаан
[засварлах | кодоор засварлах]1720 оны 7-р сард Манжийн Сөрөхийг төвшитгэгч жанжин Яншины удирдсан Хөх нуурын нэгэн замын цэрэг Күшэй давааг даван Хар ус орчим хүрч буув. 8-р сарын 15-нд Манжийн цэрэг Бух голын хөвөөнд буудаллажээ. Шөнө дөлөөр Зүүнгарын цэрэг Манжийн цэргийн хүрээг гэнэдүүлэн дайрч хэдэн мянган цэргийг нь алж шархадуулаад орхин явжээ. 8-р сарын 20-нд Манжийн цэрэг удаа дараалан монгол цэргийн дайралтад өртөв.
Хоёрдугаар Зүүнгар–Чин улсын дайн
[засварлах | кодоор засварлах]Гол сэдэв: Зүүнгарын Төвөдийг байлдан дагуулсан нь
Гуравдугаар Зүүнгар–Чин улсын дайн
[засварлах | кодоор засварлах]Манжуурын цэргүүд Хотон нуурт 1731 онд ялагдав, гэхдээ Эфү Цэрэн дараа нь Эрдэнэ Зуугийн ойролцоо Галданцэрэнг ялав. 1734 оны Зүүнгар-Чин улсын гэрээнд хоёр улс Алтайн нуруутай хиллэдэг гэж заасан байдаг.
Зүүнгарын хаант улс мөхсөн нь (1755-1758)
[засварлах | кодоор засварлах]
1745 онд Галданцэрэн хааныг нас барсны дараа Зүүнгарт хаан ширээний тэмцэл өрнөсөн нь Манж улсад эзлэгдэх гол шалтгаан болжээ. Тэнгэрийн тэтгэсэн хаан Илийг эзэлж Даваач хааныг барьснаар, Зүүнгарыг байлдан дагуулах зорилт шийдвэрлэгдсэн гэж үзэн, цэргээ татжээ. Гэвч Амарсанаа нар эсэргүүцэн боссон ба 1758 онд хөдөлгөөнийг цус урсган дарснаар Зүүнгарын хаант улс Манжийн эрхшээлд орж Монгол орон бүхэлдээ Манж Чин улсад эзлэгдсэн байна. Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хаан 1755-1758 онд эзлэн авсан газар нутгаа "Илбэн дагуулсан Шинэ хязгаар" (Шинжаан) хэмээн нэрийджээ.