Jump to content

Карабахын мөргөлдөөн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Карабахын мөргөлдөөн (азер. Qarabağ münaqişəsi, армени. Արցախյան հակամարտություն) — Азербайжан, Арменийн хооронд Уулын Карабахын асуудлаар Кавказад гарсан угсаатнуудын улс төрийн зөрчил юм.

Түүх, соёлын гүн гүнзгий үндэс улбаатай нийгэм-омог хоорондын мөргөлдөөн нь ЗХУ-ын өөрчлөн байгуулалтын жилүүдэд (1987-1988) ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Армени, Азербайжан улсад үндэсний хөдөлгөөн огцом өссөнтэй холбогдуулан шинээр хурцадмал байдал үүссэн. 1987 болон 1988 оны эхээр тус бүс нутагт Арменийн хүн амын дунд нийгэм, эдийн засгийн байдалд сэтгэл дундуур байдал улам бүр нэмэгджээ. Зөвлөлт Азербайжаны удирдлагыг тус бүс нутгийн эдийн засгийн хоцрогдол хэвээр хадгалж, Азербайжан дахь Арменийн цөөнхийн эрх, соёл, өвөрмөц байдлыг хөгжүүлэхийг үл тоомсорлож, Уулын Карабах болон Арменийн хоорондох соёлын холбоонд хиймэл саад тотгор учруулсан хэмээн буруутгаж байв. 1988 оны 11-р сараас 12-р сар гэхэд уг мөргөлдөөн хоёр улсын оршин суугчдын дийлэнх хэсгийг хамарч, Уулын Карабахын орон нутгийн асуудлаас хальж, "нээлттэй үндэстэн хоорондын мөргөлдөөн" болж хувирсан бөгөөд энэ нь Спитакийн газар хөдлөлтөөр түр зуур зогссон юм.

1991-1994 онуудад энэхүү мөргөлдөөн нь Уулын Карабах болон түүний зэргэлдээх зарим газар нутгийг хяналтдаа авахын төлөө өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахад хүргэсэн байна.

1994 оны 5-р сарын 5-нд нэг талаас Армени болон хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улс (УКБНУ, 2017 оноос Бүгд Найрамдах Арцах Улс гэгдэх болсон), нөгөө талаас Азербайжан хооронд гал зогсоох тухай Бишкекийн протоколд гарын үсэг зурсан юм. 1994 оны 5-р сарын 9-нөөс 5-р сарын 11-ний хооронд гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурж, 1994 оны 5-р сарын 12-нд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

Карабахын нэгдүгээр дайн дууссаны дараа мөргөлдөөн намжих үе шатанд орж, ЕАБХАБ-ын Минскийн бүлгийн зуучлалаар хэлэлцээ хийгдсэн. Гэсэн хэдий ч Уулын Карабахын хилийн шугамын дагуу янз бүрийн хэмжээний хурцадмал мөргөлдөөн үе үе үргэлжилсээр байв. 2016 оны 4-р сард Армени, Азербайжаны хүчний хооронд өнөөг хүртэлх хамгийн том зэвсэгт мөргөлдөөн гарсан бөгөөд үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Дөрвөн өдрийн дайн" гэж нэрлэжээ. Үүний үр дүнд Азербайжаны талд газар нутгийн ашигтай бага зэргийн өөрчлөлт гарсан.

2020 оны 9-р сард мөргөлдөөн даамжирч дайны шинэ үе шатанд орж, улмаар Азербайжан 2020 оны 11-р сарын 9-10-ны гал зогсоох тунхаглалын дагуу өмнө нь Бүгд Найрамдах Арцах Улсын хяналтад байсан ихэнх нутгаа хяналтдаа авчээ.

2022 оны 12-р сарын 12-нд Азербайжан Уулын Карабахыг бүслэн хааж, тус бүс нутгийг Арменитай холбосон цорын ганц тээврийн зам болох Лачин коридорыг хаажээ. 2023 оны 9-р сарын 19-нд Азейрбажан Уулын Карабахын эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэн бөгөөд үүний үр дүнд 9-р сарын сүүл, 10-р сарын эхээр Арменийн бараг бүх хүн амыг хөөжээ. Уулын Карабахын эрх баригчид татан буугдаж, Бүгд найрамдах улс оршин тогтнохоо больж, Азербайжан олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нутаг дэвсгэрийг бүхэлд нь хяналтандаа авсан юм.

2023 оны 9-р сарын 19-20-ны өдрүүдэд Азербайжаны зэвсэгт хүчин Бүгд Найрамдах Арцах Улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулсан. 24 цагийн дотор Азербайжан Бүгд Найрамдах Арцах Улсыг бүрэн хяналтдаа авсан. Арцахын төлөөлөгчид Бүгд найрамдах улсын бууж өгөх үйлдэл болсон нөхцөлд гал зогсоох тухай зарласан.

2023 оны 9-р сарын 28-нд Арцахын тэргүүн Самвел Шахраманян 2024 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Арцах Улсыг цуцлах тухай зарлигт гарын үсэг зуржээ. 2023 оны 9-р сарын 29-нд дайныг зогсоосны дараа Уулын Карабахын 97,735 гаруй армян хүн (Уулын Карабахын хүн амын 70 гаруй хувь) Армени руу дүрвэн гарчээ.