Йоркийн их сургууль
Йоркийн их сургууль (Англи: University of York) нь Английн Йорк хотод байрладаг улсын өмчит, коллежийн тогтолцоотой судалгааны их сургууль юм. 1963 онд үүсгэн байгуулагдсан тус сургууль өнөөг хүртэл өргөжин тэлсээр 30 гаруй тэнхим, төвүүдтэй болж, төрөл бүрийн мэргэжлийн чиглэлээр сургалт, судалгаа явуулж байна. Йорк хотын зүүн өмнөд хэсэгт орших их сургуулийн кампус нь ойролцоогоор 500 акр буюу 200 гектар талбайг эзэлдэг. Анхны кампус болох Баруун кампус нь Йоркийн Шинжлэх ухааны хүрээлэн ба Үндэсний шинжлэх ухааны сургалтын төвийг багтаадаг бөгөөд хотхоныг хүрээлэн байгаль, нуур цөөрөм, ногоон байгууламж сүндэрлэж байдаг. 2007 оны тавдугаар сард сургуулийн үндсэн кампусыг тэлэх зөвшөөрлийг олгосон ба энэ нь Хеслингтон тосгоны зүүн талын тариалангийн зориулалттай газарт баригдсан. Хоёр дахь кампус болох Зүүн кампус 2009 онд ашиглалтад орсон бөгөөд одоо таван коллеж, гурван тэнхим мөн хурлын танхим, спорт цогцолбор болон бизнесийн гарааны дэмжлэгийн төв байрладаг. Энэхүү их сургууль мөн Йорк хотын төвд орших Кингс Манорын байрыг түрээслэн ашигладаг. 2023–2024 оны байдлаар тус сургуулийн нийт орлого 515.5 сая фунт стерлинг буюу 2.5 их наяд төгрөг байсан бөгөөд үүнээс 100.4 сая нь судалгаа, гэрээт ажлуудаас олсон орлого ба зардал нь 379.4 сая фунт стерлинг болж байв. Йорк их сургууль нь 1960-аад оны үед байгуулагдаж байсан шинэчлэгдсэн загвартай их сургуулиудын нэг байсан ба коллежийн онцлогоороо ялгардаг. Тус сургууль 11 коллежтэй бөгөөд арван нэг дэх нь 2022 онд нээгдсэн Давид Катогийн нэрэмжит коллеж юм.[1]