Их Британийн Парламент

Их Британийн Парламент, бүрэн нэр нь — Их Британи Умард Ирландын Нэгдсэн хаант улсын парламент (англи. Parliament of the United Kingdom of Great Britain and Northern Ireland) —Нэгдсэн хаант улс болон Хаант улсын хилийн чанад дахь газар нутгийн хууль тогтоох дээд байгууллага.

Их Британийн Үндсэн хуулийн "Парламент дахь титэм" (англи. Crown-in-Parliament) зарчмын дагуу Их Британийн хаан нь мөн парламентын нэг бүрэлдэхүүн хэсэг юм.
Их Британий Парламент нь Лордуудын танхим (англи. The House of Lords) гэх дээд танхим, Нийтийн танхим (англи. House of Commons) гэх доод танхимаас бүрддэг байна.
Лордуудын танхимын гишүүд сонгогддоггүй бөгөөд шашны Лордууд (англи. Lords Spiritual), дээд угсаатнуудын Лордууд (пэрүүд), Давж заалдах шатны Лордуудаас бүрддэг бөгөөд тэдний ихэнх нь удам дагаж уламжлагдсан байдаг. Харин Нийтийн танхим нь ардчилсан зарчмаар нэг мандаттай тойргоос сонгогдсон 650 гишүүнээс бүрддэг байна. Лордуудын танхим ба Нийтийн танхим Лондон дахь Вестминстер ордонд тус тусын танхимд хуралддаг. Ер нь Ерөнхий сайд гэлтгүй бүх сайд нарыг зөвхөн парламент дотроос сонгодог уламжлалтай.
Орчин үед Лордуудын танхимын эрх мэдэл ихэд хязгаарлагдмал байдаг бөгөөд Нийтийн танхимын олонхи нь хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгээр дэмжигдсэн ямар ч хуулийн төслийг Лордуудын танхим саад учруулах боломжгүй байдаг.