Йорк Их Сургууль
Йорк Их Сургууль (York University) нь Канадын Онтарио мужийн Торонто хотод байрладаг олон нийтийн судалгааны их сургууль бөгөөд тус улсын гурав дахь том их сургууль юм. Нийт 53,500 оюутан, 7,000 багш ажилтан, дэлхий даяар 375,000 гаруй төгсөгчтэй. Йорк Их Сургууль нь Лассондын Инженерийн Сургууль, Шулихийн Бизнесийн Сургууль, Осгүүдийн Хуулийн Сургууль, Глендоны Коллеж зэрэг 11 факультет, 32 судалгааны төвтэй. Йорк Их Сургууль нь 1959 онд Йорк Их Сургуулийн тухай хууль (York University Act)-ийн дагуу шашны хамааралгүй их сургууль болохоор байгуулагдаж, тухайн оны гуравдугаар сарын 26-нд Онтариогийн хууль тогтоох ассамблейн хааны зөвшөөрлөөр батлагдсан. Анхны хичээл нь 1960 оны есдүгээр сард Торонтогийн Их Сургуулийн Фалконер танхимд 76 оюутантай эхэлсэн. 1961 оны намар Йорк Глендоны танхим руу нүүж (одоогийн Глендоны коллеж) чөлөөт урлаг болон насанд хүрэгчдийн оройн сургалтад төвлөрсөн. 1965 онд Их сургууль Норт Йорк хотод одоо “Йорк Их Сургуулийн Дүүрэг” гэж нэрлэгддэг бүсэд Кийлийн хотхон (Keele Campus)-ийг нээсэн. Сүүлийн хорин жилийн хугацаанд Йорк их сургууль хөдөлмөрийн маргаантай холбоотойгоор хэд хэдэн удаа багш, ажилчдын ажил хаялттай нүүр тулсан бөгөөд 2018 онд Канадын түүхэн дэх хамгийн урт их сургуулийн ажил хаялт болсон юм.[1]
- ↑ "York University", Wikipedia (Англи хэлээр), 2025-03-25, Татаж авсан: 2025-03-26