Jump to content

Карол Навроцки

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Карол Навроцки, 2025 он.

Карол Навроцки (польш. Karol Tadeusz Nawrocki; 1983 оны 3-р сарын 3-нд Польшийн Гданьск хотод төрсөн) — польшийн түүхч, нийгэм-улс төрийн зүтгэлтэн. Польшийн 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуульд "Хууль зүй, Шударга ёс" улс төрийн намын дэмжлэгтэй оролцож 6-р сарын 1-ний хоёрдугаар шатны сонгуулиар Польшийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон нам бус улс төрч. Тэрээр 2025 оны 8-р сарын 6-нд албан ёсоор Ерөнхийлөгчийн албан тушаалд очих юм.

2013-2017 онд Гданьск хот дахь Үндэсний дурсгалын хүрээлэнгийн Олон нийтийн боловсролын товчооны дарга, 2011-2017 онд Гданьск хотын Сиедлце дүүргийн зөвлөлийн дарга, 2017-2021 онд Гданьскийн Дэлхийн 2-р дайны үеийн тухай Гданьскийн музейн захирал, 2021 оноос хойш Үндэсний дурсгалын хүрээлэнгийн ерөнхийлөгч.

1998 он хүртэл Гданьск хотын 58-р бага сургуульд суралцаад 4-р ерөнхий дунд сургуульд элсэн орж 2002 онд төгссөн байна. 2003 онд Гданьск хотын Бизнес, удирдлагын дээд сургуулийг Боловсон хүчний менежер мэргэжлээр төгссөн. 2003 онд Гданьскийн их сургуулийн Түүхийн хүрээлэнд суралцаж, 2008 онд магистр, 2013 онд Гданьскийн их сургуульд хүмүүнлэгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2023 онд Гданьскийн Технологийн Их Сургуульд Стратеги, хөтөлбөр, төслийн менежментийн чиглэлээр олон улсын MBA хөтөлбөрийг төгссөн байна.

Карол Навроцки Европыг бус Америкийн талыг баримтлахын төлөө, шүүхийн шинэчлэлийн эсрэг, үр хөндөлт, ЛГБТК+ хүмүүсийн иргэний эвлэлүүдийн эсрэг, Украиныг НАТО-д элсүүлэхийн эсрэг (хэдийгээр түүнд цэргийн тусламж үзүүлэхийг дэмждэг) бөгөөд Украиныг түргэвчилсэн маягаар Европын Холбоонд элсүүлэхийн эсрэг байгаа гэж өөрийн байр суурь илэрхийлсэн. Сонгуулийн өмнө Карол Навроцки АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай зургаа татуулж, Трампын нэгэн адил Украиныг үл талархаж байна гэж буруутгаж байсан. Түүний сонгуулийн сурталчилгааны уриа нь "Юуны өмнө Польш улс, польшууд" гэж байсан. Сонгуулиар түүний төлөө хөдөө орон нутгийн оршин суугчид, ялангуяа Польшийн өмнөд болон зүүн хэсгийнхэн илүү дэмжсэн байна.