Карел Чапек
Карел Чапек (чех. Karel Čapek; 1890 оны 1-р сарын 9-нд, Мале-Сватонёвицед төрсөн — 1938 оны 12-р сарын 25-нд Праг хотод нас барсан) — Чехийн алдарт зохиолч, жүжгийн зохиолч, орчуулагч, зөгнөлт зохиолч. Чехийн 20-р зууны уран зохиолын сонгодог төлөөлөгч.

Тэрээр «Макропулосын арга» (Věc Makropulos, 1922), «Эх» (Matka, 1938), «R.U.R.» (Rossumovi Univerzální Roboti, 1920) жүжиг, «Абсолютын үйлдвэр» (Továrna na absolutno, 1922), «Кракатит» (Krakatit, 1924), «Хордубал» (Hordubal, 1933), «Салхин шуурга» (Povětroň, 1934), «Энгийн амьдрал» (Obyčejný život, 1934 романууд, «Саламандруудтай хийсэн тэмцэл» (Válka s mloky, 1936), «Анхны аврал» (První parta, 1937), «Цагаан өвчин» (Bílá nemoc) (1937) «Хөгжмийн зохиолч Фолтынагийн амьдрал уран бүтээл» (Život a dílo skladatele Foltýna, 1939) болон тууж, эссе, хошин өгүүлэг, үлгэр болон замын тэмдэглэлүүд бичсэн. Орчин үеийн Францын яруу найргийн орчуулагч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Карел Чапек 1890 оны 1-р сарын 9-нд Австри-Унгарын (одоогийн Чех) Трутновын ойролцоох Мале- Сватонёвице хотод эмч Антонин Чапекийн (1855-1929) 3 хүүхэдтэй гэр бүлд отгон хүү болж төрсөн. Карелын эцэг амралтын газар, уулын уурхайд эмчээр ажилладаг байв. Түүний эх Божэна Чапкова (1866-1924) Словакийн ардын аман зохиол цуглуулагч байсан. Чапекийн ах Иозеф (1887-1945) нь зураач, зохиолч байсан. Эгч Чапкова Гелена (1886-1961) зохиолч, дурсамж намтрын зохиолч байжээ.
Чапек 14 настайдаа зохиолоо бичиж эхэлсэн байна. Анхны зохиолууд «Энгийн мөргөл», «Илбэчний түүх» зэрэг нь орон нутгийн "Nedele" сонинд хэвлэгдэж байжээ. 1908—1913 онуудад ах Иозефтойгоо хамтран бичдэг байсан гэдэг.
Тэрээр Градец Кралове (1901-1905) дахь гимназид сурч, дараа нь Брно хот руу нүүж, эгчийнхээ хамт хоёр жил амьдарсан. Эндээс тэрээр Праг руу нүүж, тэндээ үргэлжлүүлэн суралцжээ. 1915 онд тэрээр Карлын Их сургуульд философийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Мөн Берлин, Парисын их дээд сургуульд философийн чиглэлээр суралцсан.
Эрүүл мэндийн шалтгааны улмаас түүнийг цэрэгт татаагүй бөгөөд богино хугацаанд Гүн Лазанскийн гэр бүлд хүүхдүүдийн багшаар ажилласан. 1917 оны намар тэрээр "Národní listy" (Ард түмний сонин) сонинд сэтгүүлч, шүүмжлэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1921 оноос нас барах хүртлээ "Лидове новины" (Ардын сонин) сонинд сэтгүүлч, соёл, улс төрийн редактороор ажилласан. 1921-1923 онд Винохрадын Прагийн театрт жүжгийн зохиолч байсан. Тус театрын зохиолч, жүжигчин Ольга Шейнпфлугова 1920 оноос хойш түүний танил, дотны найз байсан (тэд 1935 онд гэрлэжээ).
Фашизмын эсрэг тууштай тэмцэгч К.Чапек 1938 оны үйл явдлаар (1938 оны Мюнхений хэлэлцээр) эрүүл мэнд нь муудсан байсан бөгөөд үер болоход аврах ажилд оролцсоны үр дүнд давхар хатгалгаа авч 1938 оны 12-р сарын 25-нд (Чехословакийг нацистууд бүрэн эзлэхээс өмнөхөн) Праг хотод нас баржээ.