Jump to content

Иван Зубачёв

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Иван Николаевич Зубачёв (1898-1944) нь Брестийн цайзын хамгаалагчдын нэг удирдагч бөгөөд улаан армийн ахмад цолтой хүн.

Иван Николаевич Зубачёв нь Зөвлөлтийн Ажилчин-Тариачны Улаан Армийн офицер, ахмад. Холмын хаалганы ойролцоох Брест цайзыг хамгаалах гарнизоны командлагч байв. Тэрээр 1898 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Оросын Эзэнт гүрний Рязань мужийн Зарайский дүүргийн Подлесная Слобода тосгонд (одоогийн Москва мужийн Луховицкий дүүрэг) ядуу тариачны гэр бүлд төрж, хожим нь Коломна машин үйлдвэрлэлийн үйлдвэрт дархнаар ажиллаж байжээ. 1918 онд Зөвлөлт Холбоот Улсын Большевикуудын намд элсэж Иргэний дайны үеэр Москвагийн пулемётын 1 дүгээр курсийн сонсогч байхдаа өмнөд болон баруун фронтод тулалдаанд оролцсон аж. Иргэний дайн дууссаны дараа ахмад И.Н.Зубачёв Улаан армид алба хаасан. Тэрээр Зөвлөлт-Финландын өвлийн дайнд ахмад цолтой, 44 дүгээр хорооны батальоны командлагчаар алба хаасан байна. Түүний хороо 1941 оны 5 дугаар сараас Брестийн цайзад байрлаж эхэлсэн. 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр фашист Германы довтолгооны үеэр хорооны командлагч П.М.Гаврилов Кобрины бэхлэлтэд отрядын хамт байрлаж байхдаа ангиасаа тусгаарлагдсан тул ахмад И.Н.Зубачёв хорооны өөр нэг бэхлэлтийн ангийг удирдав. 1941 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхий командлагчдын хурлаар түүнийг цайзын хамгаалалтын нэгдсэн бүлгийн командлагчаар (үнэндээ Цитадель хамгаалалтын дарга) томилжээ. Түүний орлогчоор хорооны комиссар Е.М.Фоминыг томилсон бөгөөд ахмад И.Н.Зубачёв Улаан арми удахгүй сөрөг довтолгоонд орж, буцаж ирнэ гэдэгт итгэж, түүний удирдсан гарнизоны даалгавар бол нэмэлт хүч иртэл Брестийн цайзыг хамгаалах явдал байв. (үхэх юм уу олзлогдохоос өөр найдваргүй) И.Н.Зубачёвын хороо цайзыг олон хоног хамгаалж чадсан ч 1941 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ахмад хүнд шархдан ухаангүй байхдаа олзлогдсон юм. Тэр 1944 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Нюрнберг-Лангвассерын цэргийн олзлогдогсдын хорих лагерийн эмнэлэгт нас баржээ. Өөр таамгаар түүнийг 1944 оны эхээр буудсан гэдэг. 1957 онд Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар ахмад Иван Николаевич Зубачёвыг “Эх орны дайны 1 дүгээр зэргийн одон”-гоор нэхэн шагнажээ.