Jump to content

Ирээдүй рүү буцсан нь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

«Ирээдүй рүү буцсан нь» (англи. Back to the Future) — АНУ-ын алдарт найруулагч Роберт Земекисийн бүтээсэн, шинжлэх ухааны зөгнөлт уран сайхны кино. Кино зохиолыг Земекис болон Боб Гейл нар бичиж, гүйцэтгэх продюсероор Стивен Спилберг, Фрэнк Маршалл болон Кэтлин Кеннеди нар ажилласан байна.

Гол дүрүүдэд Майкл Жей Фокс, Кристофер Ллойд, Лиа Томпсон, Криспин Гловер болон Томас Ф. Уилсон тогложээ. Киноны гол дүр Марти Макфлай санаандгүй орчин үеийн 1985 оноос 1955 он руу очиж эцэг эх хоёрыгоо залуу байх үед очдог байна.

Киног 1980 онд бүтээх санаа төрсөн. Гейл, Земекис нарын хэд хэдэн хамтын ажиллагаа арилжааны хувьд бүтэлгүйтсэн бөгөөд 40 орчим студи тухайн үеийн алдартай инээдмийн кинонуудтай өрсөлдөх чадваргүй гэж үзэн "Ирээдүй рүү буцсан нь" киног хийхээс татгалзжээ. Земекис 1984 онд өөрийн найруулсан "Чулууг хайрлах романс" киноны амжилтын ачаар "Ирээдүй рүү буцсан нь" киног найруулах боломжтой болсон юм.

1984 оны 11-р сард зураг авалт эхэлснээс хойш удалгүй Земекис Майкл Фоксийг тоглуулахын тулд бүх аргаа хэрэглэсэн гэдэг. Бүх үзэгдлийн дахин зураг авалтад ойролцоогоор 4 сая доллар зарцуулсан нь нэмэлт төсөв байв. Зураг авалт Калифорни болон Universal Studios-д болж, 1985 оны 4-р сард дууссан байна.

Энэхүү кино нь дэлхийн тухайн жилийн хамгийн их арилжааны амжилт үзүүлсэн кино болж, 381 сая гаруй долларын орлого олсон. Мөн шүүмжлэгчид болон үзэгчдээс эерэг үнэлгээ авч, үйл явдал, хөнгөн инээдмийн ур чадвар, жүжиглэлтийг нь өндрөөр үнэлсэн. Энэ кино нь Шилдэг найруулга номинацид Хюго шагнал, Шилдэг уран зөгнөлт кино номинацид Сатурн шагнал, Шилдэг дууны эффект монтажийн Оскарын шагнал хүртсэн. Мөн Оскарын шагналд гурван удаа, Алтан бөмбөрцөгт дөрвөн удаа, BAFTA-д таван удаа нэр дэвшсэн. Хьюи Льюис болон Ньюсийн хамтлагийн "Хайрын хүч" («The Power of Love») нэртэй дуу нь мөн олон улсын хит болсон юм.