Иван Черняховский
| Иван Черняховский | |
|---|---|
| Файл:File:Иван Черняховский 1943-01.jpg | |
| Бүтэн нэр | Иван Данилович Черняховский |
| Нас барсан газар | Герман Порнод Прусс |
| Ажиллагаа/салбар | цэрэг |
| Нэгж | фронт |
| Тулалдаанууд/дайнууд | Дэлхийн хоёрдугаар дайн, Аугаа их Эх орны дайн |
Иван Данилович Черняховский (1906-1945 он)Зөвлөлт Холбоот Улсын хошой баатар, Зөвлөлт Холбоот Улсын Зэвсэгт хүчний түүхэнд дахь хамгийн залуу фронт командлагч, хамгийн залуу Армийн генерал6
Дэлхийн II дайны үеэр зөвлөлтийн улаан армиас Г.К.Жуков, К.Рокоссовский, А.М.Василевский, И.С.Конев нарын олон авьяаслаг цэргийн дарга нар өөрсдийн авьяас чадвараар бусдаас тодрон гарсан байдаг. Харин тэдний хэн ч армийн генерал И.Д.Черняховский шиг удирдсан хороо, дивиз, корпус, арми, фронт болгоноо ялалтад хүргэж, тэр хэрээр цэргийн цол, албан тушаал нь “цахилгаан мэт” хурдан ахиж байсан дарга нэг ч төрөөгүй билээ. Тэр бол үнэхээр цэргийн өргөн мэдлэгтэй, дахин давтагдашгүй авьяаслаг залуу жанжин байсан юм. Түүний амьдрал дайны 4 жилийн хугацаанд харавсан сүүлт од мэт гялалзаад бөхжээ.
Бага нас
[засварлах | кодоор засварлах]Иван Данилович Черняховский нь 1906 оны 6 дугаар сарын 16-ны өдөр одоогийн Украин Улсын Киевийн ойролцоох тосгонд төмөр замчины гэр бүлд төрсөн бөгөөд амьдрал ядуу тул бага наснаасаа эхлэн хар бор ажил хийж эхэлжээ. Өндөр биеэрхүү байсан тэрбээр 13 настайдаа төмөр замд, 17 настайдаа Новороссийск хотод Цементийн үйлдвэрт ажиллаж байв. 1924 онд Ажилчин тариачны Улаан армид сайн дураараа элсэн 1924-1925 онд Одесс хот дахь явган цэргийн дээд сургуульд суралцав. Суралцаж байхдаа буудлагын хичээлийг гойд сонирхон судалж байжээ. Тэр “Наган” буугаар маш мэргэн бууддаг байсан гэдэг. Мөн 1925 оны хавар Киевийн артиллерийн сургуульд орж 1928 онд төгссөн байна. Мөн энэ онд ирээдүйгн эхнэр болох Анастасия Григорьевна Добрянскаятай танилцаж, удалгүй хуримласан аж. 1929 онд охин Неонила, хүү Олег нь 1937 төржээ. Иван Черняховский артиллерийн салаа, батарейн захирагчаар ажиллаж байгаад 1931 онд Ленинград хотын цэрэг-техникийн академид элсэн орж тэндээ нэг жил суралцав. 1932 онд Улаан армийн механикжуулсан болон моторжуулсан цэргийн академид элсэн 1936 онд ахлах дэслэгч цолтой төгсчээ. Энэ үе бол улаан армийн морин болон явган цэргийн анги, салбаруудыг механикжуулсан эсвэл моторжуулсан анги, салбаруудаар солих шилжилтийг үе байсан юм. 1937 онд 8 дугаар механикжуулсан бригадын 1 дүгээр батальоны захирагчаар томилогдож хошууч цол, 1938-1940 онд Белорусс дахь 9 дүгээр хөнгөн танкийн хороо командалж байхдаа дэд хурандаа цол хүртсэн байна. 1941 оны 3 дугаар сарын 11-ний өдөр дэд хурандаа И.Д.Черняховскийг одоогийн Латвийн Прибалтик дахь 12 дугаар механикжуулсан корпусын 28 дугаар танкийн дивизийн захирагчаар томилжээ. Энэ үед түүний гэр бүл Латвийн нийслэл Рига хотод амьдарч байлаа. Иван Данилович Черняховский өөрийн дивизтэй 1941 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хилийн орчимд хээрийн сургууль хийхээр явсан хойгуур дайн эхэлж, гэр бүлтэйгээ холбоо тасарчээ. Дайн эхлээд нэг сар гаруй хугацаа өнгөрсөний дараа ар гэрээтэйгээ холбоо барьж чадсан гэдэг.
Дайн үе
[засварлах | кодоор засварлах]
Дэлхийн 2 дугаар дайн эхлэхэд дэд хурандаа И.Д.Черняховский 28 дугаар танкийн дивизийг удирдаж Сольцам, Новогород зэрэг районд хориглох тулалдаан явуулах тушаал хүлээн авчээ. Фронтын ерөнхий цагийн байдал маш хүнд, улаан армийн дайчид бүхэлдээ ухарч, германчууд давшиж байсан ба энэ нь бараг дасал болоод байв. Харин И.Д.Черняховский энэ байдлыг ашиглахаар шийдэж, германчуудад гэнэтийн “бэлэг” барьж, өөрийн дивизийн хүч хэрэгслийг зөв ашиглан гэнэтийн сөрөг давшилт хийжээ. Оросын цэргийг сөрөг давшилт хийнэ гэж огт тооцоолоогүй байсан германчууд 1 батальон явган цэрэг, 14 нэгж танк, 20 их бууны хохирол амссан байдаг. Дайны эхний саруудад фронтоос ихэнхдээ бүтэлгүй мэдээ хүлээн авч байсан Кремльд энэ мэдээ их содон тусчээ. Цэргийн дээд командлал 28 дугаар дивизийн захирагч дэд хурандаа И.Д.Черняховскийг “Байлдааны цагийн байдлыг зөв үнэлж, шийдвэртэй арга хэмжээ авч олон тооны дайсныг устгасан,” тул “Улаан тугийн одон”-гоор шагнаж, “хурандаа” цол олгов. 28 дугаар дивиз гарамгай сайн тулалдаж байсан тул 1942 оны 5 дугаар сарын 5-ны өдөр захирагчийг нь “хошууч генерал” цолоор шагнасан аж. Нэг удаагийн тулалдааны үеэр сууж явсан танк нь дайсны их бууны суманд оногдож, битүү доргилт болон хөнгөн шарх авч ухаан алдсан ба түүнийг шууд эмнэлэгт хүргэв. Эмнэлэгт ухаан орсон дивизийн захирагч эрүүл мэндээ үл хайхран шууд дивизийн штаб руу явж байлдааны ажиллагааг үргэлжлүүлэн удирдаж эхэлжээ. Шархнаасаа болж түүний биеийн халуун 43 хэмд хүрч байхад хүртэл эмнэлэг явахаас татгалзан командын байрандаа үлдсэн гэдэг. 1942 оны 7 дугаар сард Воронежийн фронтын 18 дугаар танкийн корпусын захирагчаар томилогдсо ч энд удаан ажилласангүй, дахин дэвшсэн юм. Хошууч генерал И.Д.Черняховский 1942 оны 7 дугаар сараас 1944 оны 4 дүгээр сар хүртэл 60 дугаар армийн командлагчаар томилогдон ажилласан. Түүний удирдсан 60 дугаар арми Воронеж-Касторненскийн операц, Курскийн тулаан, Десна болон Днепр мөрнийг байлдан гатлан тулалдаанд оролцсон юм. Проскуровск-Черновицийн операцийг амжилттай явуулж Воронеж хотыг чөлөөлсөн тул “Улаан тугийн одон”-оор шагнуулжээ. 1943 оноос фронтын ерөнхий цагийн байдал эрс өөрчлөгдөн оросууд давшин, германчууд хориглох болжээ. Харин армийн командлагч И.Д.Черняховский дайсны хориглолтыг сэтлэх өвөрмөц тактиктай байжээ. Түүний тушаалаар фронтын цөмлөх хэсэгт дайснаас 4-5 дахин давуу хүчтэй, хурд маневр өндөртэй, цохилтын бүлэглэл байгуулаад нарийн зурвасаар дайралт хийлгэх ба ажиллагааг артиллерийн хүчтэй галаар дэмжиж өгдөг байжээ. Энэхүү цохилтын бүлэглэл дайсны хориглолтыг сэтлэнгүүтээ давшилтаа гүн рүү үргэлжлүүлэлгүй давшилтийн чиглэлээ баруун, зүүн тийш 90 хэм өөрчлөөд эрчимтэй давшиж дайсныг цохиж байв. “...Курскийн цүлхэнд болсон эхлээд хориглох, дараа нь давших операцид түүний жанжины авьяас билэг бүрэн утгаар тодрон харагдсан юм” гэж Зөвлөлт Холбоот Улсын маршал К.К.Рокоссовский онцлон дурдсан байдаг. 1943 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тэрээр “дэслэгч генерал” цол хүртлээ.

1943 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Днепр мөрнийг байлдан гатлах операцийг өөрийн цэргүүдэд үлгэр дуурайлал болохуйц биечлэн удирдаж ялалт байгуулсан тул Зөвлөлт Холбоот Улсын Баатар цол, Лениний одонгоор шагнуулсан байна. 1944 оны 3 дугаар сарын 5-ны өдөр “хурандаа генерал” цол хүртэж, сарын дараа Белоруссын 3 дугаар фронтын командлагчаар томилогдов. Энэ үед тэр 38 нас ч хүрээгүй байсан юм. Түүний удирдаж буй фронтод 3, 5, 21, 28, 31, 33, 39, 43, 48, 50 дугаар ерөнхий цэргийн армиуд, гвардийн 5 дугаар танкийн арми, агаарын 1, 3 дугаар арми багтаж байлаа. Нэг армид ойролцоогоор 100,000 гаруй цэрэгтэй гэж тооцвол 37 настай залуу фронт командлагч хэдэн мянган танк, их буу, нисэх онгоц бүхий ойролцоогоор 1,500,000 цэрэг удирдан тулалдаж байсан юм. И.Д.Черняховский хөгжмийн гайхалтай мэдрэмжтэй хүн байсан гэдэг. Хаа явсан газраа гитар байнга авч явах бөгөөд гитар сайн тоглож сайхан ч дуулдаг байжээ. Дайны үед гэр бүлээсээ удаан хугацаагаар хол байсан И.Д.Черняховскийг фронт командлагч болсоны дараахан фронтын штаб дээр эхнэр нь 2 хүүхдийн хамт очжээ. Тэгэхэд фронт командлагч, армийн генерал гэр бүлдээ зориулан бүтэн оройжин гитар дээр дуулж болох бүхий л дууг дуулж, хөгжимдөж өгсөн байдаг. Белоруссын 3 дугаар фронт Белорусский, Вильнюсской, Каунасской, Мемельской, Гумбиннен-Гольдапской, Зүүн-Пруссын операциудад амжилттай оролцсон. 1944 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Иван Данилович Черняховский “армийн генерал хүртсэн нь Зөвлөлт Холбоот Улсын “Ажилчин тариачны Улаан арми”-ийн түүхэнд ийм том цол хүртсэн цорын ганц, хамгийн залуу хүн болсон тохиолдол байлаа. 1944 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Белоруссын 3 дугаар фронт Витебска, Минск, Вильнюса зэрэг хотуудыг амжилттай чөлөөлсөн тул Зөвлөлт Холбоот Улсын Баатар цол, Лениний одонгоор 2 дахь удаагаа энгэрээ мялаалгав.

Үрэгдсэн нь
[засварлах | кодоор засварлах]Фронт командлагч 1945 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Германы Зүүн Пруссын нутаг дахь Мельзак хотын ойролцоо байлдааны ажиллагааны газар оронтой танилцах зорилгоор хөнгөн тэргээр гарчээ. Түүний машинд туслах, жолооч, холбоочин, харин арын машинд нь хамгаалалтын 5 цэрэг явж байжээ. Фронтын шугамд дөхөж очих үед дайсны их бууны “тэнэмэл” сум замын хажууд тусаж хэлтэрхий нь машины урд сууж явсан фронт командлагчийн зүрхэнд нь зоогджээ. Туслах нь цусыг нь тогтоох гэж оролдоод шууд эмнэлэг руу явсан ба харамсалтай нь замдаа нас барсан байдаг. Хачирхалтай нь түүнтэй хамт явсан хүмүүсийн хэн ч шархдаагүй, бүгд зүгээр байхад ганцхан хүнийг оносон нь фронт командлагч болж таарсан юм. Энэ эмгэнэлт мэдээ зөвлөлт эх оронд төдийгүй гэр бүлд нь маш хүнд туссан. Оршуулгад нь оролцсон эхнэр Настя нь ганцхан шөнийн дотор цал буурал үстэй болсон ба тэр 37-хон настай залуу эмэгтэй байсныг санах хэрэгтэй.
Цэргийн цол
[засварлах | кодоор засварлах]Армийн генерал И.Д.Черняховскийн амьдрал дайны 4 жилийн хугацаанд үнэхээр харавсан сүүлт од мэт гялалзаад бөхсөн юм. Тэр улаан армид алба хаахдаа танкийн батальон захирагчаар 1 жил, хорооны захирагчаар 2 жил, дивизийн захирагчаар 1 жил 4 сар, механикжуулсан корпусын захирагчаар 1 сар, армийн командлагчаар 1 жил 9 сар ажиллаад 1944 оны 4 дүгээр сард фронт командлагчаар томилогдсон ба энэ албан тушаалд 10 сар ажиллаад амьд үрэгдсэн байдаг. Цолны хувьд бас л дэндүү хурдтай өгсөж явжээ. Жирийн үед офицерын цол 4 жил тутамд ахиж явах ёстой байдаг хэдий ч И.Д.Черняховскийн хувьд байдал өөр байв. Тэр ахмад цолыг 2 жил, хошууч цолыг 2 жил, дэд хурандаа цолыг 9 сар, хурандаа цолыг 1 жил 1 сар, хошууч генерал цолыг 9 сар, дэслэгч генерал цолыг 1 жил 1 сар, хурандаа генерал цолыг 3 сар тус тус зүүж, 1944 оны 6 дугаар сард армийн генерал цол хүртсэн байдаг. 1945 он гараад зөвлөлтийн улаан арми энэ дайнд ялах нь тодорхой болчихсон үе байлаа. Зөвлөлт Холбоот Улсын Маршал А.М.Василевский, армийн генерал И.Д.Черняховскийн хамтаар германыг үг дуугүй буулгаж авах ажиллагаанд оролцож байв. 1945 оны 01 дүгээр сард армийн генерал Иван Данилович Черняховский өөрийн туслахын хамт Москва орж, И.Сталинтай уулзсан ба тэр үед түүнд “маршал” цол олгох асуудал яригдаж шийдэгдсэн байсан бололтой. Бүр түүнд олгох “Маршал”-ын алтан мөрдөсийг нь бэлдчихсэн байжээ. Хэрвээ тэр энэ цолыг хүртсэн бол Зөвлөлт Холбоот Улсын түүхэнд хамгийн залуу маршал болох байжээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эцэг - Данил Николаевич Черняховский (? - 1919), дасгалжуулагчаар ажиллаж байсан. (бусад эх сурвалжийн мэдээллээр - төмөр замд), Брусиловын армид алба хааж байжээ. Халдвар өвчнөөр нас барсан. Эх - Мария Людовиговна Черняховская (? - 1919), хижиг өвчнөөр нас барсан. Таван ахтай байсан. Эхнэр (1928 оноос хойш) - Анастасия Григорьевна Черняховская (Добрянская) (1908-1992), нягтлан бодогчоор ажиллаж байсан. Түүнийг нөхрийнх нь дэргэд Москва дахь Новодевичий оршуулгын газарт оршуулжээ (11-р хэсэг, 4-р эгнээ). Охин: Неонила Черняховская (1929 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн). Тэрээр Москвагийн Улсын Их Сургуулийн Түүхийн тэнхимийг дүүргэж, эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд бүх насаараа Зөвлөлт Холбоот Улсын Шинжлэх Ухааны Академийн системд ажилласан. Хүү - Олег Черняховский (1937 онд төрсөн). Хошууч генерал, Агаарын цэргийн хүчний академийг онц дүнтэй төгссөн. Жуковский судалгааны хүрээлэнд ажиллаж байгаад дараа нь Жанжин штабын Цэргийн академийг онц дүнтэй төгссөн. Жанжин штабт ажиллаж байсан. Тэтгэвэрт гарсны дараа Ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллажээ.