Хасагийн хант улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Казахын хант улс» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Хасагийн хант улс
Хасагийн хант улс
Қазақ Хандығы
قازاق حاندىعى
Уриа: Алаш!
НийслэлТуркистан
Албан хэл Хасаг хэл
Төр засаг Хаант засаглал
 -  Жанибек хан 1465-1480
 -  Аблай хан 1771-1781
1465-1847
 -  Хасагийн хант улс, Зүчийн улсаас салан тусгаарлав. 1465 он 
 -  Тауке хан бүх Хасагийг дахин нэгтгэв. 1680-1718 он 
 -  Хасагийн хант улс мөхөв. 1847 он 
20-р зууны эхэн үеийн Хасагийн 3 жузын нутаг. Улаан нь Их Жуз, Хул өнгө нь Дунд жуз, Ногоон нь Бага Жуз

Хасагийн хаант улс бол Зүчи ханы отгон хүү Тугайтөмөр удмын Жанибек хан болон Керей хан нар Зүчийн улсын мэдэлд байсан Түрэг, Түрэгжсэн Монгол угсаатныг нэгтгэж байгуулсан улс юм. Энэ улс нь хуучин Кипчакын ханлиг, Хөх орд, Цагаан ордны улсуудын нутаг орныг нэгтгэх замаар үүссэн. Хүн амын зонхилох хэсэг Огуз Түрэгүүд нь өнөөгийн Хасаг үндэстэнг байгуулах эх суурь болж өгчээ. Төр улсыг захирах дээд эрх нь Хиад Боржигон овгоос салбарласан Тугайтөмөрийн Төре овгийн ноёдын гарт байжээ. Тус улс нь түүхийн зарим үед бутархай байдлаар оршиж, цөөн хэдэн хүчирхэг хангуудын үед нэгдэн нягтарч байлаа. XVII-XVIII зууны үед газар нутаг, овог аймгийн бүрдлээс хамаарч Долоон гол орчмын Моголистанаас нэгдсэн зүүн өмнөд хэсгийн Их жуз, Кипчакын уудам тал нутгийг багтаасан гол цөм болсон Дунд жуз, Каспийн тэнгисийн зүүн эрэг, Астрахан хүртлэх нутгийг багтаасан баруун хэсгийн Бага Жуз гэсэн гурван жуз буюу зуутад хуваагдаад харьцангуй бие даасан ханлигийн байдалтай болсон. XVII зууны дунд үеэс Зүүнгарын хант улсын хараат улс болж, тархай бутархай байсаар 1755 оноос тэдний нөлөөнөөс гарч, тусгаар тогтносон. Гэхдээ Оросын эзэнт гүрэн, Манж Чин улсын цэргийн аюулын дарамт доор оршиж байгаад, хэсэг бүлгээрээ Оросын эзэнт гүрний мэдэлд орж эхэлсэн. Ингээд эцсийн нэг хэсэг нь 1847 онд Оросын эзэнт гүрний захиргаанд орсноор мөхжээ.