Иосиф Буршик
Иосиф Буршик (чех-Йозеф Буршик) нь Чехословакийн офицер бөгөөд дэлхийн 2 дугаар дайнд Зөвлөлтийн талд тулалдаж байсан. Чехословакийн Ардын армийн хошууч генерал юм. Тэрээр Дэлхийн 2 дугаар дайны үед Чехословакийн легион дахь зенитийн буучаас 38 дугаар армийн 51 дүгээр буудлагын корпусын бүрэлдэхүүнд Чехословакийн 1 дүгээр явган цэргийн бригадын танкийн батальоны танкийн ротын командлагчаар томилогдож, Киевийг чөлөөлөх байлдаанд онцгой гавъяа байгуулжээ. Иосиф Буршик дайны дараах жилүүдэд коммунизмын эсрэг үзэл бодлоосоо болж улс төрийн “хоригдол” болж, улмаар Баруун Герман руу дүрвэж, Их Британи руу цагаачилсан байна. Түүнд олгосон Зөвлөлт, Чехословакийн бүх цэргийн цол, одон медалиудыг нь хураан авсан байна. 1990 онд Чехословак улсад "хилэн хувьсгал" гарсны дараа Прага руу буцаж ирэхэд түүнд оноосон хилс хэргийг гэмт хэргийн бүрэлдхүүнгүй хэмээн үзэж, цагаатган Чехословакийн Ардын армийн хошууч генерал цол хүртжээ. Мөн 1992 онд түүнд олгосон Зөвлөлт Холбоот Улсын Баатар цол, Лениний одон, бусад бүх медалиудыг нь эгүүлэн өгсөн юм. Иосиф Буршик 1911 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Австри-Унгарын Эзэнт гүрний (одоогийн Чех улсад) харьяалагддаг Чехийн Вант улсын Домажлице дүүргийн Постшеков тосгонд барилгачны гэр бүлд төрсөн. Чех үндэстэн. Домажлице хотод сургууль төгсөөд Пильзен хотын улсын Аж үйлдвэрийн сургуульд элсэн орж, эцгийнхээ адил барилгачин мэргэжлээр 2 жил суралцаж төгссөн. 1933 оны 11 дүгээр сард Чехословакийн армид цэргийн албанд татагдаж, Пильзен хотын 18 дугаар явган цэргийн хороонд эмнэлгийн туслахаар ажиллаж байв. 1936 онд цэргээс халагдан барилгын компанид барилгын байцаагчаар ажиллаж, хилийн бэхлэлт барих ажилд оролцож байжээ. 1938 оны 9 дүгээр сард Судетений 2 дугаар хямралын үеэр цэрэгт дайчлагдан 18 дугаар явган цэргийн батальоны командлагчаар томилогдов. Гэсэн ч арми байлдааны ажиллагаа явуулаагүй бөгөөд 1939 оны хавар түүнийг цэрэг татсан аж. Нацистууд Чехийг эзлэн авсны дараа Иосиф Буршикийг Нацист Германы Нюрнберг хотод албадан хөдөлмөр эрхлэхээр авчирчээ. Германчуудтай тулалдсаны дараа тэр оргож, хууль бусаар Чехэд буцаж ирсэн бөгөөд дараа нь 1939 оны 7 дугаар сард Польшийн хилийг хууль бусаар давсан байна. Дэлхийн 2 дугаар дайн Иосиф Буршик 1939 оны 8 дугаар сард Барановичи (Польш) орчмын цагаач, чех, словак үндэстнээс бүрдсэн Чехословакийн легионд элсэв. Дэлхийн 2 дугаар дайн эхэлснээр зенитийн салааны бүрэлдэхүүнд Германы агаарын олон дайралтыг няцааж байжээ. Түүний дурдатгалд "Кросногийн төмөр замын уулзвар дээр бид эхлээд дайны аймшигт байдлыг бүрэн эхээр нь харсан. Дайсны бөмбөгдөгч онгоцууд төмөр замын барилга, зүтгүүрийн депо, гурил ачсан машинуудыг сүйтгэж, байсан” хэмээн бичсэн байдаг. Легионерууд ухрах үеэрээ Зөвлөлтийн Улаан армид эзлэгдсэн Польшийн нутаг дэвсгэрт олзлогдож 1939 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хоригдсон. Тэрээр 1942 он хүртэл “Каменец-Подольский”, Москва мужийн “Оранки” тосгон, “Суздаль” зэрэг хорих лагерьт байжээ. Түүний хоригдож байсан хорих лагерийг чөлөөлсний дараа хурандаа Людвик Свободагийн удирдлага дор Чехословакийн сайн дурынхны дундаас Чехословакийн 1 дүгээр явган цэргийн батальон байгуулагдав. И.Буршик энэ батальонд элссэн анхны хүмүүсийн нэг юм. Тэрээр ахмад цолтой болж, 1943 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Воронежийн фронтын Харьков мужийн Соколово тосгоны орчимд болсон тулалдаанд оролцсон бөгөөд энэ тулалдаанд түүний удирдсан хорооноос ердөө 9 хүн амьд үлдсэн ч тэд эрэлхэгээр хорилон тулалдаж байсан гэдэг. Батальоныг Чехословакийн 1 дүгээр явган цэргийн бригад болгон өөрчлөхөд түүний бүтцэд танкийн рот нэмэгдэж, улмаар ахмад Иосиф Буршик танкийн ротын командлагчаар томилогдов. 1943 оны 8 дугаар сард Тамбовын танкийн сургуульд түргэвчилсэн курс төгссөн ба 1943 оны 10 дугаар сараас Украины 1 дүгээр фронтод тулалдсан аж. Иосиф Буршикийн командалсан танкийн рот Киев хотын төлөөх тулалдаанд онцгой гавъяа байгуулсан юм. 1943 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр түүний удирдсан “Т-34” танкийн рот Житомирын хурдны замаар урагшилж, Большевикийн “Жижка” үйлдвэрт хүрэв. Үйлдвэр руу орохын өмнөхөн 2 охин гүйж ирээд үйлдвэрийн нутаг дэвсгэрийг Германы цэргүүд эзэлсэн гэж хэлж дайсны өнгөлөн далдалсан галын цэгийн байрлалуудыг зааж өгчээ. Ахмадын удирдсан танкийн рот германчуудын танк эсэргүүцэх батарейг хэд хэдэн оновчтой цохилтоор устгаж чаджээ. Улмаар “Жижка” танкийн үйлдвэрийн хаалгыг эвдэж, дайсны хуягт тээвэрлэгчийг сөнөөн “Лидице”, “Яносик”, “Соколов” ротын танкууд үйлдвэрийг гарах замыг хааж, ахмад Бернард Бражинагийн пулемётчид үйлдвэрийн бүх объектыг эзэлж чадав. Иосиф Буршикийн танкзийн рот Киевийн төлөөх тулалдаанд нийт нэг “Фердинанд” танк, 3 танк эсэргүүцэх буу, 2 пулемётын галын цэг, мөн хэд хэдэн саперчдыг хэсэгчлэн устгасан байна. Түүнчлэн 1943 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр түүний рот 3 танкийн отрядын хамт нацистын германы давуу хүчний эсрэг эзлэгдсэн Киев мужийн Петровка тосгоныг ур чадвар, заль гарган эзлэн авчээ. Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн 1943 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зарлигаар "Танкийн ротыг чадварлаг удирдаж, нацистын түрэмгийлэгчдийн эсрэг тулалдаанд эр зориг, баатарлаг гавъяа байгуулсан" тул Чехословакийн иргэн ахмад Иосиф Буршикийг Зөвлөлт Холбоот Улсын Баатар цол, Лениний одонгоор шагнажээ. Иосиф Буршик 1944 оны 01, 02 дугаар сард Житомир-Бердичевийн байлдааны ажиллагаанд оролцож, мөн Белая Церков, Жашковын ойролцоо тулалдаж байв. 1944 оны 02 дугаар сараас Чехословакийн бригадын танкийн курсын даргаар томилогдож, 1944 оны 3 дугаар сард сургалтын танкийн батальоны командлагч, 1944 оны 6 дугаар сард Чехословакийн 1 дүгээр армийн корпус байгуулагдсан бөгөөд тэр үед Иосиф Буршик 2 дугаар танкийн батальоны командлагчийн албан тушаалд томилогдсон. Тэрээр тус батальоныг удирдаж Карпат-Дукла, Морав-Острава, Прагийг чөлөөлөх дахь ажиллагаанд оролцон Чехословакийг Германы цэргээс бүрэн чөлөөлөх хүртэл Словак, Моравид тулалдаж байжээ. Иосиф Буршик 1945 оны 9 дүгээр сараас И.В.Сталины нэрэмжит хуягт ба механикжсан танкийн цэргийн академид суралцаж байсан ч эрүүл мэндийн комисс түүний зүүн уушиг сүрьеэтэй болохыг тогтоож, төгсөж чадаагүй юм. Ингээд 1945 оны 12 дугаар сард түүнийг Чехословак руу явуулж, 1946 оны 3 дугаар сараас эхлэн Чехословакийн 1 дүгээр танкийн бригадын байлдааны бэлтгэлийн орлогч командлагчаар буцаан татав. 1946 оны 9 дүгээр сараас тэр танкийн батальонуудыг, 1947 оны 9 дүгээр сараас Оломоуц хотын 12 дугаар танкийн бригадын командлагчийн орлогч, 1948 оны 4 дүгээр сараас батальоны командлагч болжээ. Иосиф Буршик Зөвлөлт Холбоот Улсад өнгөрүүлсэн он жилүүдээ дурсахдаа: "Зөвхөн би ч биш, бараг бүх чехүүд Зөвлөлтөд байх хугацаандаа коммунистуудын номлосон зүйл, тэдний хийж байсан зүйл хоёрын хооронд ямар их ялгаа байдгийг ойлгосон. Орос хүн бол эрх чөлөөтэй хүн биш, тэр өөрийн хувь заяаныхаа эзэн биш, намын даалгаврыг л биелүүлэх ёстой гэдэгт би итгэлтэй болсон. Бид Чехословак цэргүүд, Зөвлөлт Холбоот Улсад амьдарч байхдаа коммунистуудын бодлогыг олон удаа хэлэлцэж, эх орондоо буцаж ирэхдээ эдийн засаг, улс төрийн амьдралыг чөлөөтэй, ардчилсан зарчмаар зохион байгуулна гэсэн үзэл бодолтой байсан” гэжээ. 1949 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ахмад Иосиф Буршикийг коммунизмын эсрэг суртал ухуулга явуулсан хэргээр баривчилж, улмаар 1950 оны 3 дугаар сарын 07-ны өдөр "эх орноосоо урвасан" хэргээр 10 жилийн ял авсан. Давж заалдах хүсэлт гаргасан ч түүнд оноосон ялын хугацааг бүр 14 жил болгон нэмэгдүүлсэн бөгөөд энэ бол сүрьеэ өвчтэй ахмадын хувьд бүх насаар нь хорих ял байса юм. Сүрьеэгийн хүнд хэлбэрийн улмаас шоронгийн эмнэлэгт хэвтсэн тэрээр 1950 оны 8 дугаар сард оргон Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хилийг давж чадсан. Тэрээр Чехословакийн дүрвэгсдэд зориулсан Америкийн санд ажиллаж байжээ 1955 онд Иосиф Буршик Их Британи руу цагаачилж, тэнд сүрьеэгийн эмчилгээ хийлгэж, 2 удаа уушигны хагалгаанд орсон аж. Хатан хаан II Елизаветагийн хувийн хүсэлтээр Иосиф Буршикт Их Британийн иргэншил олгосон ч тэр татгалзсан байна. Гэсэн ч хатан хаан ахмад дайчинд Их Британийн иргэний эдлэх ёстой бүх эрхийг олгосон юм. Түүний эхнэр, 2 охин нь нутагтаа байсан ба 1963 онд эцэгтэйгээ нийлэхээр Баруун Германд очжээ. Тэр 1968 онд (Прагийн хавар) Варшавын гэрээний орнуудын цэргийг Чехословак руу оруулахыг эсэргүүцэн тэрээр Зөвлөлт Холбоот Улсаас түүнд олгосон бүх шагналыг Лондон дахь Зөвлөлтийн элчин сайдын яаманд хүлээлгэн өгөв. Улмаар 1969 онд Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчийн зарлигаар ахмад Иосиф Буршикт олгосон Зөвлөлт Холбоот Улсын Баатар цол, Лениний одон, бусад одон медалиудыг нь хураан авсан юм. (үүнээс өмнө 1950 онд Чехословак улсаас олгосон бүх шагналыг нь хурааж авсан) 1990 онд Чехословак улсад "хилэн хувьсгал" гарсны дараа Прага руу буцаж ирээд цагаатгагдаж, Чехословакийн Ардын армийн хошууч генерал цол хүртсэн байдаг. Улмаар 2 жилийн дараа Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчийн 1992 оны 5 дугаар сарын сарын 06-ны өдрийн зарлигаар ахмад дайчин, хошууч генерал Иосиф Буршикт олгосон Зөвлөлт Холбоот Улсын Баатар цол, Ленины одон, бусад бүх шагналуудыг нь буцаан олгожээ. Тэр 2002 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Их Британийн Нортхэмптон хотод 90 настайдаа нас барсан юм.