Касым Тыныстанов

Касым Тыныстанов (1901 оны 9-р сарын 10-нд Оросын эзэнт улсын Семиреченск мужийн Чырпыкты тосгонд төрсөн — 1938 оны 11-р сарын 6-нд ЗХУ-ын Зөвлөлт Киргизийн Ворошилов дүүргийн Чон-Таш сууринд буудуулж хороогдсон) — Киргизийн эрдэмтэн, яруу найрагч бөгөөд төрийн зүтгэлтэн. Латин үсэгт үндэслэн киргиз цагаан толгойн суурийг тавьсан (1927—1940).
Намтар
[засварлах | кодоор засварлах]Түүний эцэг Тыныстан Маркатаев газар тариалан эрхэлдэг ядуу фермер байв. Гэсэн хэдий ч хүүгийнхээ боловсролын үндсийг тавихад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Тэрээр хүүдээ араб хэлийг биечлэн гэрээр зааж өгчээ. Касым Караколын узбек сургуульд суралцаж эхэлсэн бөгөөд тэнд сургуулиа төгсөөд ажилчин хийж байжээ. 1915 онд Сазановка (одоогийн Ананьево) дахь дотуур байртай сургуульд элссэн. 1914-1916 онд Пржевальскийн орос уугуул иргэдийн сургуульд суралцжээ. Харамсалтай нь 1916 онд Хаант Оросын дэглэмийн эсрэг ард түмний бослогын улмаас Касым боловсролоо бүрэн гүйцэд дүүргэж чадаагүй байна.
1920 оны 5-р сард түүнийг "Жана Үрис" (Шинэ орон зай) сонины редакцийн зөвлөлд хэлтсийн эрхлэгчээр ажилд орохыг урьсан. Жилийн дараа буюу 5-р сард өвчний улмаас тэрээр Каракол дүүрэгтээ буцаж ирэв. Тэнд тэрээр анх жүжгийн зохиолчоор ажиллаж, Киргизийн анхны театрын хамтлагийг байгуулжээ.
Касым 1924 онд Ташкент хот дахь Казах-Киргизийн Боловсролын дээд сургуулийг төгссөний дараа 1923 оноос шинжлэх ухааны комиссын Киргиз хэлтэст ажиллаж байжээ. Шинжлэх ухааны комисс түүнийг Киргиз хүн амын дундаас багш нарыг дахин бэлтгэх сурган хүмүүжүүлэх курст суулгахаар Каракол хот руу илгээжээ.
1923 онд тэрээр араб цагаан толгой дээр суурилсан киргизийн цагаан толгойг шинэчилсэн бөгөөд үүнийгээ 1924 онд хэвлүүлсэн "Окуу Китеби" номдоо ашигласан бөгөөд дараа нь хэд хэдэн гарын авлага бичсэн. Дараа нь тэрээр киргиз хэлний араб цагаан толгойг латин цагаан толгойгоор, дараа нь кирилл цагаан толгойгоор солиход оролцсон юм.
1925 оны 8-р сараас 1927 он хүртэл тэрээр Осмонкул Алиевын залгамжлагчаар "Эркин-Тоо" (1928 онд "Кызыл Киргизстан" нэртэй болсон) сонины редактороор ажиллажээ. 1926 онд тэрээр Баку хотод болсон Түрк судлалын анхдугаар их хуралд оролцож, киргиз бичгийг латин цагаан толгойд шилжүүлэх талаар илтгэл тавьж байжээ.
1927-1930 онуудад тэрээр ЗХУ-ын Автономит Киргиз улсын Боловсролын Ардын комиссар (сайд)-аар ажиллаж байсан бөгөөд үүний зэрэгцээ 1928-1931 онуудад өөрийн үүсгэн байгуулсан "Жаны Мэдэният Жолунда" (Шинэ соёлын замд) сэтгүүлийн ерөнхий редактороор ажиллаж байжээ.
1937 оны 8-р сарын 1-нд түүнийг баривчилжээ. 8-р сарын 4-нд Фрунзе хотын хороо түүнийг шалтгаангүйгээр намаас хөөжээ. Түүнийг Социал-Туран намд харьяалагддаг, хувьсгалын эсрэг, үндсэрхэг үзэл санааг сурталчлан үзэл суртлын фронтод хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгаж, 1938 оны 11-р сарын 5-нд яллагдагчаар татаж буудан хороох ял өгөөд маргааш нь буюу 11 сарын 6-нд ялыг гүйцэтгэж буудан хороожээ.
Түүнийг 1957 оны 10-р сарын 1-нд ЗХУ-ын Дээд шүүхийн Цэргийн зөвлөл цагаатгасан.
Дурсгал
[засварлах | кодоор засварлах]- 1994, 1997 оны Киргиз улсын мөнгөн тэмдэгт 10 сомын дэвсгэрт дээр Касым Тыныстановыг дүрсэлсэн байдаг.
- Иссык-Куль Улсын Их Сургуулийг Касым Тыныстановын нэрэмжит болгосон.
- Бишкек хотын төв гудамж болон сургууль-гимнази нь Касым Тыныстановын нэрэмжит болсон.