Jump to content

Йозеф Менгеле

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Йозеф Менгеле нь Дэлхийн хоёрдугаар дайны германы цэргийн гэмт хэрэгтэн, нацист намын гишүүн, хорих лагерийн хоригдогсод дээр үхлийн аюултай анагаахын туршилтыг биечлэх хийж байсан бөгөөд олон мянган энгийн иргэдийг устагсан дайны хүнд гэмт хэрэгтэн хүн.

1911 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Германы Эзэнт гүрний Бавари мужийн Гюнзбург хотод төрсөн. Германы анагаах ухааны эмч, эрдэмтэн. Анагаах ухааны доктор. Тэрээр Аушвицийн хорих лагерьт ирсэн хоригдлуудыг сонгох ажилд биечлэн оролцож, хоригдлууд дээр туршилт хийж байсан юм. Хэдэн арван мянган хүн түүний золиос болсон. Дэлхийн 2 дугаар дайны дараа Йозеф Менгеле хавчлага болон шүүхээс ял авахаас эмээж Германаас Латин Америк руу зугтжээ. Түүнийг олж, шүүхэд өгөх гэж оролдсон ч бүтэлгүйтсэн. Жозеф Менгелегийн танилууд түүнийг "Беппе" гэж дууддаг байсан (Итали Беппе, Жузеппегийн жижигрүүлсэн үг: Иосеф гэдэг нэрийн итали дуудлага) түүнийг дэлхий дахинд "Аушвицын үхлийн сахиусан тэнгэр" хэмээн нэрлэдэг. Йозеф Менгеле Карл Менгеле, Вальбурга Хупфауэр нарын маш чинээлэг гэр бүлийн ууган хүү байв. Тэрээр Алоис, Карл Жр гэсэн хоёр дүүтэй. Түүний эцэг хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Mengele and Sons компанийг үндэслэгч. Эцэг нь хүүгээ өв залгамжилж компаниа удирдана гэж найдаж байсан ч өөр зорилготой байжээ. Тухайн үед Бавари нь үндэсний социализмын түшиц газар гэж тооцогддог байсан бөгөөд Йозеф Менгеле Германчуудын арьс өнгөний Гитлерийн үзэл санааг дэмжин эмч болж, эх орныхоо сайн сайхны төлөө ажиллахаар шийдсэн. Тэр 1933 онд Нацистын “Ган дуулга” байгууллагад элссэн ч эрүүл мэндийн асуудлаас болж байгууллагыг орхисон байна. Тэрээр Мюнхен, Вена, Боннын их сургуулиудад анагаах ухаан, антропологийн чиглэлээр суралцаж, "Доод эрүүний бүтэц, арьс өнгөний ялгаа" сэдвээр 1938 онд докторын зэрэг хамгаалав.

Нацист болсон нь ба үхлийн туршилтууд

[засварлах | кодоор засварлах]

Йозеф Менгеле 1938 онд нацист нам болон 1940 онд нөөцийн эмнэлгийн хүчинд элсэж, СС-ийн 5 дугаар танкийн дивизийн сапёрын батальонд эмчээр алба хааж байжээ. 1942 онд тэрээр зүүн фронтод шархадсан бөгөөд цэргийн жинхэнэ алба хаах боломжгүй гэж мэдэгдсэн аж. Эдгэрсний дараа 1943 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Освенцим (германаар Аушвиц) дахь "цыгануудын хуарангийн" эмчийн албан тушаалд томилодов. Удалгүй тэр Биркенау (Аушвицын дотоод хуарануудын нэг) хотын ахлах эмчээр томилогдсон юм. Йозеф Менгелегийн өдөр тутмын ажил бол хоригдлууд дээр янз бүрийн туршилтууд хийх байжээ. Залуу эмч одой хүмүүс болон ихрүүд дээр туршилт хийх дуртай байв. Туршилтад орж байгаа хүмүүсийг өөр хооронд нь холбон оёж, царайны өнгийг өөрчлөхөөр төрөл бүрийн химийн бодис цацдаг байлаа. Шүд, чөмгийг судална, удам дамжсан өвчний шалтгааныг хайх гэж тэр. Хүүхдүүдийн арьсан дор зэвэрсэн хадаас, шил, төрөл бүрийн хог суулгаж, янз бүрийн эмчилгээний арга туршина. Хорт бэлдмэлийг үхлийн тунгаар тарьж, туршилтад орж буй хүмүүсийг хэрхэн үхэж байгааг тайвнаар ажигладаг байлаа. Эд эрхтнийг нь тайрна. Хүүхдүүдийг донор болгоно. Гэхдээ цуснаас нь 100-200 граммыг авчихгүй, эцсийн дусал цусыг нь шавхана. Менгеле болон бусад эмч нар амьд хүүхдүүд дээр задлан хийж, эрчүүд болон хөвгүүдэд мэдээ алдуулагч хийлгүйгээр хөнгөлж, эмэгтэйчүүдийн тэсвэр хатуужлыг шалгахын тулд тэднийг цахилгаан гүйдлээр цохиулдаг байв. Хүмүүс өндөр температурт ямар хариу үйлдэл үзүүлэхийг туршиж, ямар температур дээр үхэж байгааг шалгаж, өндөр тунтай рентген туяагаар шарж, бэлэг эрхтнийг нь тайрна. Жирэмсэн бүсгүйчүүдийг төрүүлж, хүүхдийг эх барьсны дараахан ээжүүдийнх нь нүдэн дээр л нярайг торхтой ус руу чулуудаж живүүлнэ. Тэр бүү хэл нярайгаар өлсгөлөн хархнуудыг хооллоно. Йозеф ийнхүү нярай хүүхдүүдийг тамлаж байхад өөрийнх нь гэрт дөнгөж төрсөн хүү Рольф нь унтаж байдаг байв. Өөрөө нялх хүүхэдтэй ч өрөөлийн хүүхдийг огт энэрдэггүй нэгэн байж. Тэр Освенцимд 21 сар ажиллахдаа хамгийн аюултай нацистуудын нэг гэдгээрээ нэр хүндтэй болж, "Үхлийн сахиусан тэнгэр" хоч авсан. Тэрээр хуаранд ирж буй хоригдлуудын галт тэрэгний харгалзагч нартай биечлэн уулзаж, тэдний хэн нь хуаранд ажиллах, хэн нь туршилтанд орох, хэн нь тэр даруй хийн камерт очихыг зааж өгдөг байсан юм. Йозеф Менгеле ихрүүдийг онцгойлон сонирхож байв. Тэр цыган ихрүүдийг оёж сиамын ихрүүдийг бүтээхийг оролдсон. Хүүхдүүд аймшигтай тарчлаан зовоож, янз бүрийн химийн бодисыг нүд рүү нь шахаж хүүхдийн нүдний өнгийг өөрчлөх оролдлого, эрхтнийг тайрах гэх мэт туршилтуудыг хийн эдгээр туршилтуудын дараа амьд үлдсэн хүмүүс, хүүхдүүдийг бүгдийг устгажээ.

Дайны төгсгөлд түүнийг Гросс-Розен хорих лагерьт шилжүүлэв. 1945 оны 4 дүгээр сард тэрээр цэргийн дүрэмт хувцастай зугтсан ба Нюрнберг хотын ойролцоо баривчлан саатуулж, шоронд хорьсон ч хэн болохыг нь тогтоож чадаагүй тул удалгүй сулласан гэдэг. Тэр нацистын намд элсэхдээ өөрийн цусны бүлэгтэй шивээс хийлгэхээс татгалзсан нь аврагдах шалтгаан болжээ. Түүний эхнэр Ирена хожим нь Менгеле нарциссист байсан тул арьсаа гэмтээхийг хүсээгүй гэж мэдэгдсэн байдаг. Удаан хугацааны турш тэрээр Баварийн нэгэн тосгонд нуугдаж төмсний фирм дээр ажиллаж байв. Гэвч хэсэг хугацааны дараа түүнийг эрэн сурвалжилж, сонинуудад зар гарч эхэлсэн юм. Йозеф Менгеле өөрийгөө еврей хүн хэмээн хил давахаар шийдсэн ба хилийн шалганыхан ч түүнд итгэсэн юм. 1949 онд тэр Аргентин руу зугтаав. Аргентин улс нацистуудыг баяртайгаар угтан авсан бөгөөд тэр үед нацистын “Люфтваффе”-гийн нисэгч Ханс-Ульрих Рудель, “Холокостын архитектор” хэмээх Адольф Эйхманн нар тэнд байсан бөгөөд тэд Йозеф Менгелед тусалсан аж. Йозеф Менгеле Буэнос-Айрес хотод хууль бусаар үр хөндөлт хийж мөнгө олж байгаад хожим нь Бразилд кофены суулгацын талбайд ажиллах болжээ. Гэрээсээ тун ховор гарна, гарахдаа том бүрх малгай өмсөн нүүрээ нуудаг байж. 1958 онд нэгэн эмэгтэй үр хөдөлтийн улмаас нас барсны дараа түүнийг шүүхэд байцааж, саатуулсан боловч удалгүй суллагдсан юм. Тэр мөн өөрийн эмийн сангаа нээсэн бөгөөд үүнээс өмнө малын эмчээр ч ажиллаж байжээ. 1958-1960 онд Йозеф Менгеле гэр бүлийнхээ хамт Буэнос-Айрес хотын захын Висенте Лопес хотод Германы дотуур байрны байшинд амьдарч байв. Израилийн тагнуулын алба “Моссад” Аргентинд хуурамч нэрээр амьдарч байсан “Холокостын архитектор” хэмээх Адольф Эйхманыг Буэнос-Айрес хотоос хулгайлсны дараа тэр Бразил руу зугтав.

Йозеф Менгеле 1979 оны 02 дугаар сарын 07-ны хүртэл Бразилийн Сан-Паулу хотод амьдарчээ. Нэг өдөр тэр далайд сэлж байгаад тархинд нь 2 дахь удаа цус харваж, улмаар живсэн байна. Түүний хүү Рольфын өгүүлснээр, Йозеф хийсэн гэм нүглээ хэзээ ч наминчилж байгаагүй гэнэ. Хэнд ч гай болоогүй, зөвхөн үүрэгт ажлаа л гүйцэтгэж байсан гэж хэлдэг байж. Бараг 35 жилийн турш Йозеф Менгеле хэд хэдэн удаа баривчлага, хавчлагаас нуугдаж чадсан, Израилийн тагнуулын алба “Моссад” түүнийг олох тун дөхсөн. Адольф Эйхманыг баривчилсны дараа тэр нацистын гэмт хэрэгтнүүдийн дундаас хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан хүн гэж үздэг. Түүний булшийг 1985 онд олсон бөгөөд зөвхөн цогцсыг булшнаас нь гаргасны дараа Сан-Паулу хотын Шүүх эмнэлгийн хүрээлэнд хадгалжээ. 2008 онд Адольф Эйхманыг баривчлах ажлын хэсгийг ахалж байсан Моссадын ажилтан асан Рафи Эйтан “Израилийн тагнуулын алба Эйхманыг олсон тэр үед Йозеф Менгелегийн мөрийг хөөж байсан боловч "нэг чулуугаар хоёр туулай алахаас татгалзсан” гэж мэдэгджээ. Моссадын гол зорилго нь Адольф Эйхманыг баривчлах байсан тул хэтэрхий эрсдэлтэй хэмээн үзсэн байдаг.

Загвар:Дайн гэмт хэрэгтнүүд