Jump to content

Казахын дээрэмчид

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Казахын дээрэмчид гэдэг нэр нь Монгол улсын баруун хязгаарын хилийг 1910-1950 онд зөрчин зэвсэгт дээрэм, аллага хийх ба цэргийн тагнуул, хилийн тулгаралт, мөргөлдөөн үүсгэж байсан зэвсэглэсэн казахуудыг хэлдэг байсан хэллэг юм.

Казахууд 1910-1913 онуудад Богд Хаант Монгол Улсын Баруун хязгаар нутагт Шинжааны зүгээс зэвсэглэсэн дээрэм хийж эхэлсэн байна. Эдгээр дээрэмчид нь шинэхэн байгуулагдсан Монгол улс нь баруун хязгаарын хилээ хамгаалах тал дээр сулхан байсан байдлыг далимдуулан баруун монголчуудыг дээрэмдэн адуу малыг олон тоогоор дээрэмдэн авахаас гадна аллага хийж жирийн малчин монголчуудыг алж устгаж байсан байна. Гэвч Жа лам буюу Дамбийжаагийн захирсан цэрэг казахын дээрэмчдийг бут цохин толгойлогч нарыг нь шийтгэсэнээс хойш казахууд дахин ийм зэвсэгт дээрэм хийж, аллага үйлдээгүй хэсэг хугацаанд тайван болсон байна.

Ардын хувьсгал ялж, Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдсанаас хойш Монголын баруун хязгаар болон өмнөд хилийн дагуу эрх ямбаа алдсан тайж язгууртан лам нар зэвсэгт дээрмийн бүлэг болох баартагчин нарыг зохион байгуулж, дээрмийн халдлага хийх болсон байна. Энэхүү баартагчингуудтай казахууд хамтран дээрэм хийж байжээ. Энэ үед хил хамгаалалт нь цөөн тоотой хилийн харуулаар хамгаалагдаж байсан сул талыг ашиглан эдгээр дээрэмчид нутгийн гүн рүү чөлөөтэй нэвтрэн дээрэм хийдэг байжээ. Энэ үед казахууд ийм хүнд нөхцлийг далимдуулан дахин идэвхжиж зэвсэглэсэн дээрэм тонуул хийж байсан ба хилийн харуул руу хүртэл заримдаа халдаж байжээ. Ингэж казахын дээрэмчид 1930-д онд дахин гарч ирсэн байна. Үүний эсрэг хилийн цэргийг хүч нэмэгдүүлэх болон тусгай отряд үүсгэн тэмцэх замаар казахын дээрэмчдийн үйлдлийг таслан зогсоож байсан бөгөөд 1940-д онд Дорнод аймагт байрлаж байсан Монголын ардын хувьсгалт цэргийн морьт хороог Баруун хязгаарын Бодончид татан аваачиж байрлуулснаар казахын дээрэмчдийн халдлага нэг хэсэг зогссон байна.

1940-1950 онд Шинжаанд гарсан Зүүн туркестаны бүгд найрамдах улс байгуулах зорилго бүхий зэвсэгт бослогуудын үед Шинжаанаас гаралтай Оспан хэмээх нэгэн казахуудын зэвсэгт бүлгийг зохион байгуулан Казахын тусгаар улсыг байгуулахаар тэмцсэн байна. Энэ үед казахын дээрэмчид дахин идэвхжсэн байна. Оспан нь улмаар олон талтай хувирамтгай бодлого барьж байсан бөгөөд 1946 оноос эхлэн хятадын Гоминдааны талд бүрэн орж, түүний даалгаврыг биелүүлж эхэлсэн байна. Оспаны удирдсан казахын дээрэмчид нь Монголын баруун хязгаарын хилийг байнга зэвсэглэн цөмөрч дээрэм тонуул аллага хийхээс гадна гоминдааны даалгавраар хилийн цэргийн байрлал, тоо, хүч, хил хамгаалалтын байдлыг тагнах, хилийн цэргийн харуулыг довтлох, амьд хил барих зэрэг цэргийн тагнуулын даалгаварыг биелүүлж байснаас гадна гоминдааны цэрэгтэй хамтран БНМАУ-ын хил рүү цөмрөн байлдаан хийж байсан байна. Үүний эсрэг яаралтай арга хэмжээ авч хилийн цэргийн хүчийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдээс өөрийгөө хамгаалах морьт отрядуудыг зохион байгуулах, цэргийн агаарын хүчний хэсгийг татах зэрэг арга хэмжээ авснаас гадна хил хамгаалалтыг чангаруулж казахын дээрэмчдийн эсрэг шат дараалсан операци явуулсаны үр дүнд казахын дээрэмчдийг бут цохин хилийн тайван байдлыг хангасан түүхтэй.

Урлагийн бүтээл

[засварлах | кодоор засварлах]
  • Босго тотго олон ангит уран сайхны түүхэн кино. МНВ телевизийн бүтээл.2013 он
  • Хил дээр Монголын уран сайхны кино.
  • Ц.Уламбаяр. Дархан хилийн манаа. тууж