Ибн Баттута

Ибн Баттута гэдэг нэрээрээ илүү алдартай Абу Абдуллах Мухаммед бин Баттута (Араб: ابن بطوطة; 1304 оны 2-р сарын 24-нд төрсөн - 1368/1369 онд Марракеш хотод нас барсан) — Болгараас Момбаса, Тимбуктугаас Хятад хүртэл 1325-1354 онуудад 30 жилийн хугацаанд Африк, Ази, Иберийн хойгийн ихэнх хэсгээр аялсан мусульман аялагч, худалдаачин байв. Тэрээр "Хотуудын гайхамшиг ба аяллын гайхамшгийг эргэцүүлэн боддог хүмүүст зориулсан бэлэг" (Англи: A Gift to Those Who Contemplate the Wonders of Cities and the Marvels of Travelling) номын зохиогч юм.
Ибн Баттута дундад зууны үеийн бусад судлаач, аялагчдаас илүү хол аялж, нийт 117,000 км (73,000 миль) замыг туулсан. Харьцуулахад Жэн Хэ 50,000 км (31,000 миль), Марко Поло 24,000 км (15,000 миль) аялсан юм.
Нэр
[засварлах | кодоор засварлах]"Ибн Баттута" гэдэг нь овог нэр бөгөөд шууд утгаараа "нугасны дэгдээхэйн хүү" гэсэн утгатай. Түүний хамгийн түгээмэл бүтэн нэрийг Абу Абдулла Мухаммед бин Баттута гэдэг. Тэрээр аяллын тэмдэглэл болох "Рихла" номдоо бүтэн нэрээ "Шамс ад-Дин Абу 'Абдалла Мухаммед бин 'Абдалла ибн Мухаммед бин Ибрахим бин Мухаммед бин Юсуф Лавати аль-Танжи бин Баттута" гэж бичсэн байдаг.
Түүхэн ач холбогдол
[засварлах | кодоор засварлах]
Ибн Баттута нийтдээ 120,700 орчим км аялсан. Тэрээр аялсан бүх улс орнуудаа аль болох бүрэн дүрсэлсэн байдаг. Түүний бүтээлийг анх 1818 онд "De Mohammed Ebn-Batuto Arabe Tingitano ejusque itineribus" нэртэйгээр Европын (Латин) хэл рүү хэсэгчлэн орчуулсан бөгөөд дараа нь 1829 онд "The Travels of Ibn Batuta, translated using Arabic MS. Copies by Lec" нэртэйгээр англи хэл рүү орчуулагдсан байна.
Барууны Дорно дахины судлаачид Ибн Баттута түүний дүрсэлсэн бүх газарт үнэхээр өөрөө очиж үзсэн эсэхэд эргэлздэг юм, түүний зарим тодорхойлолт нь хувийн ажиглалтаас илүү дам ярианд үндэслэсэн гэж үздэг. Жишээлбэл, Ибн Баттута Их Монгол улс болон Хятадад үнэхээр очиж үзсэн эсэх асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Гэсэн хэдий ч тодорхой найдваргүй байдлаас үл хамааран Ибн Баттутагийн тэмдэглэл нь 14-р зууны соёл иргэншлийн ихэнх хэсгийг сайн тоймлон харуулдаг.
Ибн Баттута Исламын шашныг дөнгөж баталсан ард түмний ёс заншил болон түүний хүмүүжсэн хэм хэмжээний хоорондох зөрүүгээс болж заримдаа соёлын цочролд ордог байв. Жишээлбэл, тэрээр монгол эмэгтэйчүүд нөхөртэйгээ ярилцахдаа өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлж байсанд их цочирдсон байдаг.
Өзбег хааны хаанчлалын үеийн Алтан Ордын тухай тодорхойлолт нь Монголын түүхэнд хамгийн чухал ач холбогдолтой юм.