Иван Мазепа

Иван Мазепа (Мазепа-Колединский; укр. Іва́н Степа́нович Мазе́па (Іван Мазепа-Колединський), польш. Iwan Mazepa herbu Kołodyn (Jan Mazepa Kołodyński), лат. Iohannes Mazepa; 1639 оны 3-р сарын 20-нд Польшийн Мазепинцы тосгонд төрж, 1709 оны 10-р сарын 2-нд Османы эзэнт улсын Бендеры хотод нас барсан) — Запорож цэргийн цэргийн, улс төрийн болон дипломат зүтгэлтэн.
Запорож цэргийн Гетман (1687-1704) цолыг нь "Днеприйн хоёр эргийн Запорож цэргийн Гетман" (1704-1709) болгон өөрчилснөөр Оросын хаант улсын хамгаалалтад байсан. 17-р зууны сүүлчээс 18-р зууны эхэн үед Оросын гадаад, дотоод бодлогыг хэрэгжүүлэхэд I Пётр хааныг дэмжигч бөгөөд хамтрагч байсан. Тэрээр Зүүн эрэгт Украин, Киевийг захирч, Запорожийн Сичийн улс төрийн тусгаар тогтнолыг хязгаарласан. Тэрээр өөрийн мэдэлд байсан нутаг дэвсгэрийн эдийн засгийг сэргээх талаар их зүйлийг хийсэн. Палигийн бослогын үеэр тэрээр Украины баруун эрэгт хяналтаа тавьж байжээ.
1708 онд Орос, Шведийн хоорондох Умардын дайны үеэр тэрээр Шведийн хаан XII Карлын талд оржээ. XII Карл Полтавад ялагдсаны дараа (1709) Османы эзэнт гүрэн рүү зугтаж, Бендер хотод нас барсан ажээ.
Иван Мазепа Киев-Могила коллежид, дараа нь Варшав дахь Иезуит коллежид суралцсан. Улмаар эцгийнхээ хүссэнээр тэрээр Польшийн хаан Ян Казимиержийн ордонд орж, "ойрын" язгууртнуудын нэг болжээ.
Хаантай ойр дотно байсан нь Иван Мазепад боловсрол эзэмших боломжийг олгосон: тэрээр Голланд, Итали, Герман, Францад суралцаж, украин, орос, польш, татар, латин хэлээр чөлөөтэй ярьдаг байв. Тэр бас итали, герман, франц хэл мэддэг байсан. Тэр маш их уншдаг, маш сайн номын сантай байсан. Түүний дуртай ном бол Никколо Макиавеллигийн "Ханхүү" юм.