Jump to content

Калаверит

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Калаверит (Англи: Calaverite) буюу алтны теллурид нь алтны ховор тохиолдох теллурид, AuTe2 химийн томьёотой металл эрдэс бөгөөд алтных нь ойролцоогоор 3 хувийг мөнгө орлосон байдаг. Үүнийг анх 1861 онд Калифорни мужийн Калаверас тойрогт нээсэн бөгөөд 1868 онд уг тойргийн нэрээр нэрлэжээ.

Энэхүү эрдэс нь ихэвчлэн металл гялгартай байдаг бөгөөд өнгө нь мөнгөлөг цагаанаас гуулин шар хүртэл өөрчлөгдөж болно. Энэ нь алт мөнгөний теллурид эрдэс болох силваниттай нягт холбоотой боловч силванит нь хамаагүй их хэмжээний мөнгө агуулдаг онцлогтой. Бас нэгэн AuTe2 эрдэс (гэхдээ өөр талст бүтэцтэй) бол креннерит юм. Калаверит болон силванит нь алтны теллуридийн гол хүдрийг төлөөлдөг ч, ерөнхийдөө ийм төрлийн хүдрүүд нь алтны багахан эх үүсвэр болдог байна. Баруун Австралиас олддог алтны гол эрдсийн хувьд калаверит нь 1890 ээд оны тухайн бүс нутгийн алтны халуурлын үед томоохон үүрэг гүйцэтгэсэн.

Калаверитын бүтэц нь олон жилийн турш шинжлэх ухааны хүрээнийхний сонирхлыг татаж, мөн толгойг нь гашилгасаар ирсэн юм. В.Голдшмидт болон түүний хамтрагчид калаверитын 105 талстыг судалж 92 хэлбэрт ангилсан боловч бүх талстыг индексжүүлэхийн тулд таван өөр тор (lattice) ашиглах шаардлагатай болсон байна. Энэ калаверит нь Айюгийн рационал индексийн хуулийг (Haüy's law of rational indices) зөрчдөг гэж үзэхэд хүргэсэн юм.