Jump to content

Ираны цөмийн хөтөлбөр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ираны цөмийн хөтөлбөр (англи. Nuclear program of Iran) хэд хэдэн судалгааны байгууламж, ураны хоёр уурхай, судалгааны реактор, уран баяжуулах гурван үйлдвэр багтдаг. Үүний зэрэгцээ Ираныг цөмийн зэвсэг бүтээсэн гэж удаа дараа буруутгаж байсан.

Ираны одоогийн цөмийн хөтөлбөр Шах Мохаммед Реза Пехлеви-гийн үед боловсруулж эхэлсэн юм. Юуны өмнө энэ нь цөмийн дэд бүтцийг бий болгох стратеги, өөрөөр хэлбэл цөмийн түлшний боловсруулах үе шаттай холбоотой юм. Энэхүү стратеги нь улс оронд цөмийн зэвсэг бий болох шинжлэх ухаан, техникийн урьдчилсан нөхцөлийг бүрдүүлсэн "чухал" технологийг эзэмших, өөрийгөө хангалттай түвшинд хүргэхэд чиглэж байжээ.

1979 онд Шах Пехлеви-г түлхэн унагаж, тус улсад Исламын хувьсгал өрнөж Барууны орнуудтай харилцаа муудсаны улмаас Германы цөмийн эрдэмтэд Иранаас гарчээ. Мөн Иран-Иракийн дайны үеэр баригдаж буй Бушерын атомын цахилгаан станц бөмбөгдөлтөд өртөх болжээ. Барууны орнуудаас тусгаарлахыг дэмжигч Аятолла Хомейни 1989 онд нас барсны дараа Ираны эрх баригчид цөмийн төслийг дахин эхлүүлэхээр шийдсэн байдаг юм. Иран энэ төсөлд тусалж чадах гадаадын түншүүдийг хайж эхэлсэн тул ширүүн зөрчилдөөнтэй байсан АНУ Ирантай хэлэлцээ хийж буй орнуудад шахалт үзүүлэхийг оролдсон юм. Ийнхүү Испани, Аргентин, Хятад, Бразил, Энэтхэг, Пакистан хамтран ажиллахаас татгалзав. Үүний зэрэгцээ Пакистан албан бус мэдээллээр Нетанза дахь уран баяжуулах центрифуг үйлдвэрлэх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Иранд нийлүүлсэн гэдэг юм. 1992 онд Орос, Ираны хооронд Бушер хотод атомын цахилгаан станц барих, цөмийн эрчим хүчийг ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай гэсэн хоёр гэрээ байгуулсан юм. Уг реактор барих гэрээг 1995 онд байгуулжээ. Ираны эрх баригчдын жинхэнэ зорилго нь цөмийн зэвсэгтэй болох явдал гэдгийг Орос мэдэж байсан, цахилгаан станц нь эдгээр төлөвлөгөөний халхавч төдий байсан гэж хэвлэлүүд бичиж байсан. Энэ нь цөмийн байгууламж барих хамтын ажиллагаанд саад болоогүй юм. Албан ёсны мэдэгдэлд Иран "цөмийн эрчим хүчийг зөвхөн энх тайвны зорилгоор ашигладаг" гэж онцолж байсан. 1998 онд Бушер хотод Атомын цахилгаан станц барих ажил эхэлсэн байна. 2003 онд АНУ Ираныг цөмийн зэвсэг бүтээхээр нууцаар ажиллаж байна гэж буруутгаж байсан (2002 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Ираныг террористуудыг санхүүжүүлдэг, цөмийн зэвсэгтэй болохыг эрмэлздэг "муугийн тэнхлэг"-ийн тоонд оруулсан); АНУ нь Ираныг цөмийн бөмбөг бүтээхээс сэргийлж олон улсын хэмжээнд тусгаарлахыг оролдож байв. Гэсэн хэдий ч Франц, Герман, Их Британи, түүнчлэн Ирантай цэргийн техник нийлүүлэх, Бушерт цөмийн цахилгаан станц барих гэрээгээр холбоотой Орос улс эсэргүүцэж байжээ.