Jump to content

Ираклий Кобахидзе

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ираклий Кобахидзе (гүрж. ირაკლი კობახიძე; англи. Irakli Kobakhidze, 1978 оны 9-р сарын 25-нд Тбилиси хотод төрсөн) — Гүржийн улс төрийн болон төрийн зүтгэлтэн. 2024 оны 2-р сарын 8-наас Гүржийн Ерөнхий сайд. 2016 оны 11-р сарын 18-наас 2019 оны 6-р сарын 21-ний хооронд Гүржийн парламентын дарга асан.

Ираклий 1978 онд Тбилиси хотод төрсөн. Түүний эцэг Гиоргий Кобахидзе нь физикч, 1992-1999 онд Гүржийн парламентын гишүүн байсан. Ираклий 2000 онд Тбилисийн Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэж, Гүржийн Үндэсний Шинжлэх Ухааны Академийн Төр, хуулийн хүрээлэнд философийн ухааны доктор, 2002 онд Их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэрээр Дюссельдорф, Гүржийн их дээд сургуулиудад лекц уншиж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн менежерээр ажиллаж байсан.

2015 оны 1-р сард тэрээр "Гүржийн мөрөөдөл нам"-д элсэж, гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2016 оны парламентын сонгуульд ялалт байгуулсныхаа дараа 2016 оны 11-р сарын 18-нд Гүржийн парламентын даргаар сонгогдсон. 2021 оны эхээр Бидзина Иванишвили улс төрөөс гарсны дараа Кобахидзе "Гүржийн мөрөөдөл-Ардчилсан Гүрж нам"-ын даргын албан тушаалд очжээ.

Гүржийн сөрөг хүчнийхний үзэж байгаагаар Ираклий Кобахидзе бол Гүржийг Европын холбоонд элсүүлэх тухай хэлэлцээг 2028 он хүртэл хойшлуулах санал гаргасан Оросын талыг баримтлагч, Европын эсрэг үзэлтэй улстөрч гэж үздэг байна.