Jump to content

Ибрай тайш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ибрай тайш (?-1533) бол Дөрвөн Ойрадын Чорос аймгийн Амасанж тайшийн могул гаралтай Махтум ханум хатнаас төрсөн хүү бөгөөд хожим нь 1468 оны орчимд ойрадаас зугтан баруун гурван түмний Юншээбүү аймгийг захирч байгаад Даян хаанд ялагдах хүртлээ захирсан хүн юм. 1509 онд Далантэргүүний байлдаанд Даян хааны захирсан бүх монголын нэгдсэн цэрэгт баруун түмний тал ялагдах үед харъяат цэрэг, ардаа дагуулан Хөх нуур руу зугтаж, Мин улсын Ганьсу мужийн хилийн хотуудыг довтлон дээрэм тонуул хийж 1530-аад он хүртэл Гүнбилэг жонон, Алтан хан хоёрт алуулах хүртлээ аж төрж байсан.

Моголистаны он дарааллын түүх “Тарих-и Рашиди”-д тэмдэглэснээр Моголистаны хааны удмын Увайс хаан Ойрадуудтай 61 удаа байлдахдаа нэг удаа л ялж бусдад нь дийлэгдэж, Эсэн тайш тухайн үедээ Увайс хааныг олон удаа олзолж байсан боловч Увайс хаан бол Чингис хааны үр хойчис хэмээн хүндэтгэн суллан тавьж байжээ. Турфаны ойролцоо болсон нэгэн удаагийн байлдаанд Увайс хаан ялагдаж, ахин олзлогдсоны дараа Эсэн тайш түүнд хандаж: "өөрийн эгч Махтум Ханымыг өөрт нь хатан болгож өгсөн нөхцөлд чамайг суллаж тавина"[1] гэсэн тулган шаардахад, зөвшөөрснөөр Махтум ханымыг Эсэн тайшд өгч олзноос суллагдав. Увэйс хааны охин дүү Махтум ханым Эсэн тайшийн хүү Амасанж тайштай гэрлэж, түүнд Ибрахим ун (ван цолны эртний монгол дуудлага), Ильяс ун гэдэг хоёр хүү, Мир Карим Барди гэдэг нэг охин төрүүлжээ.[2] "Тарих-и Рашиди" бүтээлд бичснээр хижрийн 873 он буюу 1468-1469 онд Ибрахим ван, Ильяс ван нар эцэг Амасанж тайштай муудалцаж, 10,000 гаруй харьяатаа дагуулан Хятадын нутаг руу зугтаж очоод, хижрийн 910 он буюу 1504-1505 оноос өмнө Калмакийн хаан (Ойрадын эзэн)-тай тэрсэлдэн хятад руу зугтаж, тэндээ үхсэн[2] гэж тэмдэглэсэн нь Лу. Алтан товч, Эрдэнийн товч зэрэг монголын түүхийн сурвалж зохиолд гардаг Юншээбүүгийн Ибрай тайш мөн гэж түүхчид үзэх болсон.

Лу. Алтан товч тэргүүтэй монголын түүхийн эх сурвалж дахь Ибрай тайш бол говийн өмнөх монголын баруун гурван түмний нэг Юншээбүү түмний ноён юм. Анх Бэгэрсэн тайш, Исмайл тайш нарын уйгуд гаралтай ноёд Даян хаанд дарагдан үгүй болсны дараа Ибрай тайш, Даян хааны үед Юншээбүү түмнийг захирсан их ноён болж гарч ирсэн.

Яг хэзээнээс Юншээбүү аймгийг захирах болсон нь тодорхой биш ч, Тарих-и Рашиди номд Ильяс, Ибрай хоёрыг 10000 харьяатаа дагуулан хятадын нутаг руу зугтсан гэж өгүүлснийг батлах хятадын түүхийн баримт Мин улсын Хуйзун хааны үнэн магад тэмдэглэлд Ибрай тайшийн Юншээбүү түмэнд очихоос өмнө 1492 оны үед Хами улсын вангийн нутагт аж төрж байсан тухай бүдэг мэдээлэл байдаг: "...Хунжигийн 5-р оны (1492 он) 10 сарын хөх туулай өдөр (18-ний өдөр) Хами улсын Жуншүн ван Шанба хэргэмийг залгамжилж нутагтаа буцсаны дараа Емикэли (野乜克力, Мэкрин овог) овгийн Нутубуха тайбугийн охинтой гэрлэв. Түүний хөрш аймгийн Иласи ван (亦剌思王) болон Ибулаин ван (亦不剌王) нар өөрсдийн элч Сохо тайбу пинжан, Мөнх жиюань нарыг дагуулан тус тус элч илгээж энэ тухай айлтган, улмаар бэлэг, шагнал хүртээхийг хүсэв... Иласи ван, Ибулаин ван, Нутубуха тайбу гуравт тус бүр өнгөт торго 4 боодол, Сохо тайбу пинжан болон Мөнх жиюань нарт тус бүр 2 боодол олгов..."[3] гэсэн элч илгээн алба барих аргаар эд бараа солилцсон тухай мэдээлэл байдаг. Мөн Хунжигийн 8-р он буюу 1495 онд Мин улсад Емикэли (野乜克力, Мэкрин овог) овгийн тэргүүлэгч Ильяс ван, Ибрай ван, Мөнх ван нарын тушаалаар Чунгур нарын 34 элч илгээж Ганьсү мужийн Сүжоу (肅州) орчимд хилийн худалдаа хийх, жил бүр нийслэл рүү алба барих элч илгээн худалдаа хийх эрх олгох, ган зудтай үед хилийн дотор оруулж нутаглуулахыг хүсчээ. Энэ хүсэлтийн хариуд Сүжоуд хилийн худалдааг зөвшөөрсөн ч, нийслэл рүү элч илгээж алба барихыг хориглон, хилийн дотор орж нутаглахад болгоомжтой хандахыг орон нутгийн түшмэдэд анхааруулжээ.[4] Үүний дараах явдлыг Мин улсын судрын (明史) 327-р дэвтэр Татарын шастирт "Хунжигийн 8-р онд (1495 он) хойт аймгийн Ибула ван Ордос руу цөмрөн орж тэнд нүүдэллэх болов"[5] гэсэн бүдэг мэдээгээр санасандаа хүрээгүй учраас Ордос руу нүүдэллэн нутаглаж, цаашлаад Юншээбүү аймгийн ноён болж эхэлсэн бололтой.

Харин Монголын түүхэнд ихэнхдээ 1509 онд Улсболд жононг Бабахай өрлөгийн хамтад нь хороож, Даян хаантай дайтсан үеэс л тэмдэглэж эхэлсэн. Даян хаан хүү Улсболдыг баруун түмнийг захирах жонон болгож, Ордос аймаг руу илгээсэн ч Ибрай тайш, Мандулай ахлах нарын ноёд хуйвалдаж, "Бид дээрээ ноён авахуй хэрэг ману юун . Өөрийн тэргүүнээ өөсөөн мэдэж явах буй за. Энэ Абахайг (Улсболд) эдүгээ тэвчье"[6] гэж хэлэлцээд Улсболдыг хороожээ.

Даян хаантай энэ мэдээг сонсоод эхлээд цахар түмний цэргээр довтлон байлдаад ялагдаж, дараа нь зүүн түмний бүх цэргийг цуглуулж Ибрай тайшийн удирдсан баруун 3 түмний цэргийн хүчинтэй "Далан Тэргүүн" гэдэг газарт байлдаж, ялсан ч Ибрай тайшийн хэсэг ноёд цэрэг Хөх нуурын зүг зугтан оджээ.

Ибрай тайш, Бурхай тайш нарын бүлэглэл Хөх нуур, Ганьсугийн хилийн дагуух нутгийг довтлон дээрэм хийж байгаад 1525 оноос Алашаа руу ойртон нүүдэллэх болсныг 1533 онд ордосын Гүнбилэг мэргэн жонон, түмэдийн Алтан хан нарын удирдсан 50 мянган цэрэг Ибрай тайш, Бурхай нартай байлдаж монголын тал ялалт байгуулсан[7] боловч Ибрай тайш Хамил руу, Бурхай тайш Хөх нуур руу зугтаж одсон. Ибрай тайш тэр жилээ нас барсан.

  1. Dughlat, Muhammed Haidar (1895). Denison Ross, Edward (ed.). The Tarikh - I - Rashidi (Англи хэлээр). Translated by Elias, Ney (1st хэвлэл). London: Sampson Low, Marston And Company. х. 66–67. {{cite book}}: Missing |editor1= (help)
  2. 1 2 3 4 5 6 7 Dughlat, Muhammed Haidar (1895). THE TARIKH-I-RASHIDI (Англи хэлээр). Translated by Elias, N; Denison Ross, Edward (1st хэвлэл). London: SAMPSON LOW, MARSTON AND COMPANY. х. 91.
  3. 明實錄/孝宗/卷六十八 弘治五年十月/18日
  4. 明實錄/孝宗/卷一百一 弘治八年六月/3日
  5. Н, Урангуа (2015). "Татарын шастир". Мин улсын түүх. Улаанбаатар: Бит Пресс ХХК. х. 31.
  6. Саган, сэцэн (2006). Эрдэнийн товч. Translated by М, Баярсайхан (1 дэх хэвлэл). Улаанбаатар. х. 128.{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link)
  7. Н, Урангуа (2015). "Татарын шастир". Мин улсын түүх. Улаанбаатар: Бит Пресс ХХК. х. 35.
  8. Саган, сэцэн (2006). Эрдэнийн товч. Translated by М, Баярсайхан (1 дэх хэвлэл). Улаанбаатар. х. 138.{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link)