Jump to content

Калифорнийн Технологийн Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Калифорнийн Технологийн Хүрээлэн (Caltech гэдэг нэрээр танигдсан) нь АНУ-ын Калифорни мужийн Пасадена хотод байрлах хувийн судалгааны их сургууль юм. Энэхүү их сургууль нь орчин үеийн шинжлэх ухааны олон дэвшилд хувь нэмрээ оруулсан бөгөөд цэвэр болон хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээр сургалт явуулдаг Америкийн цөөн хэдэн технологийн хүрээлэнгийн нэг юм. Тус байгууллага нь анх 1891 онд Амос Г. Троопын үүсгэн байгуулсан бэлтгэл болон мэргэжлийн сургууль хэлбэрээр байгуулагдсан бөгөөд 20-р зууны эхэн үед Жорж Эллери Хэйл, Артур Амос Ноёс, Роберт Андрюс Милликан зэрэг нэр хүндтэй эрдэмтдийг татаж эхэлсэн. 1910 онд бэлтгэл болон мэргэжлийн сургуулиудыг салгаж, тусдаа байгууллага болгосон ба 1920 онд өнөөгийн нэрээ авсан. 1934 онд Caltech нь Америкийн Их Сургуулиудын Холбоонд элссэн бөгөөд НАСА-гийн Хүнгэн Зүтгүүрийн Лабораторийн үндэс суурь нь 1936-1943 оны хооронд Теодор фон Карман-ы удирдлага дор тавигдсан. Энэхүү лабораторийг өнөөг хүртэл Caltech удирдан ажиллуулдаг. Caltech нь шинжлэх ухаан, инженерчлэлд түлхүү анхаардаг зургаан академик салбартай бөгөөд 2010 оны байдлаар 332 сая ам.долларын судалгааны тэтгэлгийг удирдаж байв. Тус сургуулийн үндсэн кампус нь 124 акр буюу 50 гектар талбайтай бөгөөд Лос Анжелес хотын төвөөс зүүн хойд зүгт ойролцоогоор 18 км зайд оршдог. Шинэ элсэгч оюутнууд кампус дээр амьдрах шаардлагатай бөгөөд бакалаврын оюутнуудын 95 хувь нь кампусын орон сууцны системд амьдардаг.