Jump to content

Карл Цайс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Карл Цайс (герман. Carl Friedrich Zeiss) 1816 оны 9-р сарын 11-нд Ваймар хотод төрсөн — 1888 оны 12-р сарын 3-нд Иейн хотод нас барсан) — Германы инженер бөгөөд шинжлэх ухааны тоног төхөөрөмж буюу оптик бүтээгч бөгөөд 1846 онд шилэн оптикийн «Цайс» үйлдвэрийг үндэслэгч. Тэрээр физикч Эрнст Карл Аббетай хамтран ажиллаж оптикийн онол болон микроскоп хийхэд хувьсгал хийсэн юм. Эдгээр дэвшлийг өргөжүүлэх гэсэн тэдний эрэл хайгуулын ажлын үр дүнд Отто Шотт оптик шилний үйлдвэрлэлд хувьсгал хийсэн байна. Карл Цайсын пүүс дэлхийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй оптикийн фирмүүдийн нэг болтлоо өргөжин тэлсэн юм. «Хааны ордны болон их сургуулийн механик» албан тушаалтай байсан.

Карл Цайс 1816 оны 9-р сарын 11-нд Ваймар хотод хүүхдийн тоглоом үйлдвэрлэгчийн гэр бүлд төржээ. Карлын эцэг Иоханн Готфрид Август Цайс (1785-1849) 100 гаруй жил гар урлал эрхэлж ирсэн гэр бүлээс гаралтай бөгөөд Растенберг хотод төрсөн байна. Август эцэг эхийнхээ хамт Ваймар хотоос хойд зүгт орших жижиг бүс нутгийн нийслэл Баттштедт руу нүүж, Иоханна Антуанетта Фридерик Шмидтэй (1786–1856) гэрлэжээ.

Карл Цайс Ваймар дахь их гүнгийн техникийн сургуульд лекц сонсож, эцэст нь мастер машинист мэргэжлээр дагалдан суралцахаар шийдсэнийхээ хэрээр техникийн судалгаанд маш их сонирхолтой болсон юм. Дараа нь 1835 онд Йенагийн их сургуульд элсэж математик, физик, антропологи, оптик, минералогийн чиглэлээр сурчээ. 7 жилийн дараа тэрээр оптик үйлдвэрлэдэг жижиг бизнес нээсэн боловч түүний бүтээгдэхүүнүүд 1847 он хүртэл эрэлт хэрэгцээгүй байсан юм.

1847 оноос хойш Карл Цайс туршилтын ажилд зориулсан дан нэг линзтэй микроскоп үйлдвэрлэж эхэлсэн байна. Эхний жилдээ зөвхөн 23 ширхэг микроскоп зарагдсан. Удалгүй тэрээр илүү боловсронгуй микроскоп үйлдвэрлэж 1858 онд "Stativ I" микроскоп зах зээл дээр гарч ирсэн түүхтэй юм.