Jump to content

Катализатор

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бага температурын урвалын катализатор нь нүүрсхучлийн моноксидийг бага хортой нүүрхүчлийн ди-оксидэд өрөөний температурт хувиргадаг

Катализаторууд нь урвалын хурдыг нэмэгдүүлдэг боловч өөрөө урвалын бүтээгдэхүүнд ордоггүй химийн бодисууд болно. Катализатор нь урвал хурдан явагдах боломжийг олгодог. Катализатор урвалд авсан бодистой харилцан үйлчлэлцэж завсарын бүтээгдэхүүнийг үүсгэдэг ч эцэстээ анхны байдалд эргэн шилжинэ. Энэ цикл олон дахин давтагдана.

Аммиакийн синтезд ашигладаг катализатор

[засварлах | кодоор засварлах]

Аммиакийн синтез катализаторын оролцоотойгоор явагддаг, учир нь катализаторгүй нөхцөлд аммиак үүсэх хурд маш бага байдаг. Төмөр, осми, рутени, молибден г.м. металлууд катализаторын үүргийг гүйцэтгэдэг. Эдгээрээс үйлдвэрлэлд төмөр катализаторыг өргөн ашигладаг. Удаан хугацаанд өндөр идэвхиэ алддаггүй, хямд, үйлдвэрлэхэд хялбар, катализаторын хоронд тогтвортой. Төмөр катализаторын найрлагад бага хэмжээний идэвхижүүлэгчийг нэмж идэвхийг нь дээшлүүлдэг. Жишээ нь: Al2O3 нэмэхэд өндөр температурт тогтвортой, өндөр идэвхитэй гадаргуутай болдог бол К2О ба CaO хувийн идэвхийг (катализаторын нэгж гадаргуун идэвхи) нэмэгдүүлж, харин хувийн гадаргууг бууруулдаг. Хөнгөн цагааны исэл нь аммиакийг катализаторын гадаргууд шингээх талтай байдаг бол калийн исэл эсрэгээр катализаторын гадаргуу дээрх аммиакийг зайлуулах нөлөөг үзүүлдэг. Судалгааны дүнд катализаторын AL2O3 агууламж 4%-с ихгүй байх ёстой ба CaO-н агууламж 3%-с их бол катализаторын дулаан тэсвэрлэх чадвар буурдаг нь тогтоогдсон.

Үйлдвэрлэлд AL2O3, K2O, CaO гурваар эсвэл AL2O3, K2O, CaO, SiO2 дөрвөөр идэвхижүүлсэн төмрийн катализаторыг ашигладаг ба сүүлийнх нь катализаторын хоронд илүү тогтвортой байдаг ч цэвэр азот-устөрөгчийн холимогоор ажиллах үед өмнөхөөс идэвхи багатай байдаг.

Аммиакийг исэлдүүлэхэд ашигладаг катализатор

[засварлах | кодоор засварлах]

Аммиакийн исэлдэлт хэд хэдэн чиглэлд явж болох учир шаардлагатай бүтээгдэхүүн болох NO-г гарган авахын тулд сонгон үйлчлэх катализаторыг ашигладаг. Паллади ба родийг агуулсан цагаан алтны (платин) хайлшаар үйлдвэрлэсэн цагаан алтан катализатор дээрхэд тохирно. Цагаан алтан катализаторыг 0,09мм диаметртэй металл утсаар сүлжиж хийсэн, 1см2 1024 нүхтэй тор хэлбэртэйгээр үйлдвэрлэдэг. ОХУ-д 4 жин.% паллади, 3,5 жин.% роди агуулсан цагаан алтан катализаторыг агаарын даралтанд ажилладаг төхөөрөмжид, 7,5 жин.% роди агуулсан цагаан алтан катализаторыг илүүдэл даралтанд ажилладаг төхөөрөмжид тус тус ашигладаг.

  • Аммиакийн технологи, Е.Я.Мельников. Орос хэлнээс хөрвүүлсэн, Даянбүүвэй. 2013 он.
  • Шинжлэх ухаан, техникийн үг хэллэгийн тайлбар толь, Даянбүүвэй. 2012 он.