Jump to content

Их Богдын 1957 оны газар хөдлөлт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Их Богдын 1957 оны газар хөдлөлт нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд болсон, маш хүчтэй (11-12 балл)/ газар хөдөлсөн тохиолдол юм.

Монгол орны Алтайн нурууны Их Богдод 1957 оны 12 дугаар сарын 4-нд хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн голомт нь газрын гүнд 30 км байсан гэж тооцоолсон бөгөөд газар хөдлөлтийн 12 баллын хэмжүүрээр дээд цэгтээ буюу 11-12 балл хүрсэн гэж үздэг. Ийм хүчтэй газар хөдлөлт хуурай газар ховор тохиолддог бөгөөд энэ газар хөдлөлтөөр 80 км үргэлжилсэн уул нуруу хойш хөдөлж, 8,5 метр өргөгдсөн нь шинжлэх ухаанд баттай бүртгэгдсэн. Мөн 10 метр өндөр чулуун давалгаа мэт бүтэц Торомхон гэдэг газар үүсэж, Бахар уулын орой хэсэг нурахдаа хоёр голын хөндийг хааснаар Оюу, Номин нуур бий болсон түүхтэй. Эхлээд бүгт дуу гарснаа, дараа нь хүчтэй дэлбэрэлт адил чимээ гарч, тэнгэр тулсан шороо тоос босож, 230 км үргэлжилсэн уул нурууг бүрхэж, 100 метрээс цааш юм үзэгдэхгүй, 2 хоногийн дараа агаар цэвэршсэн. Газраас ус оргилж, 30 гаруй км урт урссан гол үүссэн ч 4 жилийн дараа татарсан байна.

Газар 300 км уртаар хагарахад олон мал унаж үхснээс гадна хагархайн 2 тал дээш доош зөрж, өргөгдсөн хэсэг өргөгдөөгүй дээрээ давж нөмрөн тогтох, газар хойш шилжсэн, атирсан, овойсон гээд содон үзэгдлүүд гарсан байдаг. Уулын чулуу бэл рүүгээ ихээр өнхөрч, 13 хүн амь насаа алдаж, 1000 гаруй мал хад чулуунд цохигдон үрэгджээ. Газар хөдлөлтийн улмаас 2 аймгийн 4 сумын төв газрын хөрснөөс арчигдан, тухайн үед 10 сая төгрөгийн хохирол учирсан байна. Энэ газар хөдлөлт нь 5 сая ам км нутаг буюу 3 улсад мэдрэгдэн, 300 мянган ам км нутагт барилга байшинд нэлээн хохирол учирсан. Газар хөдлөлтийн голомтоос 700 км зайтай Улаанбаатарт 5-6 балл хүчтэй мэдрэгдэн, хана цуурах, шавар шохой унах, барилга суух зэрэг гэмтэл гарчээ. Ховорхон хүчтэй газар хөдлөлт хүн ам сийрэг нутагт болсноор харьцангуй бага шуугиан дэгдээсэн ч шинжлэх ухаанд тодоор тэмдэглэгдэн үлдсэнийг БОЯ мэдээлж байв. Түүнчлэн, энэ газар хөдлөлтөөр ОХУ-ын Улаан-Үд, Читад 4 балл, Эрхүүд 5 баллын хүчтэй доргижээ. Барилга байгууламжид бага зэрэг гэмтэл учирсан ч Эрхүүгийн УЦС-ын шороон далан нягтарч, ус шүүрэх магадлалыг үгүй болгосон нь газар хөдлөлт барилга байгууламжид сайнаар нөлөө үзүүлсэн маш ховор тохиолдол юм.

 Commons: Их Богдын газар хөдлөлт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Stub icon

Энэ геологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.